8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлана

2020-04-22 14:57:57

Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв.

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл