Өнөөг хүртэл ихэнх улс орнууд зайн сургалтыг хэрэгжүүлэх туршлагыг хуримтлуулсан боловч дэлхийн хэмжээнд хөл хорионд орсон 1,5 тэрбум суралцагчдад хүргэж буй зайн сургалт хэр үр өгөөжтэй байгаа бол?
ЮНЕСКО-гийн Бодлого болон насан туршийн боловсролын тогтолцооны асуудал хариуцсан хэлтсийн дарга ноён Борхен Чакрун “КОВИД-19” сэдвээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 5 дахь вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Зайн сургалтын стратегийн үр өгөөж нь үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс - техникийн, агуулгын, сурган заах арга зүйн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний бэлэн байдлаас шалтгаалж байгааг” онцлон дүгнэсэн.
Дээрх дөрвөн хүчин зүйл нь зайн сургалтын хувилбарын хүртээмж, цахим агуулга үндэсний сургалтын хөтөлбөрт нийцэж байгаа эсэх, багш нарын сурган заах арга зүй нь зайн сургалтыг зохион байгуулахад бэлэн эсэх, эцэг, эх, асран хамгаалагчид зайн сургалтыг дэмжих чадамж байгаа эсэх, суралцагчдыг үнэлэх зарчим ямар байх зэрэг асуудлыг хамаарна. Зайн сургалтыг зохион байгуулах явцад үүсэх саад, бэрхшээл нь сургалтын тасралтгүй байдалд нөлөөлж, хичээлийн хоцрогдолтой сурагчдад хүндээр тусах магадлал өндөр байгааг вебинарт оролцсон 280 төлөөлөгч илэрхийлсэн байна.
Зайн сургалтыг хэрэгжүүлэх үе шат, гарах шийдлүүд
ЮНЕСКО-гийн Боловсролын секторын Боловсролын салбарын мэдээлэл, технологийн асуудлыг хариуцсан нэгжийн дарга Фенгчун Миао сургууль хаах шийдвэрт гурван үе шаттай хариу арга хэмжээ авах шаардлага байгааг дүгнэн хэлсэн. Эхний үе шат бол сургалтын үйл явцын тасралтгүй байдлыг хангахын хамтаар сэтгэл зүйн туслалцааг үзүүлэх технологийн шийдлийг тодорхойлох, хоёр дахь үе шатад хөл хорионы үеийн өдрийн шинэ хуваарийг гаргах, алслагдсан орон нутгийн сурагчдын оролцоог хангах, сургалтад нэмэлт сургалтын материал ашиглах шийдлүүдийг гаргах бол сүүлийн үе шат сургуулийг дахин нээх, боловсролын тогтолцоог илүү уян хатан, нээлттэй, технологийн шийдэл бүхий, ирээдүйд чиглэсэн байх ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн.
Улс, орнуудын туршлагаас
Хэмжээнээс үл шалтгаалан улс орнууд ижил төстэй олон бэрхшээлийг даван туулж байна. Тухайлбал, Армени улс зайн сургалтыг зохион байгуулах туршлагатай ч гэсэн 383,000 суралцагчдын 25 хувь нь компьютергүй тул Засгийн газраас бага орлоготой гэр бүлд компьютер олгох, олон нийтийн кампанит ажлыг эхлүүлэх, үүрэн холбооны компаниудтай яриа, хэлэлцээ хийж, “тэг” тарифтай интернет ашиглуулах арга хэмжээг авсан байна. Мөн тус улсын Боловсролын орлогч сайд хатагтай Занна Андреасиан цахим сургалтын агуулгад үндэсний сургалтын хөтөлбөрийг бүрэн тусгах, сурган заах арга зүйг нийцүүлэх арга хэмжээг авч байгааг дурдсан. Багш нарын 47 хувь мэдээлэл технологийн шийдлүүдийг хичээлдээ өмнө нь ашиглаж байгаагүй тул багш нарт зориулсан онлайн сургалтыг зохион байгуулж, мэдээллийн бааз ашиглах боломжийг олгосон байна.
Үүнтэй адил 2 сая суралцагчтай Канадын Онтарио мужийн 15,000 багш нар тус мужийн Боловсролын яамнаас зохион байгуулсан хоёр долоо хоногийн сургалтад хамрагдсан болохыг Онтарио мужийн Боловсролын орлогч сайд хатагтай Яэл Гинслер мэдээлсэн. Сургалтын гол агуулга нь математик, хэл бичиг болон шинжлэх ухааны хичээл, хичээлийн хуваарь болон хичээл тус бүрийн үргэлжлэх хугацааны талаар зөвлөсөн. Тус яам долоо хоног бүр үйлдвэрчний эвлэл, сургуулийн зөвлөлүүдтэй хамтран үүссэн нөхцөл байдал, асуудлаар зөвлөлдөж байгаа юм байна.
Зайны сургалтыг үнэлэх туршлагаас
Бүгд Найрамдах Солонгос Улсын англи хэлний багш, дунд сургуулийн сурагчийн ээж хатагтай Сэёон Ким сургалтын процесс нэг урсгалтай, сурагч заасан хичээлээс юуг ойлгож, мэдэж авсан мэдээлэл дутмаг байгааг дурдсан. Тэрээр “хүүхэд нь үнэхээр хичээлээ хийж байгаа эсэх дэлгэц ширтэн цагийг өнгөрүүлж байгаа эсэхийг эцэг, эх мэдэхгүй байна. Багшийн хувьд сурагч бүрт тогтмол үнэлгээ өгөх, хичээлийн хоцрогдолтой сурагчид давтлага өгөх хэрэгтэй”, мөн цахим сургалтыг зохион байгуулахад багш нарт дэмжлэг үзүүлж, сурагчдын суралцахуйг үнэлэх үнэлгээний тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж хэлсэн.
Их Британийн Нээлттэй их сургуулийн профессор Майк Шарплес бага болон дунд боловсролд зайн сургалтын үзүүлэх үр өгөөжийг судалдсан судалгаа бага байгааг тэмдэглэж, олон янзын гэр бүлийн орчинд хүлээн авч буй видео хичээлийн үр өгөөж уламжлалт танхимын сургалтын хэмжээнд хүрэхгүй тул сурагч бүрийн хэрэгцээнд чиглэсэн, хамтын, тодорхой зорилготой, сурсаныг дүгнэсэн багшийн үнэлэмжтэй заах арга зүйг ашиглахыг зөвлөсөн.