8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Түвшинжаргал үргэлжлүүлэн хоригдохоор болж, Хакүхо М.Даваажаргал сануулга авсан өдөр

2016-03-24 17:36:00

Хахир хүйтэн өвөл ард үлдэж, зуны дэлгэр цаг тун ойртсон энэ үед Сэлбийн шороотой ус урсах нь хавар цаг ирснийг өдөр бүр сануулах юм. Урин цаг ирэхээр яагаад хүн бүрийн сэтгэл гэгэлзэж эсвэл ганцаарддаг юм болоо. Учир нь хавар цаг зарим хүмүүст хайр авчирч, харин заримд нь уйтаг гуниг ганцаардалыг авчирдаг гэдэг дээ. Гэхдээ энэ зун бол монголчуудын хувь заяа хаашаа эргэх вэ гэдгээ сонгох “Чухал” сонгуулийн жил байх болноо. Сонгууль болох тун дөхөж байгааг хэлэх үү, өдөр ирэх тусам улс төр улам халуухан болж байна. Хаврын уйтай гунигтай өдрүүдийг “Улс төр”-л амь оруулж, уйтгар гунигийг сэрээж байна. Ингээд өнөөдрийн онцлох мэдээлэлүүдээ хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна.

Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

 Г.Түвшинжаргал: Ядаж сүүгээ саах аяга байхгүй жорлон руу сааж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг цагдан хориод долоо хонож байна. Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос их хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгаж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс 14 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал 11.00 цагт тус шүүхэд боллоо. Ингээд шүүхээс Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар мэдээлэл хүргэсэн. Тэрбээр өчигдөрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар энэ үеэр "Бид Г.Түвшинжаргалтай ганцхан удаа уулзсан. Өчигдөр очоод дахиад уулзах гэтэл нэг уулзсан бол болоо дахин уулзуулахгүй гээд ар гэрийнхнийг нь оруулаагүй. Миний үйлчлүүлэгч надад “дандаа шар будаатай адууны цувдаа идсээр байгаад хөх чинэрээд, хагараад байна. Ядаж сүүгээ саах аяга байхгүй жорлон руу сааж байна. Би одоо аргаа барлаа өлсгөлөн зарлалаа” гэж хэлсэн. Үнэхээр буруутай байсан бол өлсгөлөн зарлахгүй байсан. Хамгийн гол нь хүүхэд нь л өрөвдмөөр байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өлсгөлөн зарлахаасаа өмнө захидал илгээсэн байна. Захидлыг энд дарж бүрэн эхээр нь уншина уу.

200 хоног хилсээр хоригдсон Б.Мөнгөнтуяа төрөөс 38 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдсэн Л.Гансүх, "Эж Жи Эл Эс Би Ди” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр орой болж шүүх шийдвэрээ гаргалаа. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, В.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар оролцов.

Дээд шүүхээс Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.  Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан шийдвэр гаргасан юм.

Харин Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, 15 сая 360 мянган төгрөгөөр торгох ял ноогдууллаа ноогдуулж, үүнээс байцаагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгох ялын хэмжээг 6 сая 912 мянган төгрөг болгон өөрчилсөн шийдвэр гаргалаа.

Ийнхүү дээд шүүх шийдвэрээ гаргаж Л.Гансүх 3.6 жил хоригдохоор болж, харин Б.Мөнгөнтуяа цагаадлааИнгэснээр зургаан сар хууль бусаар хоригдсон төлбөрөө төрөөс нэхэмжлэх эрхтэй болж байгаа юм. Тодруулбал, Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой бөгөөд сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа юм.

Шүүх хурал дууссаны дараагаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос цөөн хэдэн асуултанд хариулт авлаа. Та тодруулгыг энд дарж үзнэ үү.

600 ахмадаас 53 ахмад сугалаагаар түрээсийн орон сууцтай болно

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж 350 айлын орон сууцны квотыг хувилан олгохоор болж бүртгэж эхэлсэн. Тодруулбал, ахмад настнууд 3-р сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол 3-р сарын 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлэх юм. Ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилж, бүртгэж дуусаад байна.

Харин өнөөдөр түрээсийн орон сууцад хамрагдах хүсэлтэй залуу гэр бүлийг бүртгэж байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 1150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өгсөн байна. Ахмадуудын материалыг нягтлан шалгаад сугалаанд оруулах аж. Бүртгүүлсэн 600 ахмадаас 53 ахмад сугалаагаар тодорч байртай болно гэсэн үг. Ахмадын хамгийн их дургүйцэж байгаа зүйл нь  тэтгэвэрийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцад хамрагдах боломжгүй гэдгийг хэлсэн. Өнөөдөр улс орон болон ахмад хөгшчүүд, залуус гээд бүгд цалин тэтгэвэрийн зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Үүнийг төр засаг харгалзахгүйгээр шууд л сугалаагаар тодруулна.

Сугалаа. Энэ үг монголчуудын чихэнд ойр сонсогдоод удаж байна. Төр засгийн удирдлагууд ч үүндээ гаршиж, монголчуудын амьдралыг азын шооны нүхээр шийдэхийг илүүд үзэх болов. 

Монголчуудын амьдралыг энэ мэтээр азын шооны нүхээр шийдсээр байх уу. Төр засаг нь төр засаг шиг байсан бол хаана яаж амьдрах, хүүхдээ хэрхэн цэцэрлэгт өгөхөө сугалаагаар шийдэхгүй л байсан байх.

 

 Хакүход сануулга өглөө

Японы мэргэжлийн сумогийн Харү башё Осака хотноо үргэлжилж байгаа. Башёгийн найм дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивэки Ёшиказэг дэвжээнээс гаргасан хойноо түлхэж улмаар Ёшиказэ Изүцү оякатагийн хөлөн дээр унажээ. Үүнээс болж Изуцү оякатагийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон аж.

Тиймээс сумогийн холбооноос “Өрсөлдөгчөө ялсан хойноо нэмж түлхэх, унагаах нь ямар хор уршигтайг Хакүход санууллаа.” гэсэн байна. Башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо озэки Кисэносатотай барилдах ба Кисэносато 10 даваатай башёг тэргүүлж байгаа бол Хакүхо 9 даваа, 1 унаатай удаалж байна.

Сэрэмжлүүлэг мэдээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч хэмээн иргэдийг залилжээ

Энэ сараас 20-25 орчим насны үл таних эрэгтэй өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” гэж танилцуулан хуурамч үнэмлэх үзүүлэн залин хийх болжээ. Тэрбээр өөрийгөө шалгалтаар явж байна гэх нэрийдлээр эмийн сангуудаас тодорхой хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан байна.  Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл Нийслэлийн Цагдаагийн газар  болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандахыг анхааруулсан юм. 

Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

 

Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой муур устгалын талаар хэлэлцлээ.
Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг юм. Нийслэлийн  9 дүүргийн Засаг даргын тамгын газар  золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна.  
НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолж байлаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  удаа дараа ирүүлжээ. 
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах  гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх  шаардлагатай байгаа учраас золбин нохой муур утсгах үнийг 12 000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эм хууль бусаар зарж борлуулсан хэргээр 37 хүнийг баривчилжээ

Хятадад  эм хууль бусаар зарж борлуулсан хэмээн сэжиглэж, 37 хүнийг баривчилсан байна. Тус улсын мөрдөн байцаагчид галзуу, гепатит В, саа зэрэг өвчний вакцины үнийг хөөрөгдөн зарж борлуулдаг том сүлжээг илрүүлсэн байна. Энэхүү сүлжээг зохион байгуулагчид нь ээж, охин хоёр байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тэднийг Шаньдун мужаас баривчилжээ.  Тэд 2011 оноос хойш үйлдвэрлэгчдээс худалдаж авсан эмээ хууль бусаар хар зах болон эмнэлгүүдэд худалдан борлуулсан байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тэд 88 сая ам.долларын эм худалдан борлуулжээ. Энэхүү сүлжээнд БНХАУ-ын 20 аймгийн хэдэн зуун иргэн татагдан оролцсон байна. Эдүгээ Хятадын цагдаа нар гурван гол эмийн компани болон олон эмийн санд хяналт шалгалт явуулж эхэлжээ. Улмаар нэг эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

 

Пестицид гэж юу вэ

 

Пестицид гэдэг нь хүнсний ногоо, ургамлыг хортон шавьжаас хамгаалах нэгтөрлийн химийн бодис бөгөөд дотроо олон янз байдаг.

Ургамлын гаралтай өвчин хортноос хамгаалахын тулд өнөөдөр тариаланчидпестицид хэрэглэж, хөрсийг нь нитратын бордоогоор бордох хандлагаихэсчээ. Тэгвэл тэдгээр нь хүний биед хортой юу?

Хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ.

 Жимс, ногоог боловсруулах явцад пестицидыг хэт замбараагүй хэрэглэсэн хүнсний ногоог сайн угаагаагүй, чанаж болгохгүйгээр хэрэглэснээр ногоо, жимсээр дамжин хүний биед ордог.Үүний улмаас биед эсийн мутац, хавдар үүсгэж, хорт хавдрыг эсэргүүцэх дархлааг сулруулдаг.Бие организмд хуримтлагдсан пестицид нь удаан хирнээ хорлонтойгоор эрүүл мэндийг сүйтгэж, бамбай булчирхайн өвчлөл үүсгэж, дархлааг сулруулж, уушиг, зүрхийг өвчлүүлж амьдрах хугацааг богиносгодог гол шалтгааны нэг гэдгийг аль хэдийн шинжлэх ухаан нотолсон байгаа.Тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгуулагагаас гаргасан(2016/3/15) дүгнэлтээс үзэхэд дэлхийн нийт хүн амын  1/4 нь агаарын бохирдол болон хөрсний бохирдолоос болж нас барж байгааг тогтоолоо. Учир нь 2012 оны хүн амын нийт нас баралтын 23% нь эрүүл бус байгаль орчинд амьдардаг эсвэл ажилладагын улмаас нас барсан болохыг ДЭМБ-аас мэдэгдээд байна.Тэгвэл ДЭМБ-аас мэдээлж буй хөрсний бохирдол хэрхэн үүсдэг вэ.

 

Нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарт химийн бордоог хэрэглэдэг. Бордоонуудаас хямд, хамгийн үр ашигтай нь азотын хүчлийн кальци, кали, аммонийн нэгдэл буюу нитратуудт юм. Эдгээрийг хөрсөнд тогтмол хэрэглэснээр ургамлын тодорхой хэсэгт хуримтлагддаг онцлогтой.Нитратууд хэдийгээр аюултай, хортой давсанд орохгүй ч гэсэн ургамал, ногоо, жимсний исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг.Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг.Түүнээс гадна хүнсний ногоо, жимс, үр тариан дахь нитратууд нь чийгтэй дулаан орчинд юмуу хоол боловсруулах явцад бүдүүн гэдэсний микрофлорын үйлчлэлээр нитритын нэгдлүүд болж хувирна. Эдгээр нь хүний биед их хэмжээгээр орсон тохиолдолд бие сульдах, нойр хүрэх зэргээр хордлогын анхны шинж тэмдгүүд илэрнэ.Хэдэн цагийн дараагаас дотор муухайрах, огиулах, бөөлжих, гүйлгэх, элэг томрох, өвчин орж хөндүүрлэх зэргээр хурц хордлогын шинж илэрнэ. Мөн үүнээс ч ноцтой хордох магадалтай. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment