Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар өнөөдөр /2020.11.3/ мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өчигдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлжээ. Шинэ журмын хүрээнд цахим жор бичилт хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд буруу зөрүү ойлголт үүссэнийг газрын дарга Л.Бямбасүрэн хэллээ. Түүнчлэн үүссэн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа гэв.
Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт сарын эхний нэг, хоёр өдөрт дуусдаг хуучин байдал давтагдахгүй. Санхүүжилтийг нь тодорхой хэмжээнд нэмүүлсэн гэлээ.
Цахим жор бичихийн тулд иргэдийн хурууны хээг ашиглаж буй нь гэртээ асаргаанд байдаг, гадуур явахад хүндрэлтэй, эм тогтмол байнга хэрэглэх шаардлагатай иргэдийн хувьд асуудал үүсгэж байгааг хэвлэлийнхэн асууж тодрууллаа.
Тус газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил хэлэхдээ “Хөнгөлөлттэй эмийн жорыг цахим бус байдлаар бичиж өгдөг байхад зөрчлүүд удаа дараа гардаг байсан.
Эрүүл мэндийн байдлын улмаас хэвтэрт байдаг өвчтөн, асаргаанд байдаг өндөр настай иргэд хурууны хээгээ уншуулж эмийн жор бичүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн судалгаа, мэдээллээ харьяа Өрхийн эрүүл мэндийн үндэсний төвдөө гаргаж өгөх ёстой.
Өнөөдрийн байдлаар хурууны хээгээ уншуулах боломжгүй гэртээ асаргаанд байдаг 19,600 иргэний мэдээлэл Өрхийн эрүүл мэндийн төвд бүртгэгдээд байна. Иргэд Эмийн сан дээр очиж хурууны хээгээ уншуулна гэсэн ташаа мэдээлэл гараад байна. Эмийн сан дээр хуруу уншуулахгүй. Анхан шатанд буюу жор бичих үед хурууны хээ шаардаж байгаа.
Хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх 6500 эмчид олгосон. Тэдгээр эмч нар А,В,С,D ангиллын эмийн жорыг олгоно.
А,В ангилал гэдэг нь хөнгөн үед нь өрх, сумын анхан шатны түвшинд эмчлэх боломжтой өвчлөл бол C,D ангилал нь даамжирсан ч амбулаториор эмчлэх боломжтой өвчлөлийг хэлдэг гэж газрын дарга тайлбарлалаа