8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ эхэлнэ

2021-03-10 10:30:00

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ажлын байрыг дэмжих" хоёр их наяд болон "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй болохыг онцолсон юм.

Хаврын тариалалт, ноолуур бэлтгэлийн ажил эхлэхээс өмнө хөнгөлөлттэй зээл олгоно

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Харин малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох юм. Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгохоор холбогдох бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгааг сайд З.Мэндсайхан хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment