8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Насанд хүрээгүй хүүхдүүд баатарлаг үйлс бүтээж, ээлжит баривчилгаа үргэлжилсэн өдөр

2016-04-01 18:45:00

Хавар цаг ирэхээр  эрс тэс уур амьсгалтай манай оронд халуун хүйтэн хоёр агаар зөрчилдөн тэмцэлдэж, нэг дулаараад л, нэг хүйтрээд л байдаг нь жам. Түүнийгээ дагаад хүн зоных нь сэтгэл санаа ч гэсэн нэг л хуйсгануур, олон ааштай, өөрөөр хэлбэл Синдромын шинжтэй болж эхэлдэг. Ядаж байхад энэ жил Сонгууль болно.   Сонгуулийн өмнөх яриа хөөрөөнүүд хаврын тэнгэрийн ааштай адил синдромын хэлбэртэй болж эхэлж байна уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Зарим нь өлсгөлөн зарлана, зарим нь нэр дэвшинэ хэмээн цээжээ дэлдэж байна. Зарим нэр дэвших гэж горилогч УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо тайлж шидэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ мэт их улс төржилт сонгууль дөхөх тусам хурцдах шинжтэй. Ингээд өнөөдрийн тойм мэдээлэлээ нэг дороос унших боломжтой сонирхолтой бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг 301.6 тэрбум хэрэгт холбогдуулан баривчилсан уу

Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас баривчилсан талаар мэдээллэсэн. Р.Эрдэнэбүрэнг хуулийнхан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Тэрбээр   2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн  зөвлөхөөр ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. Үүний дараа 2012 онд  Лондонгийн  Каплан Инт коллежид суралцаж ирээд 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаа томилогдон ажиллаж байсан.Р.Эрдэнэ­бүрэн 1974 онд төрсөн бөгөөд 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд   МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж. 

Р.Эрдэнэбүрэнг яагаад саатуулан шалгах болов

АН-ын ирээдүйтэй залуусын нэг,олны хараанд төдийлөн өртдөггүй Р.Эрдэнбүрэн ямар хэргээр саатуулагдсан одоогоор тодорхойгүй байна.  тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нөгөө алдарт "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу

“Аманд орсон шар тосыг” шороотой хутгачихаад одоо шороон дээр бүжиглэх хэрэггүй

Өчигдөр Төрийн ордонд “Сургамж, сорилт шийдэл” уриан дор “Монголын эдийн засгийн чуулган”-ы  өдөр боллоо. Сүүлийн өдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд ч мөн үг хэлж хаалт хийлээ. Энэ үеэр өмнө нь гарч байгаагүй нэгэн үзэгдэл боллоо. Тодруулбал, Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л. Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж олныг шуугиуллаа.

Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр Л.Наранбаатар түүн рүү оймс шидэхийг завдаж, "Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор" хэмээн хашгирсан. Түүний энэ үйлдэлийг УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгсөн байна.

 Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юмаа энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг юм ш дээ" хэмээн даапаалсан янзтай хэлж харагдана. Хэдийгээр бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч Л.Наранбаатарын энэ үйлдэл танхайрах үйлдэл бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Тийм учраас УИХ-ын даргын биед халдахыг завдсан гэдгээрээ энэ үйлдэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг билээ. Тэрбээр хуулиа дээдлэн үргэлжлүүлэн байцаалт өгнө хэмээн жиргэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.

"Оймс"-ны талаар хэн юу хэлэв

Төр засгийн шоунд оймс нэлээд үүрэг гүйцэтгэжээ. Тодруулбал 2012 оны 4 сарын 12-ны өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж, оймсыг нь гозолзуулан хорих руу авч явсан түүхтэй. Энэ үйл явдлын дараагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ц.Нямдорж гишүүн  “Оймсонд хавчуулагдан УИХ-д үсрэн орж ирсэн нөхөр” хэмээн хатуухан шүүжилж, оймс нэр авч байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд руу Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар оймс шидэж нэгэн түүх шинээр нэмлээ. Зарим хүмүүс энэ үйл явдалыг Л.Наранбаатарын сонгуулийн шоу хэмээн харж байна. Энэ талаар жиргээчид юу хэлэв. Энд дарж үзнэ үү.

“ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Равдандоржийг баривчиллаа

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Равдандоржийг өнгөрсөн шөнө Авилгатай тэмцэх газраас баривчилжээ. Түүнийг онц их хэмжээний авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан байна.  "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа авилга авсан байж болзошгүй байгаа аж. 

Дөрвөн хүү шатаж буй гэрийн галыг унтрааж, 58 настай иргэний амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр шатаж 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан. Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна.

Танд хэрэгтэй мэдээлэл

Элэгний эмийг өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй үнээр авч эхэлнэ

Элэгний В, С болон хавсарсан өвчний эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр өнөөдрөөс олгоно.  В вирусийн эсрэг "Тенофовир”, “Телбивудин”, мөн бусад вирусийн эсрэг “Ламивудин”, “Рибавирин”, “Интерферон” гэсэн эмүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь хөнгөлж байгаа юм.  "Тенофовир” эмийг 220 орчим мянган төгрөгөөр худалдаалдаг. Тэгвэл эрүүл мэндийн даатгалд хамруулснаар иргэд 1200 төгрөгөөр авах боломжтой болно. Эмээ авахын тулд холбогдох шинжилгээнүүдээ өгнө мөн  эм уух, эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн бичиг авч, харьяа өрхийн эмнэлэгтээ хандана. Ингээд өрхийн эмнэлгээс эмийн хөнгөлөлтийн бичгээ авч эмийн санд очих юм.

Өнөөдрөөс эхлэн загас барихыг хориглолоо

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмээг хоёр дахин, хуулийн этгээдийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Загас агнаж буй эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцана. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм.

Өнөөдрийн үйл явдлын тойм:

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-нд эхэлсэн. Орон сууц түрээслэх иргэдийг долоон бүлэгт хувааж бүртгэсэн. Өчигдөр өрх толгойлсон иргэдийг бүртгэснээр долоон бүлгийн бүртгэл дууссан юм. Харин өнөөдөр бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэлээ.

- Сонгууль  дөхөж горилогчид дуулах нь дуулж бүжиглэж, зарим нь бүр нэгэнрүүгээ гутал хүртэл шидэж, тэрийг нь сонгуулийн шоу хэмээн тайлбарлаж байна. Өчигдөр гэхэд Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа намын туг, гишүүд дэмжигчдийнхээ өмнө өвдөг сөгджээ. Тэрбээр шударга ажиллахаа илэрхийлэн өвдөг сөгдсөн гэнэ. Өчигдөр Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол консерватив намууд нэгдэж "Үндэсний Сэрэлт эвсэл" байгуулж буйгаа албан ёсоор зарласан ёслолын үеэр болжээ.

Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа "Авлигачдаас салах гэж Монгол сэрнэ. Авлигачдаас салах гэж ард түмэн сэрнэ. Яг одоо тэнгэрийн хур эх орныг минь сэрээж байна. Хонхны дуунд бид 26 жил унтлаа. Сэрээрэй Монголчуудаа сэрцгээе" хэмээгээд тайзан дээр сөгджээ.

- Өнгөрсөн сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Хандгайтын аманд чоно айлын хот руу дайрч, нохойг нь хазаад, улмаар хоёр иргэн, мөн мал руу дайрч хазаж гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг чоныг хүрзээр цохиж алсан бөгөөд Нийслэлийн мал эмнэлгийн газраас уг чононд шинжилгээ хийгээд, галзуу өвчтэй байсныг нь тогтоожээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
elegni em Tenoforin gedeg em ni huuchin une 220.000 baisan yumuu odoo teged emchiin bicheigtei bol 1200han tug abanaa saiahn medee baiana yag unen uu
2016/04/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment