-12o
Улаанбаатар хот
mobile menu

МЯНГАНЫ ЗОРИЛТОД БАГТСАН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ БОДЛОГО МОНГОЛД

2015-08-19 09:34:00

2000 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцсон 189 орны төр засгийн тэргүүнүүд “Мянганы тунхаглал” баталсан нь урьд хожид тохиогоогүй онцлох үйл явдал байлаа. Шинэ мянганы босгон дээр “Дэлхийн Засгийн газар” НҮБ-аас гаргасан энэ тунхаглалыг “Даян дэлхийд энх тайван, шударга ёс тогтоож, эв найртайгаар хөгжиж цэцэглэе” гэсэн улс орнуудын амлалт гэж энгийнээр ойлгож болно.

Үүнээс нэг жилийн дараа. Дээрх амлалтуудыг хэзээ, яаж, аль түвшин хүртэл бодит үр дүн болгон хэрэгжүүлэхийг тодорхой заасан “Мянганы хөгжлийн зорилтууд” хэмээх баримт бичгийг 2001 онд НҮБ-аас баталсан юм. Дэлхийн 188 орны хамт Монгол Улс ч 2001 онд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэх амлалт авсан билээ.

 НҮБ-аас дэвшүүлсэн зорилтуудыг хөгжлийн харьцуулах үзүүлэлт болгон 2005 онд манай улс “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-ыг баталж, 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гаргасан юм. Ингэснээр манайх “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг төрийн бодлогодоо тусгасан анхны орнуудын нэг болж байв.

Олон улсын өмнө хүлээсэн амлалт үүргээ биелүүлэх, өөрийн орны асуудлуудаа шийдэх цогц бодлого 9 зорилго, 22 зорилттой. Бодит үр дүн гаргасан байх босго хугацааг 2015 он, 2021 он хэмээн үечилж, амлалтаа хэрхэн биелүүлж байгаагаа 2 жил тутамд НҮБ-д тайлагнадаг.

2015 он. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар үр дүн гаргав гэдгээ эргэн харж, үнэлж цэгнэх үе ирээд байна. “Мянганы хөгжлийн зорилтууд”-д хүн амын эрүүл мэндтэй холбоотой хамгийн олон зорилт тусгагдсан байдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 үндсэн зорилгын 3 нь “хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх” юм. Энэ удаад СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ зорилтын хэрэгжилтийн байдлаас танилцуулъя. Үүний тулд сүрьеэтэй тэмцэхийг НҮБ юуны учир тусган чухалчлав, яагаад дэлхийнхний тэргүүн зорилгын нэгд багтав гэдгийг тайлбарлая.

ӨНГӨРСӨН ЗУУНУУДАД СҮРЬЕЭГ “ЦАГААН ТАХАЛ” ГЭЖ НЭРЛЭЖ БАЙВ

2000 жилийн өмнө эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нийтлэг тохиолддог нэгэн өвчний талаар тодорхойлон бичсэн нь өнөөгийн бидний нэрлэдгээр “сүрьеэ” байв. Энэ өвчин 80 мянган жилийн тэртээд амьтнаас хүнд анх халдварласан болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэр дундаа Энэтхэг, Хятад, Грек, Ром зэрэг олон хүн амьдарсаар ирсэн нутгуудад сүрьеэ өвчин илүү тархаж байсныг шарил бунхны олдворуудаар баталсан байдаг.

Харин сүүлд XIX зуунд Европын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон тул энэ өвчнийг “Цагаан тахал” хэмээн нэрийдэж байв. Их дэгдэлтийн энэ үед буюу 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээснээр хүн төрөлхтөн эмчлэх аргаа олжээ. XX зууны эхэнд сүрьеэгийн эмчилгээ, судалгаа эрчимжиж, 1921 онд вакцин гаргаж авсан түүхтэй.

Сүрьеэгийн нян тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног амьдрах чадвартай, гадаад орчинд маш их тэсвэртэй. Хүчилтөрөгчтэй орчинд өсч үрждэг, нарны хэт ягаан туяа болон халуунд устдаг. Сүрьеэгийн нян хүний биеийн ямар ч эрхтнийг дарангуйлж болох ч ихэнхдээ уушгийг гэмтээдэг. Хотжилтыг дагасан ядуурал, орчны бохирдол, архи тамхи болон антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэн 1980-аад оны сүүлчээр дахин хүчтэй дэгдэж, 1990-ээд он гэхэд дэлхийн хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэж ДЭМБ тооцоолсон байдаг.

СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХИЙГ ДЭЛХИЙНХЭН МЯНГАНЫ ЗОРИЛТДОО БАГТААВ

Дэлхийнхний өмнө тулгарсан дээрх нөхцөл байдлаас үүдэн НҮБ-аас “Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 он гэхэд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.

Энэ дагуу ДЭМБ-аас 1991 онд сүрьеэтэй тэмцэх шинэ бодлого дэвшүүлсэн нь “Шууд хяналттай богино хугацааны эмчилгээ” байв. Олон улсад ДОТС гэсэн англи үгийн товчлолоор нэршигдсэн эмчилгээний энэ горим нь сүрьеэг архагшуулалгүй эдгээхэд чиглэжээ. Эмчилгээг удаашруулж цалгардуулбал сүрьеэгийн нян эмэнд дасч архагшин, цаашид эдгээх, эмчлэхэд улам төвөгтэй болдог.

Төвөгтэй гэдгийг тоо баримтаар нотолъё л доо. Эмэнд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөнг хоёр сарын дотор ч эмчилнэ, зардал нь 20 ам.доллар, 100 хувь эдгэрнэ. Харин эмнэлгийн нэршлээр олон эмэнд тэсвэртэй архагшсан сүрьеэг 18-24 сарын турш эмчилж байж нянг дарна. Нэг курс эмчилгээний зардал 3000 ам.доллар, эмчилгээний амжилт дэлхий дахинаа 80 гаруй хувь. Бүр хүндэрсэн буюу маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 жилээс дээш хугацаанд эмчийн хатуу хяналтанд эмчилж байж үр дүн гарна.

10000-12000 ам.долларын зардал гаргадаг ч энэ хэлбэрийн сүрьеэгийн ихэнх тохиолдол нас баралтад хүргэдэг. Ийм л учраас сүрьеэг архагшуулж хүндрүүлэхгүй байхад ДЭМБ, эмнэлгүүд хамаг хүч анхаарлаа хандуулдаг болсныг өмнө дурьдсан.

Хэдийгээр эмчилгээний ийм шинэ арга гарч, сүрьеэг бүрэн эдгээдэг болсон ч өвчтөнүүдийн цалгар, тэвчээргүй байдлаас шалтгаалан эмэнд тэсвэртэй хэлбэр буурахгүй байв.

Иймд НҮБ-аас “Сүрьеэгийн тархалтыг хумих нь дан ганц эрүүл мэндийн салбарын биш нийгмийн асуудал учраас бүх салбарынхан оролцох шаардлагатай” гэж уриалав. Үүнийгээ лоозон биш бодит ажил хэрэг болгохын тулд дэлхий даяарх сүрьеэгийн оношилгоо, эмчилгээг уялдуулах механизм бүрдүүлж өгөв. 2001 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, үйл ажиллагааг нягт уялдуулах санаачилга гаргаж, энэ дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо “Глобаль сан” нэртэй олон улсын байгууллага байгуулжээ. Тус сан дээрх гурван өвчинтэй тэмцэх хөрөнгө босгож, тархалт өндөртэй, бага дунд орлоготой улс орнуудад санхүүжилт өгч эхлэв. Сангаас өнөөдрийг хүртэл 140 оронд 700 гаруй зорилтот төслийг 25 тэрбум ам.доллараар санхүүжүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй ДОХ-ын болон хумхаагийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 1/4, сүрьеэгийн 1/3 хувийг эзэлсэн дүн юм. Үр дүнд нь 1990-2013 онд сүрьеэгийн нас баралт 45 хувь буурсан нь түүхэнд гарч байгаагүй өндөр үзүүлэлт болов. 2014 оны байдлаар энэ сангийн санхүүжилтээр 7.3 сая хүн ДОХ-ын ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж, 12.3 сая хүн сүрьеэгээр оношлогдож, 10 сая нь эмчлэгдэж, хумхаагийн нас баралтыг 26 хувиар тус тус бууруулж чаджээ.

Одоо жил бүр 9 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилж, жилд 1.5 сая хүн буюу өдөр бүр 4000 гаруй хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Сүрьеэгийн нийт тохиолдлын 80 хувь нь 23 оронд, тэднээс Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонез, Пакистан, Филиппин гэсэн Ази тивийн 6 оронд 50 хувь нь оногддог. Эмчлэхэд төвөгтэй “эмэнд дасалтай сүрьеэ”-гийн дэлхий дээрх нийт тохиолдлын дийлэнх нь мөн Азийн бүс нутагт ногдож байна.

СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТ МОНГОЛД

ДЭМБ-ын тогтоосноор Номхон далайн баруун бүсийн 37 орноос Кампучи, Филиппин, Вьетнам, Хятад, Лаос, Шинэ Гвиней, Монгол зэрэг 7 оронд сүрьеэ өндөр тархалттай байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монголд жилд 4200 хүн өвддөг бол 270 сая хүн амтай АНУ-д ердөө 12 мянган хүн өвчилдөг, 20 сая хүнтэй Австрали улсад сүрьеэгийн хүндэрсэн хэлбэр ганцхан илэрч байна.

Бидний хөрш хоёр оронд энэ өвчин элбэг байгаа нь манай улс дахь халдвар, тархалтад нөлөөлдөг гэнэ. БНХАУ архаг сүрьеэтэй 2.5 сая хүнтэй бол ОХУ Европын бүс дэх сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг.

Дотоодын судалгаагаар Монголын хүн амын нас баралтын шалтгааны 6-рт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын 1-рт сүрьеэ нэрлэгддэг. Өвчлөгсдийн 60 хувь нь уушигны сүрьеэтэй байгаа нь ханиад томууны адилаар ярих, ханиах, найтаахад агаараар дамжин нэгээс нөгөөд халдварлах эрсдэл дагуулдаг. Одоогийн байдлаар манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна.

СҮРЬЕЭ ӨВЧИН ХОТОД ИЛҮҮ ТАРХАЛТТАЙ БАЙНА

Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийгдэж байна. Энэ нь Монголын хувьд энэ чиглэлийн хоёр дахь том судалгаа ажээ. Анхны ийм судалгааг 50-аад жилийн тэртээ Орос ах нарын дэмжлэгээр хийж байв.

Эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүд хагас зууны өмнөхтэй зүйрлэмгүй сайжирсан ч хотжилтыг дагаж үүсдэг нийгмийн өвчин сүрьеэ өнөөгийн Монголд хэр тархалттай байгааг тодруулах нь дээрх судалгааны зорилго. Хоёр жил дамнасан энэ удаагийн судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Монгол Улсын Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байгаа аж.

Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн хөдөөгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, одоогийн байдлаар томоохон хот, суурингуудын 78 нэгжид 40 мянган хүн хамруулаад байна. Судалгааны явцад анхаарал татсан нэгэн дүн гарсан нь хотынхны дундах сүрьеэгийн тархалтын байдал.

2014 оны байдлаар сүрьеэ өвчний 4172 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 12.5 хувийг эзэлжээ. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 гаруй хувь Улаанбаатар хотод, тэр дундаа хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт илүү тархалттай байна. Өвчлөгсдийн 70 хувь нь 16-44 насныхан, өвчний тохиолдлын 60 хувь нь агаараар дамжин халдварладаг уушгины сүрьеэ байна.

Хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насныхны дунд сүрьеэ өвчин тархалт өндөртэй байгаа нь эрүүл мэндийн төдийгүй нийгмийн анхаарал татсан асуудал юм.

Энэ өвчний тархалтыг ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, агаарын болон хөрсний бохирдол, архи тамхины хэрэглээ улам дэврээдэг.

МОНГОЛЧУУДЫН СҮРЬЕЭТЭЙ ЗАРЛАСАН ДАЙН

Сүрьеэгийн халдварын тархалтыг 50 хувь бууруул гэсэн НҮБ-ын даалгавар биелүүлэх ажил Монголд 2003 оноос эрчимжжээ. Өмнө нь 1994-2000 онд ДОТС-ын цогц бодлогыг нутагшуулсан “Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж, оношилгооны лабораторийг улсын хэмжээнд сэргээсэн ч Монгол Улс зах зээлийн шилжилтийн шуурганд сөхөрч, эрүүл мэндийн салбар гал унтраах зарчмаар ажиллаж байсан үе тул хөрөнгө санхүү ихээхэн шаарддаг сүрьеэгийн өвчлөлд олигтой ахиц гарахгүй байв.

Иймд салбарын мэргэжилтнүүд ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүсч, төсөл бичин илгээжээ. “Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” нэртэй анхны төсөл 2003 онд 100 гаруй орны 300 гаруй төслөөс шалгарагсдын тоонд багтаж, 1.7 сая ам.долларын санхүүжилт авч чадсан байна. Үүнээс хойш сүрьеэтэй тэмцэх чиглэлээр 5 удаагийн төсөлд Глобаль сангаас нийт 27 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Одоо сүрьеэгийн тусламж үйлчилгээнд үндэсний хэмжээнд зарцуулж байгаа хөрөнгийн 1/3 хувийг Глобаль сангаас гаргаж байна.

Санхүүгийн энэ дэмжлэгийн үр дүнд өмнө нь манай эрүүл мэндийн салбар “хүч хүрдэггүй” байсан архаг буюу албан нэршлээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэг Монгол Улс 2006 оноос эхлэн оношилж, эмчилж чаддаг болжээ. 2014 оны байдлаар сүрьеэгийн нас баралт 1996 оны түвшнээс 2.5 дахин буурч, 100.000 хүн ам тутамд 1.9 болсон нь бүсийн зорилтод хүрсэн үзүүлэлт юм байна. Түүнчлэн, одоо сүрьеэгээр өвчлөгсдийн 85 хувийг Монголын эрүүл мэндийн салбарынхан бүрэн эдгээж байна. НҮБ-аас дэвшүүлсэн “2015 он гэхэд сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 82 хувьд хүргэх” олон улсын зорилтыг Монгол Улс 2009 оноос хойш биелүүлж байгаа гэнэ. Эмчилгээний энэ амжилтаараа манай улс бүс нутагтаа тэргүүлдэг байна. Харин сүрьеэгийн өвчлөлийг 2015 он гэхэд 100,000 хүн амд 100-д хүргэх зорилтод нэмэлт арга хэмжээ авснаар хүрэх боломжтой гэж НҮБ-д гаргадаг тайланд тусгажээ. Манай улсын агаар, хөрсний бохирдол, ажилгүйдэл ядуурал, шилжилт хөдөлгөөн зэрэг нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан сүрьеэгийн өвчлөлийг хумихад төдийлөн амаргүй байна.

Сүүлийн үед “сүрьеэ эдгэрдэг өвчин” гэж эмч мэргэжилтнүүдийн ярихыг та сонссон л байлгүй. Цаашид Монгол Улс сүрьеэгийн илрүүлэлтийг 70 хувь, эдгэрэлтийг 85 хувиас дээш хэмжээнд үргэлжлүүлэн барих зорилт тавьж байна.

Сүрьеэг эдгээж чаддаг болоход олон улсын жишигт хүрсэн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж хамгийн чухал үүрэг гүйцэтгэжээ. Манай улс 1994 оноос өмнө сүрьеэг гаднаас нь рентгенээр харж оношилдог байсан бол одоо улс даяар ДЭМБ-ын зөвлөмжид нийцсэн орчин үеийн өндөр хүчин чадлын лабораторийн сүлжээтэй болсон байна. 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлгийн лабораториудаас гадна хорих 429 дүгээр анги, орон гэргүй иргэдийг эмчилдэг Энэрэл, зарим том сумын эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ оношилгооны тасгууд байгуулжээ. Улсын хэмжээнд ажиллаж байгаа сүрьеэгийн 36 лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилж, эмч мэргэжилтнүүдийн 80 хувийнх нь мэргэжил, ур чадварыг дээшлүүлснээр сүрьеэтэй хүн хот хүрээ явж, хэдэн жил сараар эмнэлэг бараадан зардал чирэгдэлд дарагддаг байдал аль хэдийнэ халагджээ.

Сүрьеэгийн оношилгоо эмчилгээний дээрх дэд бүтцээс гадна сүрьеэгийн эмийг үнэ төлбөргүй болгосон нь НҮБ-ын хамгийн чухал дэмжлэгийн нэг яах аргагүй мөн. 2003 оноос хойш жилд 336 мянган ам.долларын эмийн хангамжийг олон улсын байгууллагаас хийж, сүрьеэгээр оношлогдсон бүх өвчтөнд 100% үнэ төлбөргүй олгож байна. Өнөөг хүртэлх 12 жилийн хугацаанд нийт 4.7 сая ам.долларыг зөвхөн сүрьеэгийн эмийн санхүүжилтэд зориулан Глобаль сангаас гаргажээ.

 Үүнээс гадна сүрьеэтэй өвчтөнд гэрээр эмчилгээ хийх, эмийг нь хүргэж өгөх, эмчилгээнд ирэхэд унааны мөнгө олгох, гэрээт зоогийн газраар дамжуулан хоолтой эмчилгээнд хамруулах гэх мэт зорилтот бүлэгт чиглэсэн эмчилгээ, сувилгааг тогтмолжуулжээ. Зорилтот бүлэг гэдэг нь архаг хууч өвчтэй, амьжиргааны түвшин доогуур, эрсдэлт бүлгийн хүмүүс юм. Энэ бүлгийнхний дунд сүрьеэ өндөр тархалттай учраас тэдэнд ийнхүү тусгайлан анхаардаг гэнэ. “Тусгайчууд” өдөр бүр эмнэлэгт ирж эм уудаггүй, өөрсдөд нь даалгавал заавар дагадаггүй гээд төвөг бэрхшээл ихтэй учир тэдэнд очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажилтнуудыг хүртэл сургаж мэргэшүүлсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тусгайлан сургасан 175 сайн дурын идэвхтэн сүрьеэтэй өвчтөнүүдтэй тулж ажиллаж байна.

ЭРҮҮЛ ХЭВШИЛТЭЙ БОЛ ЭНЭ ӨВЧНӨӨС АЙЛТГҮЙ

Сүрьеэг хотын соёл, амьдралын хэв маягийн индикатор гэж хэлж болно. Энэ ч утгаараа нийгмийн халдварт өвчин гэж нэрлэгддэг биз. Сүрьеэгээр өвчилсөн иргэн хотын гудамжинд нус цэрээ хаяхгүй, олон нийтийн газар задгай ханиаж найтаахгүй бол бусаддаа халдвар тараахгүй. Орчноо бохирдуулахгүй, архи тамхи хэрэглэхгүй байвал эрүүл иргэд нь шинээр өвчлөхгүй. Үүний зэрэгцээ шинэ төрсөн хүүхэддээ хоёр хоногийн дотор, дараа нь 8 настайд нь сүрьеэгийн вакцин тариулахыг мартаж болохгүй. Вакцин тариулсан хүн сүрьеэгээс 90 хувь хамгаалагдана.

Сүрьеэ хэнд ч халдаж болно. Гэхдээ халдвар авсан хүн болгон өвчлөх албагүй. Дархлаа сайтай бол сүрьеэгийн нянг идэвхжүүлэлгүй, насан туршдаа ч биедээ “дарангуйлан” хадгалж болдог байна. Харин 14 хоногоос илүү хугацаагаар ханиалгаж, цустай цэр гарч, шалтгаангүй ядарч турвал эмнэлэгт яаравчлан хандах хэрэгтэй. НҮБ-ын даалгавар, олон улсын байгууллагуудын үр шимээр сүрьеэгийн тусламж үйлчилгээ авахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Иймд иргэн бидэнд хотын соёл, хариуцлагатай зуршил л хэрэгтэй. Тийм байж чадвал хотынхонд халтай сүрьеэ өвчин биднээс хол байна.

 

М.Молор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232