7o
Улаанбаатар хот
mobile menu

“СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ”

2016-03-24 14:43:00

   “3 дугаар сарын 24” энэ өдрийг дэлхийн улс орнууд 1998 оноос хойш  “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Жил бүр ДЭМБ-аас тодорхой уриатайгаар тэмдэглэсээр ирсэн бол энэ жил “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна. Сүрьеэгээс сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг ДЭМБ-аас онцолсоор байна.

Статистик мэдээлэл:

   2015 оны статистик мэдээгээр сүрьеэгийн нийт 4270шинэ тохиолдол, түүний дотор халдвартай хэлбэрийн сүрьеэ 1814 бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 9 орчим хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, 67 хувийг ид хөдөлмөрлөх 15-44 насныхан55.3%-ийг эрэгтэйчүүд, 44.7%-ийг эмэгтэйчүүдтус тус эзэлж байна. 2015 онд эдгэрэлтийн түвшин 79.5 хувь, эмчилгээний амжилт 84.3% байна.

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин:

  Хүн амын эмнэлэгт хандалт, сүрьеэ өвчний талаарх мэдлэггүй байдал, эмээ тогтмол хугацаанд эмчийн зааврын дагуу уухгүй байх, гэр бүл, найз нөхдийн зүгээс сэтгэлзүйн дэмжлэггүй байдал нь эмэнд дасалтай сүрьеэтэй болоход хүргэж байна. 2013 оноос эмэнд тэсвэртэй сүрьеэг 2 цагийн дотор оношилж байгаа бөгөөд 2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 243 шинэ тохиолдлыг оношилж, үүнээс 207 буюу 85.2 хувийг эмчилгээнд хамруулж, эмчилгээний амжилт 62.2% байна /Эх сурвалж: 2015 он, ХӨСҮТ/.

    Монголд өнөөдөр сүрьеэ өвчнийг үнэ төлбөргүй эмчилж байгаа. Гэхдээ эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх эмийн зардал өндөр, эмчилгээний хугацаа урт (18-24 сар), гаж нөлөө ихтэй зэрэг нь манай орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ихээхэн дарамт учруулж байна. Тухайлбал эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 1 өвчтөнг эмчлэх эмийн үнэ дунджаар 3 сая төгрөг, ийм 10 өвчтөнг эмчлэхэд 30 сая төгрөг зарцуулж 60% буюу 6 өвчтөнг эдгэрүүлж болох юм гэж үзвэл 1 өвчтөнг 5 сая төгрөг зарцуулж эдгэрүүлж байгаа бөгөөд энэ тооцоо нь зөвхөн сүрьеэгийн эсрэг өвөрмөц эмчилгээний зардал юм. Бусад урсгал зардлыг нэмж тооцвол хувь хүн болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг.

   Сүрьеэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд сүрьеэ өвчний үед гарах шинж тэмдгийг мэддэг, эмнэлэгт ханддаг, төгс эмчлүүлдэг, хүн бүр биеийн эсэргүүцлээ сайжруулах, ажил амралтаа зөв зохистой зохицуулах, нярай болон 8 настай хүүхдийг БЦЖ вакцинд хамруулах, дотоод орчны агаарын чанараа сайжруулах (агааржилт, цэвэрлэгээ, гэрэлтүүлэг г.м), гудамжинд нус цэрээ хаяхгүй байх, хаяж байгаа хүнд шаардлага тавих чадвартай байх, амаа дарж ханиалгаж хэвших зэрэг сэргийлэх олон арга зам бий. Таны хажууд байгаа хэн нэгэн удаан хугацаагаар ханиалгаж байвал эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандаж, шинжилгээ хийлгэж, сүрьеэтэй хэмээн оношлогдсон бол эмчилгээгээ таслалгүй хийлгэхэд туслаарай, ЭНЭ АЖИЛД БҮГДЭЭРЭЭ НЭГДЭЦГЭЭЕ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment