8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүдэлчин Монгол наадмыг наймдугаар сард зохион байгуулна

2022-05-10 09:42:28

“Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна” гэж Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг юм.

Соёлын яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан соёл, ахуйг тодотгон үзүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ оны наймдугаар сард “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Соёлын сайд Ч.Номин нүүдлийн соёл иргэншлийг хадгалан, түгээн дэлгэрүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй уулзаж байгаа бөгөөд өнөөдөр “Морин өртөө” байгууллагынхныг хүлээн авч уулзлаа.

“Морин өртөө” байгууллага нь өртөөчилсөн холын зайн морин уралдаан, 350-400 км тэмээн аялал зохион байгуулдаг тул “Нүүдэлчин монгол” наадамд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ танилцуулсан юм.

Соёлын сайд Ч.Номин тэдний хүсэлтийг хүлээн авч, адуу, тэмээ, сарлаг, цаа буга унах соёл, уналгаа дээдлэх ухаан, нүүдлийн соёл иргэншлийг тодотгон харуулах “Морин өртөө” тэмцээнийг “Нүүдэлчин Монгол” наадмын нэг төрөл болгохоор ярилцлаа.

“Морин өртөө” тэмцээн нь 1000 км-ын зайг өртөөчлөн туулдаг бөгөөд 2021 онд 12 аймгаас 18-44 насны 1 гэр бүл, 1 төрсөн ах дүүс, 4 эмэгтэй, 13 эрэгтэй оролцож, замыг 43:45 цагт туулж дуусгаж байжээ. Энэ жил “Морин өртөө”-нд оролцохоор 110 хүн бүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment