8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын эрх баригчид ирэх сараас эхлэн “гадаадын тагнуул”-уудын хувийн мэдээллийг нийтэд зарлана

2022-11-15 10:05:00

Баасан гарагт ОХУ-ын засгийн газрын вэб сайтад тус улсын ерөнхий сайд Михаил Мишустиний баталсан захирамжийг нийтэлжээ.

Уг захирамжийн дагуу ирэх сарын 1-нээс ОХУ-ын хууль зүйн яаманд бүртгэлтэй “гадаадын тагнуул” ангилалд багтсан хувь хүмүүс, байгууллагуудын мэдээллийг нийтэд зарлах юм байна.

Одоогоор тус яаманд ийм ангилалд орсон 200 орчим этгээдийн бүртгэл байгаа.

Тэдгээрийг гадаадын санхүүжилтээр улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ийм ангилалд оруулсан байдаг.

Арван хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хууль зүйн яам вэб сайтдаа “гадаадын тагнуул”-ын нэр ус, татвар төлөгчийн бүртгэл, нийгмийн даатгалын дугаар, төрсөн он, сар, өдөр зэрэг хувийн мэдээллийг нийтэд ил байрлуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд Кремлийн бодлогын эсрэг байр суурь илэрхийлсэн хувь хүмүүс, байгууллагуудыг “гадаадын тагнуул” ангилалд оруулах нь эрс нэмэгдсэн юм.

Энэ ангилалд багтсан хүмүүс төрөөс ямар нэг тэтгэмж авах, их сургуульд багшлах, хүүхдүүдтэй ажиллах зэрэг эрхээ хасуулдаг. Мөн вэб сайт, сонин хэвлэл зэргийг нь шүүхийн шийдвэргүйгээр хаах эрхийг хуулийн байгууллагуудад олгодог байна. Хууль зүйн яам ийм ангилалд багтсан этгээдүүдтэй холбоотой хувь хүмүүс, байгууллагын жагсаалтыг гаргаж, хэлхээ холбоог нь байнга мөрдөж мөшгөдөг юм.

Ирэх сараас “гадаадын тагнуул”-ын хамрах хүрээ өргөжиж, гадаадаас санхүүжилт авсан нь батлагдаагүй ч гадаадын нөлөөнд автсан гэж үзсэн этгээдүүдийг жагсаалтад нэмж оруулж эхэлнэ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ оны долдугаар сард ерөнхийлөгч Владимир Путин баталсан юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл