8o
Улаанбаатар хот
mobile menu

"Баталгааны даатгал, эдийн засаг дахь үүрэг оролцоо, хэрэгжүүлэх арга хэлбэр" сургалт, уулзалт боллоо

2022-11-30 12:10:00

Даатгалын зах зээлийг тэлэх цаашилбал улсын орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх даатгалын баталгааг Монгол Улсад бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үндэсний давхар даатгал” ХК болон БНСУ-ын “Сөүлийн баталгааны даатгал” компанитай хамтран “Баталгааны даатгал, эдийн засаг дахь үүрэг оролцоо, хэрэгжүүлэх арга хэлбэр” сургалт, уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалт, уулзалтад УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон холбогдох бусад дарга, мэргэжилтнүүд мөн Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын даатгалын холбоо, “Үндэсний давхар даатгал” ХК, Сөүлийн баталгааны даатгал компани, ердийн даатгалын компаниудын төлөөлөл оролцлоо.

зураг

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан сургалт, уулзалтыг нээж “Санхүүгийн салбарын 83 орчим хувийг банк, 10 орчим хувийг хөрөнгийн зах зээл, 2 орчим хувийг даатгалын зах зээл эзэлж байгаагаас харахад салбарын өсөлтийг түргэсгэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх замаар олон тулгуурт санхүүгийн салбарын бүтцийг бий болгох шаардлага тулгараад байна. Ийм ч учраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, банк давамгайлсан санхүүгийн бүтцээс илүү даатгал, хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэн хөгжүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлсэн.

Санхүүгийн зохицуулах хороо ч мөн олон улсын даатгалын зах зээлийн чиг хандлага, хөгжилд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг техник технологийн хувьсгалд нийцүүлэн хөгжүүлэх, олон тулгуурт даатгалын салбарыг бий болгох, салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргаж, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарын санаачилсан Даатгалын тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад даатгагч даатгалын баталгаа, батлан даалт гаргах талаар нэмэлт оруулах тухай хууль төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Бидний хувьд ч Даатгалын багц хууль буюу Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай болон Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд салбарын оролцогчид болон олон нийтээс саналыг авахын зэрэгцээ хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Салбарын цаашдын хөгжил Санхүүгийн зохицуулах хорооноос гадна салбарын оролцогчид та бидний хамтын ажиллагаанаас хамаарах тул хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэхийн төлөө нэгдэж ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

зураг

 

Сургалт, уулзалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, “Үндэсний давхар даатгал” ХК-аас Экспортын зээлийн даатгалын талаар, “Сөүлийн баталгааны даатгал” (Seoul Guarantee Insurance) компаниас Солонгос Улсын баталгааны даатгал, түүний хэрэгцээ шаардлага, батлан даалтын бонд, зээлийн даатгалын талаар тус мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт хариулт өглөө.

зураг

 

“Сөүлийн баталгааны даатгал” компаниас танилцуулсан тус улсын баталгааны даатгал нь 1970-аад оноос хөгжсөн бөгөөд тухайн эдийн засгийн онцлог бүртэй холбогдуулан бүтээгдэхүүн хөгжлийн төрөл бүрийн үе шатыг дамжин иржээ. Тус бүтээгдэхүүн нь зээлжих чадвар хангалтгүй гүйцэтгэгч нарт зээлийн дэмжлэг үзүүлдэг даатгалын компанийн эрхэлдэг даатгалын бүтээгдэхүүн бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг онцлогтой аж. Мөн баталгааны даатгал нь эдийн засгийн хувьд гүйлгээний аюулгүй байдлын сүлжээг бий болгох, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг дэмжих, дампуурлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар танилцуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл