8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Ч.Сайханбилэг “өр”-ийн асуудлаар мэдээлэл хийж, “Улаанбурхан”-ы асуудал дэгдсэн өдөр

2016-04-15 18:48:00

Эрхэм уншигч та цав цагаахан цастай, цэв цэнхэрхэн тэнгэр, нүд гялбасан нар, нүүр дүүрэн инээмсэглэлээр дүүрэн хорвоогийн нэгэн сайхан өдрийг үдэж байна. Мөнгөн цас малгайлан хаялж, дүн өвлийг санагдуулам нэгэн өдөр ийнхүү өнгөрч, хаврыг урин дуудаж, цэцэгсийг тэжээн тэтгэхээр хурын ус хөрсөнд шингэлээ. Маргаашийн мандах наран газар дэлхийг сэргээж, өнгө нэмэн цацарна. Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй ажлын өдрүүд  ийнхүү дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног болж өнгөрлөө.

Сайны хажуугаар саар гэгчээр дуулгахгүй өнгөрч боломгүй харамсалтай мэдээллүүд ч бас байна. Улаанбурхан өвчний дэгдэлт эрчимтэй өсөж, өнөөдрийн мэдээлэлээр 59 хүн хүүхэд нас барсан байна. Энэ сэвдээр манай сайт маш олон мэдээлэл бэлтгэн гаргаж байгаа. Манай маргаашийн дугаарт Улаанбурхан өвчний талаар дэлгэрэнгүй сурвалжлага орно. Энэ өвчний дэгдэлт болон нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авах боломжтой.  Эцэг эхчүүд минь нялх бяцхан үрсдээ анхаарал хандуулаарай. Ингээд “Монголын нэг өдөр” булангаараа өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Ч.Сайханбилэг өрийн асуудлаар мэдээлэл өглөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МУ-ын гадаад өр, Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын зүгээс МУ өр байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын өрийн дарамтад орсон гэж сөрөг хүчин ташаа мэдээлэл хийж байна. Өрийн хэмжээ өссөн чухал биш хэрхэн төлж байгаа нь чухал юм.Олон улсад өрийн хэмжээ, эрсдэлийг хянадаг таван үзүүлэлт байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс манай улс нэг шаардлагыг хангахгүй байгаа ч өрийн дарамтад орсон гэж  ойлгож болохгүй” гэсэн юм.

Мөн түүнчлэн зарим улс орнууд Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалт /ГШХО/, компани хоорондын зээлийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улс эсрэгээрээ тусгаж ирсэн. Улсын нийт гадаад өр 2015 оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам доллар нь буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. 

Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэг төлбөрийн үүрэг хариуцлага хүлээдэггүй.  Хувийн салбарын зээллэгийг Монголбанк төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдийг тооцох, төлөвлөх зорилгоор бүртгэдэг болно. Дэлхийн банкны мэдээллээс харахад эдийн засгийн онцлог байдлаасаа хамаарч улс орон бүр тус бүрийн улсын нийт гадаад өрийг, ДНБ-д харьцуулсан байдаг.

Л.Лагсаннамдаг: Шүүх шинжилгээний дүгнэлтээр эмчийн удаан, хойрго  хандснаас болж эх эндсэн гэсэн хариу гарсан

Тун удахгүй буюу ирэх сарын 05-ны өдөр “Эх баригчдын өдөр” тохиох гэж байна. Манай улс энэ өдрийг 2007 оноос хойш тэмдэглэж ирсэн ч эх нярай эндэгдэл буурсан уу гэж асуухад тун бүрхэг хариулт гарч ирнэ. Өнгөрсөн жилүүдэд төрсөн эхийн гэдсэнд марль мартаж оёсон, нярайг халуун усаар түлсэн гэх мэт  эмч нартай холбоотой олон асуудлууд гарч байсан. 

Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн сайд, төрийн нарийн бичиг хоёр нь хоёулаа авлигын хэргээр хоригдсон үед буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Нийслэлийн "Өргөө" амаржих газарт эхийн үрийн эндэгдэл гарсан. 

Тухайн үед энэ хэргийн талаар маш олон мэдээлэл гарч цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж байсан боловч өнөөдөр усанд хаясан чулуу мэт чимээгүй алга болжээ. Тухайн өдөр ээлжинд гарч байсан жижүүр эмч нарын буруугаас болж 27 настай бүсгүй төрхийн хүндрэлээр амь насаа алдсан.

 

Талийгаач амиа алдахаас өмнө хоёр удаа хагалгаанд орсон бөгөөд хамгийн сүүлийн хагалгаа хийхээр монголдоо алдартай гэж хэлж болохоор “Өргөө” амаржих газрын зөвлөх эмч Б.Бүлтэн  хийсэн байдаг юм. Харамсалтай нь Б.Бүлтэн эмч эцсийн арга хэмжээ буюу савыг нь тайрч авах хагалгаа хийсэн ч  нэгэнт оройтсон байсан бөгөөд, тун удалгүй нас барсан.

 

Хэрэг гардаг өдөр жижүүр хийж байсан эмчдээ "Өргөө" амаржих газар халах арга хэмжээ авсан ч маргааш нь буцаад ажилдаа орсон байдаг. Нэгэнт хүний амь нас эрсдсэн учраас энэ хэргийг шалгаж дуустал ажлаасаа чөлөөлөгдөе гэж хэлэх ёс зүй тухайн эмчид байхгүй гэж үү. Бид ийм л зүй бус юмыг таслан зогсоохын төлөө энэ хэргийн талаар удаа дараа  сурвалжилсан юм.  Талийгаачийн нөхөр Жавхлантай тухайн хэрэг гарах үед юу болсон талаар манай сэтгүүлч ярилцлага хийж байсан. Мөн түүний дараагаар Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэгээс ч мөн энэ хэргийн талаар тодруулга авч байсан юм. Эрхэм уншигч та анхаарлаа наашаа хандуулаарай. Бид энэ хэргийн талаар ахин сурвалжиллаа.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр эмчийн удаан, хойрго  хандснаас болж эх эндсэн. Одоо энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа.

Л.Лагсаннамдаг: Миний охины хэрэгт 5,6 эмч шалгагдаж байгаа

Харин талийгаач охины аав Л.Лагсаннамдагаас хэргийн мөрдөн байцаалтын  ажиллагаа шүүх шинжилгээний дүгнэлтийн талаар дараахь зүйлийг тодрууллаа.

-Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Та  дүгнэлттэй хэзээ танилцсан бэ?

-Хоёр хүүхдийн минь шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байгааЭмчийн  хойрго буюу удаан хандснаас болж амь нас нь эрсдсэн гэдэг дүгнэлт гарсан. Хэргийг шалгаж байгаа учраас дүгнэлтийг бидэнд өгөөгүй.

-Энэ хэрэг прокурор руу шилжсэн үү?

-Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Энэ асуудал нэлээд олон эмч холбогдож байгаа болохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа.

- Хичнээн эмч холбогдож байгаа  бол. Таньд тоо баримт байгаа юу?

-Ерөнхийдөө таваас зургаан эмч холбогдож байгаа.

-Энэ хэрэгт холбогдож байгаа эмч нартай нь та уулзсан уу?

-Үгүй ээ. Тэд нар нададтай уулзаагүй. Үнэнийг  хэлэхэд уучлалт гуйсан зүйл байхгүй. Талийгаачийг өнгөрсөний дараа Ц. Мөнхцэцэг эмч  уучилт гуйсан. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
 

Үхлийн харанга дэлдэж буй “Улаанбурхан” өвчний эргэн тойронд

 

Улаанбурхан өвчин аюулын харанга дэлдэж он гарсан энэ өвчнөөр 8 хүүхэд амиа алдлаа. ХӨСҮТ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тус эмнэлэг ачаалалаа дийлэхээ больжээ. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж 2014 оноос хойш 30 мянга гаруй иргэн өвчилсөн бол 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн судалгаа байна. Эл айхтар өвчний дэгдэлт аюулын харанга дэлдэхээс гадна, нярай хүүхдэд ихэд халтай төдийгүй амийг нь авсаар байна. Улаанбурханыг хүүхдийн тахал өвчин гэж нэрлэдэг аж.

Он гарснаас хойш найман хүүхэд уг өвчнөөр нас барахад хэн ч тоохгүй өнөөдрийг хүрлээ.

 Ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө санаа зовж байгаа хэн ч алга. Эрүүл мэндийн яамны сайд авилга албан тушаалын хэрэгт холбогдож эзэнгүй болсоор жил болж байна.Төр засаг, салбар яам хайхрахгүй хаясаар өнөөдрийг хүрлээ. Сонгууль дөхсөн энэ үед  гишүүд хаана очиж юу ярьж олны анхааралд өртөх вэ гэж бодон толгойгоо шаналгаж явна. Улс төрчид авилга, хээл хахуулийн хэргээр хоригдохоор нэгнээ өмөөрч цагдаа шүүхийн байгууллагын хаалга татан завгүй яваа тэд.

Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй хэмээн ярьдаг УИХ-ын эмэгтэй гишүүд хаана байна?.

Та нарын үг үйлдэл чинь зөрөөд байгаа юм биш үү. Үнэхээр өр зүрхтэй эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ төлөө цохилох зүрх байна уу, та бүхэнд. Үр үндэстэй, өр зүрхтэй бүхэн энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ. Үүрээр дахин нэг хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. ХӨСҮТ-д хүүхдийн амьсгалын аппарат  2 ширхэг байдаг. Өвчний дэгдэлт их энэ үед 2 амьсгалын аппарат хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Зөөлөн суудалд тухалж байгаа УИХ-ын гишүүд шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүн бүхэн энэ асуудалд анхаарахгүй бол Улаанбурхан өвчин гамшгийн хэмжээнд хүрлээ.  Яг өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын аппарат хүрэлцэхгүй үнэхээр хүнд байдалд байна.  Үхлийн харанга  дэлдэж буй  “Улаанбурхан” өвчний эргэн тойронд хэн юу хэлэв. Энд дарж үзнэ үү.

С.Абай: Төрөлхийн тархины ивэрхийтэй хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийнэ

Дух, нүүр хэсэгтээ ивэрхийтэй хүүхэд манай улсад мэр, сэр байдаг. Энэ нь тархины нэг төрлийн төрөлхийн эмгэг бөгөөд хүний дух, нүүр, хамрын хэсэг рүү түрж тогтсон ургацаг. Энэхүү ивэрхийг хагалгаа хийж авдаг бөгөөд манайд энэ мэс заслыг хийх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байдаггүй гэнэ. Тиймээс өнгөрсөн жил Ш.Н.Шастины нэрэмжилт улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд олон улсын эмч нартай хамтарч тархины ивэрхийтэй хоёр хүүхдэд амжилттай хагалгаа хийжээ. Энэ жил дахин америк эмч нартай хамтран тархины ивэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болсон байна. Энэ талаар Ш.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын их эмч С.Абайтай цөөн хором ярилцлаа. 

 -Тархины ивэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Тархины ивэрхийний талаар мэдээлэл өгнө үү?

-“Virtue” гэдэг олон улсын эмч нарын сайн дурын байгууллага байдаг. Уг байгууллага хөгжиж буй орнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 2009 оноос манай улсад нүд, эрүү нүүрний мэс засал, элэгний хавдрын мэс заслын зэрэг чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн жил энэ байгууллагын эмч нарт хамтран ажиллах хүсэлт тавьсан. Тэр хүсэлтийн дагуу тархи, гавал-нүүрний болон гоо заслын эмч, мэдээгүйжүүлэлтийн эмч нарын баг ирж манай эмч нартай хамтран тархины ивэрхийтэй хоёр хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн. Тэр хоёр хүүхэд төрөлхийн тархины (нүүр хэсгийн) ивэрхийтэй  байсан. Энэ нь гавлын ясны урд, доод ба суурийн хэсэгт дефект үүсч тэр онгорхойгоор нь тархины эд ивэрч гаран хүний дух, хамар, хацар орчмоор овойж гарч ирдэг төрөлхийн эмгэг юм. Гавлын ясны хөндийд байх ёстой тархины эд хүний нүүр уруу түрж гарсан байгаа байдал нь нэгд тархины үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг, хоёрт гоо сайхны талаас асуудал үүсгэн тухайн хүнд нийгмийн зүгээс тааламжгүй хандлагыг бий болгодог байна. Жишээлбэл өнгөрсөн жил манайд мэс засал хийлгэсэн хүүхдийг урьд нь ангийнхан нь янз бүрээр дуудан, нэр хоч өгсөнөөс сургуульдаа явж чадахаа больсон байсан. Мэс заслын дараа тэр хүүхдэд өөртөө итгэлтэй, бусдад хандах хандлага нь хүртэл өөрчлөгдсөн талаар ээж нь ярьж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Өнөөдрийн зөвөлгөө

Цагаан будааг Монголчууд буруу чанаж байгаагаас хортой, хоргүй хавдар үүсэж байна

Монголчуудын цагаан будааны хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр бидний хүүхдүүд, залуучууд цагаан будаатай хоолонд дуртай байдаг. Тэгвэл манай улсад сүүлийн жилүүдэд мөн дагаад огцом нэмэгдсэн аймшигт өвчин бол хортой болон хоргүй олон төрлийн хавдар юм. Энэхүү хавдарууд нь та бидний өдөр тутмын аиьдралын тойрог дотроос бий болж байгаа бөгөөд яг юунаас гэдэг нь бас олон янз. Тэдгээр олон хүчин зүйлсийн дээгүүрт жагсдаг өргөн хэрэглээний хүнс бол цагаан будаа юм.
Британы хэсэг эрдэмтэд төрөл бүрийн сортын цагаан будааг янз янзын аргаар чанаж үзжээ. Тэдний зорилго бол будаанд байдаг хавдар үүсгэгч хорт бодисыг шүүж цэвэрлэх явдал байлаа.
Цагаан будаа ихээр хэрэглэдэг хүмүүс, будаагаа буруу аргаар болгодог бол уушигны болон давсагны хавдар тусах эрсдэл ихтэй байдаг аж. Ер нь цагаан будаа бол нэг их сайн хоол биш гэнэ. Будаанд ихээр агуулагддаг органик биш хүнцэл нь хавдар үүсгэхээс гадна хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж, зүрх, мэдрэлийн системийн өвчин, чихрийн шижин зэрэг бусад олон төрлийн өвчний эх үүсвэр болдог ажээ.
Гэтэл хүүхэд томчуудаас 3 дахин илүү цагаан будаа хэрэглэдэг. Их Британ зэрэг олон оронд 4,5 нас хүрээгүй хүүхдэд цагаан будаагаар хийсэн бүтээгдэхүүн өгөхийг хуульчлан хоригложээ.
Судлаачдын дүгнэлтээр будааг дээрээс нь халуун нэрмэл ус байнга гоожуулан ууран дээр жигнэх, эсвэл будаан дотуур байнга ус гүйж байх зарчмыг баримтлан чанах (жишээ нь, кофе чанагч дотор) нь хамгийн зөв арга гэнэ. Ус будааны харьцаа 12 : 1 байвал хүнцэл 57 ± 5% арилна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хоёр аргаар чанаж үзэхэд зарим сортын будаа хорт бодисоос 85% цэвэрлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл ус ихтэй чанана гэсэн үг юм.
Харин Шри-Ланкийн эрдэмтэд цагаан будаандаа цайны халбагаар наргил модны тос хийгээд 20-40 минут чанаж, дараа нь хөргөгчинд 12 орчим цаг байлгавал элчлэг чанар нь 50-60% багасна гэж зөвлөж байна.

Өнөөдрийн сэрэмжлүүлэг мэдээ

Хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн ноцтой осол гарлаа

Нойтон цас орж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цаг агаарын нөхцөл,  тээж яваа ачаа  зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой  замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр 288 дуудлага мэдээ мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 184, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14,  мөн 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Түүнчлэн таван хүүхэд зам тээврийн осолд өртөж,  83 жолоочийг журамлажээ.Тухайлбал:БЗД-ийн нутаг Хангамжийн зам, Амгалангийн хорихын хойд замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 0, настай эрэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн. Хөдөө орон нутагт: Багануур дүүргээс зүүн тийш  Эрэг бүргийн даваа гэх газрын шороон замд  Зил-130  маркийн Ц жолоочтой авто машин онхолдож жолооч 41 настай эрэгтэй Ц, зорчигч 49 настай эрэгтэй Г нарын хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн.

 Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ

Өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсаны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ.

Нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.

Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн үйл явдлын тойм

Асашёорюү Д.Дагвадорж асуудлыг газар дээр шийдэж байна

 

Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчний дэгдэлттэй байгаагийн нэг нь манай улс юм. ХӨСҮТ-д 420 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнхи хүүхдүүд байна. Энэ асуудалд анхаарал хандуулах Эрүүл мэндийн яам, сайд, УИХ-ын гишүүд байхгүй байна. Эрх баригч нарын шийдвэр хэрэгтэй байгаа энэ үед Их аварга Асашёорюү Д.Дагвадорж баяртай сайхан мэдээ дуулгалаа.   Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсандаа "Улаанбурхан өвчний эсрэг яах уу ямар арга хэмжээ авбал зүгээр вэ? Тариа вакцин гэх зүйлс? Өөр юу байдаг билээ? Хөрөнгө босгоё л доо хэдүүлээ аппаратыг нь шийдэе, Хэрэгтэй зүйлсээс нь хайгаад явж байна. Нялх хүүхдийн судас ологч гэх мэт, хэмээн жиргэжээ. 

-"Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгууллаа. 

- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүллээ. 

- ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ ""МҮЭ... ХААНА БНАААА УИХ ОНООЛТООР ОРДГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА ХУУЛЬ ДҮРМИЙН ДАГУУ БИДНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙГЭЭЧ ЭЭ ."""""МОНГОЛЧУУДЫГ ""АВИЛГА""ХҮНД СУРТАЛ"""ТӨР ТӨСВӨӨС """ГУДАРДГИЙГ ГЭЭ
2016/04/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment