8o
Улаанбаатар хот
mobile menu

2023 оны эхний хагаст ипотекийн зээлийг төлөлтөөр нь эргэн санхүүжүүлнэ

2023-01-09 12:21:00

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхэлж буй. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ипотекийн зээл, гадаад валютын албан нөөц, зээл олголт, үнэт металлын худалдан авалтын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ярилцлагаас ипотекийн зээлтэй холбоотой хэсгийг тоймлон хүргэе.

Хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг

“Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаатай холбогдуулан 63 мянган зээлдэгч зээлийнхээ эргэн төлөлтийг банктай байгуулсан гэрээ, тохирсон хуваарийнхаа дагуу төлж эхэлж байна. Ингэснээр хэвийн үед ойролцоогоор сард 40 орчим тэрбум төгрөгийн ипотекийн эргэн төлөлт хийгддэг байсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс ипотекийн зээл хэвийн төлөгдөөд эхлэхээр тус хэмжээгээр ипотекийн зээлийг цааш нь үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгожээ

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13 мянга орчим зээлдэгчид олгож байсан бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8 мянга орчим зээлдэгчид олгосон байна. Түүнчлэн УИХ-аас 2023 оны Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд үүний дагуу 2023 оны эхний хагаст багтааж Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс цаашид энэ хөтөлбөрийг хэрхэн тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх талаар Засгийн газар, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2023 оны эхний зургаан сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин 2023 оны хоёрдугаар хагаст санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэх, улмаар Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх тухай боломжит хувилбаруудыг ярилцаж байгаагаа өгүүлжээ.

Орон нутагт ипотекийн зээл авч буй 3 хувийн хүүгийн хөнгөлөлтийг төсөвт суулгасан

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам гэж байдаг. Энэхүү журамд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өөрчлөлт орж, өмнө нь нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээг 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөр нь 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамдаа тусгаж өгчээ. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдэд 3 жилийн хугацаанд 3 хувийн хүүгийн хөнгөлөлт олгох эх үүсвэрийг суулгаж өгсөн байна. Энэ дагуу Сангийн яамнаас холбогдох гэрээ, төслийг банкууд, Зээлийн батлан даалтын сан болон Монголбанканд хүргүүлэн холбогдох саналуудыг авсан бөгөөд ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн хүлээлттэй байна гэдгийг өгүүлжээ

Орон нутагт ипотекийн зээл олгох нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй

Бизнесийн үйл ажиллагаа нь орон нутагт шилжээд түүнийг дагаад очсон ажилчин тухайн зээлд шууд хамрагдах боломжтой. Гэтэл өөрийн санаачилгаар хөдөө орон нутагт ажиллаж, амьдрахаар шийдээд ажил төрлөө солиод очсон иргэдийн тухайд яах вэ гэсэн асуудал үүсэж буй. Тэрээр энэхүү асуултад “Иргэдэд аль болох чирэгдэл багатай, ойлгомжтой байлгахыг Монголбанк, Сангийн яамнаас зорьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого, зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн хувьд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой байхаар холбогдох журам, гэрээнд тусгасан байсан. Одоогоор яг нарийвчилсан шаардлага, шалгууруудыг эцэслэн тогтоогүй байгаа тул урьдчилан хэлэх боломжгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Засгийн газар, Монголбанк, Сангийн яам болон банкууд хамтраад зээлдэгчид аль болох чирэгдэл багатай байхаар шийдвэрлэхийг зорьж байна” хэмээжээ. Гэрээний төсөлд тусгагдах саналуудыг холбогдох байгууллагуудаас аваад бэлэн болсон байгаа бөгөөд эцсийн байдлаар Сангийн яамнаас батлах юм байна.

Найман хувийн зээлийг зургаан хувь болгон бууруулах зардлын шийдэл тодорхойгүй байна

Орон сууцны найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг бууруулан 6 хувь болгох асуудал иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Энэ тал дээр тэрээр “Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ дагуу ажиллаад санал, дүгнэлтээ гаргаад хүргүүлсэн байгаа. Уг санал, дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувийн хүүтэй болгоход тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Харин энэ зардлыг хаанаас, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бид шийдэл олж чадаагүй байна. Бидний урьдчилан тооцоолж байгаагаар нийтдээ 350-500 орчим тэрбум төгрөг шаардагдаж, энэ зардлыг бонд эзэмшигчид буюу Монголбанк болон арилжааны банкууд үүрэхээр байгаа. Тэгэхээр бонд эзэмшигчдийн энэхүү зардлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм.

“Ипотекийн зээл Засгийн газарт шилжихэд яаж хэвийн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр гарц, шийдэл хайж байна”

“Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв дээр ипотекийн зээлийн хүүгийн татаас гэж хэчнээн төгрөг төсөвлөсөн байгаа вэ. Хуучин 60/40 байсныг 80/20 болгосон байгаа. Тэгэхээр Монголбанканд ирж байгаа ачаалал нэлээн өндөр байхаар байна” гэсэн асуултад “Орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдийн 3 хувийн зээлийн хүүгийн татаасанд 7 орчим тэрбум төгрөг суусан, бусад нь улсын төсөвт суугаагүй. Бидний хувьд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай ярилцаж байгаа гол асуудал нь 2023 оны 2 дугаар хагаст энэ хөтөлбөр Засгийн газарт шилжихэд эх үүсвэрийг нь таслалдуулахгүйгээр хэрхэн яаж цааш нь хэвийн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр голлон гарц, шийдэл хайж байна. Нэг үгээр хэлбэл ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар хагаст Засгийн газарт шилжүүлэхдээ эх үүсвэрийг нь бууруулахгүйгээр цаашид хэвийн үргэлжлээд явах нөхцөл боломжийг нь бүрдүүлэхийг л бид зорьж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/02/22 197.211.53.56