8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэс заслын аргаар “солонгос залуу” болж өөрчлөгдсөн Тайландын хар тамхины наймаачин баривчлагджээ

2023-02-28 12:59:00

Нүүрэндээ олон удаа гоо сайхны мэс засал хийлгэж, зүсээ танигдахын аргагүй болтол өөрчилсөн Тайландын хар тамхины томоохон наймаачныг тус улсын хууль хүчнийхэн баривчилжээ.

Сон Жимин гэх солонгос нэртэй болсон Сахарат Саванжэнийг өнгөрсөн долоо хоногт Бангкок хотын нэг нийтийн орон сууцнаас барьсан байна.

25 настай гэмт этгээдийг сүүлийн гурван сарын турш эрэн сурвалжилж байсан цагдаагийн албаныхан царайд нь “өөрийн гэх юу ч үлдээгүй” байсан тухай мэдээлжээ.

Гэрчүүд “царайлаг солонгос залуу” хар тамхи зарах болсон талаар мэдээлэл өгснөөр цагдаа нар түүний мөрөөр орсон юм байна.

зураг

 

Баривчлагдсаныхаа дараа тэрбээр мэдүүлэг өгөхдөө “Би Өмнөд Солонгост шинэ амьдрал эхлүүлмээр байна. Тайландаас залхаж байна” гэж ярьж байжээ.

Өмнө нь Сахарат гурван удаа цагдаа нарт баригдаж байсан гэнэ.

Нэг удаа баривчлагдахдаа тэр биедээ их хэмжээний хар тамхи авч явж байжээ.

Сүүлийн удаа оргохдоо Сахарат дахин баригдахгүйн тулд нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэж, танигдахын аргагүй болсон байна. Ингэхдээ тэр бас нэрээ солонгос болгон өөрчилжээ.

Тайландын цагдаагийн хошууч генерал Терадеж Таммасути түүнийг “Бангкок хотод MDMA төрлийн хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрсний нэг гол буруутан” гэж тодорхойлсон байна.

Сахарат ийм төрлийн бодисыг Европоос хууль бус аргаар Тайландад оруулж ирдэг байсан гэнэ. Одоо цагдаа нар түүний хилийн чанад дахь хэлхээ холбоог үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл