8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална

2023-03-16 14:10:00

Монголбанкны мөнгөний бодлогын хороо 2023 оны эхний улирлын шийдвэрээр бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар болжээ. Гаргасан шийдвэртэй холбоотой мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Тэрээр "Өнгөрсөн оны эхнээс өрхийн хэрэглээ сэргэж, гадаад худалдааны эрэлт нэмэгдсэн. Түүнчлэн БНХАУ “Тэг ковид” бодлогыг сулруулснаар тээвэрлэлт эрчимжиж, зарим гол нэрийн түүхий эдийн олборлолт, экспорт сүүлийн улирал сайжирсан үзүүлэлттэй гарсан байна. Мөн хилийн хязгаарлалт суларсантай холбоотойгоор уул уурхайн олборлолт энэ оны төсөөллийг нэмэгдүүлж, эдийн засгийн цаашдын өсөлтийн төлөвийг сайжруулав. Инфляц төсөөлж байсанчлан саарах хандлага үргэлжилж, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 12.1 хувьтай гарлаа. Инфляцын түвшин саарахад импортын бараа, дотоод үйлчилгээний үнэ өнгөрсөн оны өвлийн саруудад өндөр өссөн нь  голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Нийлүүлэлт, зардлын нөлөөгөөр инфляц цаашид алгуур буурах магадлалтай ч эдийн засаг өсөж, төсвийн зардал өндөр байгаа зэргээс хамаарч эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэлтэй.

 Хилийн хязгаарлалт суларсантай холбоотой тээврийн зардал, импортын үнэ болон орцын зардал буурснаар дотоодын барааны үнийн өсөлт саарахад эергээр нөлөө үзүүлэв. Мөн шатахууны инфляц буурах төлөвтэй байна. Нөгөө талаас инфляц, валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх эрсдэл бас бий. Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, экспортын орлого болон бусад орох урсгалын нөлөөгөөр өнгөрсөн оны эцэст төсөөлж байснаас сайн үр дүнтэй гарсан. Цаашид түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдан экспортын орлого нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч импортын дүн өндөр байж санхүүгийн дансны орох урсгал төдийлөн нэмэгдэхээргүй байна. Гэхдээ ЗГ-ын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдэх нөхцөл байдал үүсвэл төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах боломжтой болно" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл