8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх төлөвийг Австралийн засгийн газар тооцоолжээ

2023-04-04 12:27:00

Австралийн засгийн газар өчигдөр эрчим хүч, эрдэс баялгийн зах зээлийн ирээдүйн төлөвийг танилцуулжээ.

Үүнд Хятадын зах зээлийн нүүрсний хэрэгцээ хэр удаан үргэлжлэх талаар тооцоо гаргаж харуулсан байна.

Тухайлбал Хятад улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжлэх ч гадаадаас импортлох хэрэгцээ нь үүнээс өмнө буюу 2030-аад оны үед дуусах төлөвтэйг дурджээ.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Хятад улс аажмаар нүүрсний хэрэглээгээ бууруулж, энэ үед зөвхөн дотоодын олборлолтоор хангах хэмжээнд хүрнэ гэж дүгнэсэн байна.

Австрали нь гангийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг коксжих нүүрсийг Хятад улсад нийлүүлдэг гол орнуудын нэг юм.

Коронавирусийн эх үүсвэртэй холбоотой маргааны улмаас Хятад улс 2020 оны сүүлээс хойш Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавиад байв.

Уг хориг энэ оны эхээр өндөрлөж, хоёр улсын худалдаа сэргэж эхэлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сараас хойш Австрали улсаас нийт 3.1 сая тонн нүүрс Хятадад нийлүүлжээ. Үүний ихэнх хэсэг нь коксжих нүүрс байсан байна.

Үүнээс гадна 2.8 сая тонн нүүрс Хятадын боомтууд дээр хүлээгдэж байгаа ажээ.

Гэхдээ энэ нь 2019 онд сар бүр дунджаар 7-8 сая тонн нүүрс нийлүүлдэг байсантай харьцуулахад бага хэмжээ юм. Хэдийгээр хориг цуцлагдсан ч цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй гэж Австралийн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь дэлхий даяар геополитикийн сөргөлдөөн эрчимжсэнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид Өрнөдийн орнуудаас аливаа түүхий эдийн хараат болохоос болгоомжлох хандлага юм байна.

Үүнээс гадна Монгол зэрэг улсын экспортолдог нүүрсний үнэ өртөг Австралийнхтай харьцуулахад хямд байгааг бас дурджээ.

Ерөнхийдөө Австралийн эрчим хүч, эрдэс баялгийн Хятад руу чиглэсэн нийт экспортын хэмжээ 2021-2022 онд $94 тэрбумд хүрсэн нь дэлхийн бусад улс орнуудаас хол тасархай үзүүлэлт юм.

Хоёр дахь том нийлүүлэгч Япон улсын хэмжээ үүнээс бараг гурав дахин бага байдаг гэнэ.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз худалдааны гол түнш Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дахин баталсан байна.

Тэрбээр Бээжинд айлчлах урилгыг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдээд “Яриа хэлэлцээ үргэлж сайн үр дүн дагуулдаг. Хятад улс бол манай худалдааны томоохон түнш юм” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл