8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦАЙ ИН ВЭН АНУ-Д АЙЛЧИЛСНЫГ БЭЭЖИН ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЭВ

2023-04-06 14:00:00

Тайванийн удирдагч Цай Ин Вэн төв Америкийн орнуудаар айлчлахдаа АНУ-аар дамжин өнгөрсөн тухай өмнө мэдээлсэн. Энэ удаад Тайванийн удирдагч Нэгдсэн улсад албан айлчлал хийж, Калифорнийн Сими Валли дахь Рональд Рейган Ерөнхийлөгчийн номын санд Төлөөлөгчдийн танхимын дарга Кэвин МакКартитай уулзсан байна.

Цай Ин Вэн АНУ-ын газар нутагт Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзсан Тайванийн анхны удирдагч гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэж байна. Мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард Америкийн Төлөөлөгчдийн танхимын өмнөх дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас хойш жил хүрэхгүйн хугацаанд Нэгдсэн улсын өндөр дээд албаны хүнтэй дахин уулзаж байгаа юм. 

Уулзалтын дараа МакКарти Тайванийн удирдагчийн хүсэлтээр тус аралд нэн даруй зэвсэг нийлүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ. Мөн Тайваньтай эдийн засаг, худалдаа, технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй байна гэжээ. Хатагтай Цай АНУ-ын онц гойд, хүчирхэг хамтын ажиллагаа, холбоо харилцаанд талархлаа илэрхийлж, сайшаан магтсан байна.

Хэрэв Тайванийн удирдагч АНУ-д айлчилбал өдөөн хатгалга гэж үзэхээ анхааруулж байсан Бээжин дээрх уулзалтын дараа мэдэгдэл хийжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Хятад улс газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний бүрэн эрхээ хамгаалахын тулд үр дүнтэй арга хэмжээ авч, шийдэмгий алхам хэрэгжүүлнэ гэжээ. Мөн Хятадын Батлан хамгаалах яам АНУ-ыг Хятадын дотоод хэрэгт илтэд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ. Америк, Тайванийн хоорондох бүх талын холбоо харилцааг эсэргүүцэх болно гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

Эх сурвалж: CNN

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл