ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг Москва хотод хүлээн авч уулзжээ. Энэ уулзалт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилснаас ердөө сар хүрэхгүй хугацааны дараа болж байна. Ням гарагт Кремльд болсон уулзалтад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн оролцжээ.
Хоёр улс тогтмол ашигтай мэдээлэл солилцож, цэрэг техникийн салбарт хамтран ажиллан, тэнгисийн цэргийн болон хуурай газар, агаарын хамтарсан цэргийн сургуулилалт амжилттай явуулж ирснийг Путин уулзалтынхаа үеэр өндрөөр үнэлжээ.
Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфугийн ОХУ-д хийх айлчлал лхагва гараг хүртэл үргэлжлэх аж. Хоёр хөршийг АНУ болон бусад улс орнуудын дарамт шахалтын эсрэг зогсоход хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид дүгнэж байна. БНХАУ Украины дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа бөгөөд ОХУ-д зэвсэг нийлүүлдэг гэх Барууны хардлагыг няцаадаг юм.