8o
Улаанбаатар хот
mobile menu

Бизнесийн үнэлж баршгүй хөрөнгө – ЁС ЗҮЙ

2023-04-21 12:42:00

Дэлхийн дүрмээр тоглох нь 

Шударга ёс гээгдсэн нийгэмд бизнесүүд авлигад ашгийнхаа найман хувийг төлдөг байна. Өнгөц харвал, авлига нь ажил хэргийг амар бүтээдэг, асуудлыг хялбар шийддэг арга байж болох ч үнэндээ тийм биш. Бизнес эрхлэгч мөнгөөр “зодож” асуудлаа дор нь шийдэж болох ч авлигын сүүдэр амар тасардаггүй. Хээл хахуулийн зардал, түүний үр дагавар нь урт хугацаанд үргэлжилсээр, эцэстээ авлигын бодит зардал нь тухайн үйл ажиллагааны нийт үнийн дүнгийн 10 хувь, ашгийн 30 хувьтай тэнцдэг гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Авлига өндөр өртөг, бодит уршигтай үйлдэл болох нь эндээс харагдана.

Европ болон Төв Азийн шилжилтийн эдийн засагтай орнуудад хийсэн судалгаагаар бизнесүүд дунджаар орлогынхоо нэг хувь, ашгийнхаа найман хувьтай тэнцэх мөнгийг авлигад төлдөг байна. Хууль, ёс зүйгүй нийгэмд авлига нь албан бус татвар болж, баялаг бүтээгчдийг торгодог. Иймд нийгмийг цаашлаад бизнесийн орчныг авлига, шударга бус байдлаас ангид байлгах нь амин чухал юм. Гэхдээ яаж.  

Төр, түүгээр овоглосон зохицуулах байгууллагууд бизнесийн орчныг шударга болгохыг хүлээх үү. Ялангуяа, төр нь өөрөө авлигын хэргийн гол тоглогч нь болчихсон Монгол Улсад хэзээ хуульт ёс хэвшин тогтох вэ, хэдий болтол хүлээх вэ. Монголын нийгэм ёс зүй, хуульт ёсоор ангаж цангаж буй нь бодит үнэн.  Нэг талаас, ёс зүйн дутагдалд орсон энэ нийгмээс бизнес эрхлэгчид залхаж, өөрчлөлтийг хүсэж буй нь худал биш. Нөгөө талд, компаниуд энэ шударга бусын тойргоос гарах, олон улсын зах зээл рүү алхахын тулд яах аргагүй дэлхийн бизнесийн дүрмээр тоглохоос өөр аргагүйд хүрээд байна. Тиймээс хувийн хэвшил ёс зүйн өөрчлөлтийг санаачлан эхлүүлээд байна. Төр ёс зүйтэй болохыг, энэ нийгэмд хэвшин тогтохыг бизнес эрхлэгчид хүлээж тэссэнгүй. Харин ёс зүйн төлөөх өөрчлөлтийг өөрөөсөө,  дотроосоо эхлүүлсэн нь энэ.  

Өсөлтийн төлөөх санаачилга 

“Оюу толгой” ХХК, “Таван богд” ХХК, АПУ ХК зэрэг үндэсний тэргүүлэгч компаниуд ёс зүйг мөрдлөг болгож, үүнийгээ нийгэмд түгээхээр зорьж байна. Энэ хүрээнд эдгээр аж ахуйн нэгж компанийн бүтцэдээ ёс зүйд суурилсан, хуулийн нийцлийг хянах зорилготой Комплаенс нэгж байгуулж, компанийн дүрэм журам, стандартдаа авлигыг үл тэвчих, хууль, ёс зүйг дээдэлж, хэвшүүлэхээр тодорхой тулгасан.  Өөрөөр хэлбэл, ёс зүйг албажуулж, үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгоод байна.

Сүүлийн 10 гаруй жил Монголын бизнесийн орчинд ёс зүйн түүчээ болж ирсэн “Оюу толгой” компани ханган нийлүүлэгчдээс эхлээд ажилтнууд, хөрөнгө оруулагчид, төр, орон нутаг гээд бүх талтай хийх харилцаа, хамтын ажиллагаандаа ёс зүйг шингээж, эрхзүйн шүүлтүүрээр үйл ажиллагаа явуулдаг. “Оюу толгой” компанийн худалдан авалт, үйл ажиллагаа, ажиллах арга барил, бизнесийн зарчим гээд олон баримт бичиг, дүрэм стандартад шударга байдал, ёс зүй, хууль дээдлэх, авлигыг үл тэвчих тухай заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компанийн “тоглоомын дүрэм” бүгдэд тодорхой бас ойлгомжтой байдаг.  

Гэхдээ цаасан дээр буусан ёс зүйг яаж бодит үйлдэл, биет үр дүн болгох вэ гэдэг хамгийн чухал. Ёс зүйг, комплаенс хөтөлбөрийг аль нэг газраас импортлоод эсвэл бусдаар заалгаад болчихдог зүйл биш бөгөөд тасралтгүй үйл явцын үр дүнд бий болдог байгууллагын дадал. Дээрээс нь  зарим байгууллага ёс зүй хэмээх чихэнд чимэгтэй, чухал үгээр цаасан малгай хийснээ бодит байдал дээр хоосон үр дүн харуулах нь бий.

Тэр тусмаа 15 орчим мянган ажилтантай “Оюу толгой” шиг том айлд нэгдсэн стандарт, дүрэм журам нэвтрүүлэх амаргүй. Цаасан дээр бичээд зогсохгүй хэвшүүлэх, нэг салшгүй хэсэг болгох нь хүндхэн даалгавар.

“Оюу толгой” компани бэлтгэн нийлүүлэгч, худалдан авалтын мэргэжилтнүүдэд зориулсан ёс зүйн боловсронгуй дүрэмтэй. Комплаенс, Авлигын эсрэг менежментийн стандартыг нэвтрүүлсэн. Мөн “Оюу толгой” компани “myVoice” буюу “Миний дуу хоолой” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр дамжуулан компанитай холбоотой ёс зүйгүй үйлдэл, зохисгүй нөхцөл байдал, зан үйлтэй холбоотой асуудлыг мэдээлэх боломж олгодог. Цахим хаяг болон утсаар мэдээлж, ёс зүйгүй байдлыг таслах зогсоох боломж ажилчид төдийгүй хүн бүрт бий. “Оюу толгой” компани байгууллагын гишүүн бүрийн оролцоотой ёс зүйг нутагшуулахаар зорьж байна. Үүнээс гадна ёс зүй, хүндлэлийн талаар  сургалт, хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, манлайлал, үлгэр дуурайллаар дамжуулан үүнийг хэвшүүлэхийг зорьдог гэж “Оюу толгой” компанийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Өөрчлөлтийг үүднээсээ эхэлжээ 

Нөгөө талд, байгууллага удирдлага энэ өөрчлөлтийн туг нь болох учиртай. Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших “Оюу толгой”-н уурхайн кампын үүдэнд тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн зурагтай, үгс таныг угтана. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер ажилчиддаа хандан тэднийг сонсохдоо үргэлж нээлттэй байна гэдгээ хэлээд, ёс зүйтэй, ямагт шударга ажиллахаа амлан, ийм байхыг ажилчиддаа ч бас сануулсан байдаг. “Оюу толгой”-н удирдлага үүднээсээ ёс зүйг сануулж буй нь энэ. Хэдийгээр энэ нь хананд өлгөсөн жаазтай үг төдий боловч “Оюу толгой”-н удирдлагын хандлага, зарчмыг харуулсан бодит жишээ.

Учир нь ёс зүйтэй бизнес өсдөг, хөгждөг, дэвждэг. Бас урт, удаан хугацаанд амжилттай оршин тогтнож чаддаг. Улмаар энэхүү өсөлт, дэвшлээ энгийн ажилчдаасаа нь эхлээд эх орон, эгэл ард, нийгэмдээ хүртээж бас түгээж чаддаг. Зөв бизнесийн замаар “Оюу толгой” тэргүүтэй үндэсний компаниуд урагшилж байна.

Авлигаас ангид, шударга бизнес эрхэлсний төлөөх үр өгөөж өндөр болох олон улсын судалгаануудаас ч тодорхой харагдана. Корпорацийн гүйцэтгэх зөвлөл (CEB)-өөс компаниудыг шударга байдлаар нь эрэмбэлээд, хувьцаа эзэмшигчиддээ олгож буй өгөөжийг нь тооцсон. Ингээд үзэхэд шударга байдлаараа тэргүүлсэн 25 компанийн сүүлийн 10 жилд хувьцаа эзэмшигчиддээ олгосон өгөөж нь сүүл мушгисан 25 компаниас даруй долоон хувиар өндөр байжээ.   

Ер нь ёс зүйтэй бизнес эрхлэх нь шууд болон шууд бус, хэмжигдэх болон үл хэмжигдэх олон эерэг нөлөө авчирдаг. Наанадаж, ёс зүйг дээдэлж, хуульд нийцдэг компанид ажилчид илүү сэтгэл хангалуун байж, энэ хэрээр ажилчдын бүтээмж өсдөг. Forbes-ийн мэдээлж байгаагаар өндөр түвшний ёс зүйтэй компаниудын ажилчдын бүтээмж 12 хувь илүү байдаг аж. Цаашлаад компанийн нэр хүнд өсөх, өрсөлдөөний давуу тал олох, хөрөнгө оруулалт  татах гээд ёс зүйтэй бизнес эрхэлсний эерэг нөлөө тоймгүй олон. Ёс зүйгүй бизнес хол явахааргүй болж, ёс зүй нь орчин цагийн бизнест үнэлж баршгүй актив, өсөлт дэвших хөшүүрэг, тэсэж үлдэх түлхүүр болж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл