УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд өргөн мэдүүлжээ. Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хөхөнцөр вирусийн вакциныг бид хожуу ч гэсэн товлолт вакцин болгох гэж байна. 2019 онд энэ вакциныг сайн дурын болгож байсан. Харин одоо заавал хийдэг товлолт вакцин болгох шаардлагатай. Ингэж чадаагүйн улмаас өнөөдөр хоёр хоног тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар мөнх бусыг үзүүлж байгаа. Тиймээс бид яаралтай ажиллах ёстой.
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг Монголд 2012 оноос эхлүүлсэн. Хамгийн сайн эрт илрүүлж байгаа хавдар. Эрт үедээ оношлогдож байгаа хувь нь 50 хувьтай байгаа. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлэх аргыг нь ашиглаж чадахгүй явсан нь харамсалтай" гэлээ.