Хүн амьдралынхаа хэв маягт тодорхой найман өөрчлөлтийг нэвтрүүлж чадвал насаа 20 гаруй жилээр уртасгах боломжтойг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Дунд насны хүмүүст ч энэ хамаатай юм байна.
“Бидний судалгааны үр дүнд зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь нийтийн эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг харууллаа. Эрт байх тусмаа сайн. Гэхдээ 40, 50, 60 наснаас эхэлсэн ч үр дүнгээ өгдөг нь тогтоогдлоо” гэж уг судалгаанд оролцсон АНУ-ын Ахмад Настны Хэрэг Эрхлэх Газрын мэргэжилтэн Шуан-Май Т Нгуен ярьжээ.
Бостон хотод саяхан зохион байгуулагдсан Америкийн Шим Тэжээлийн Нийгэмлэгийн жил тутмын хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулсан байна.
Судалгаанд АНУ-ын 700,000 гаруй 40-99 насны хүмүүсийн 2011-2019 онуудын эрүүл мэндийн өгөгдөл мэдээллийг ашиглажээ.
Судалгааг явуулах хугацаанд дээрх хүмүүсийн 33,375 нь нас барсан байна.
“Амьдралын хэв маягийн найман хүчин зүйлийг 40 насандаа нэвтрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэвтрүүлээгүй ижил насны хүмүүстэй харьцуулахад наслалтаа тус бүр 23.7 ба 22.6 жилээр уртасгах боломжтой нь харагдлаа” гэж судалгааны дүгнэлтэд бичжээ. 50 наснаасаа эхэлсэн хүмүүс дунджаар 21 жилээр, 60 наснаасаа эхэлбэл 18 жилээр насаа уртасгах боломжтойг бас дурдсан байна.
Нас уртасгах нөлөөтэй амьдралын найман хэв маягийг жагсаавал:
- Зөв хооллолт
- Тамхинаас татгалзах
- Сайн унтаж амрах
- Байнгын идэвхтэй хөдөлгөөн
- Уур бухимдал, стрессээ удирдаж сурах
- Согтууруулах ундаа хэтрүүлэхгүй байх
- Опиоид төрлийн эмээс хамааралгүй байх
- Нийгмийн эерэг харилцааг хадгалах
Эх сурвалж: The Guardian