Турк улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан ОХУ-д хоёр хоногийн хугацаатай айлчлахаар пүрэв гарагт Москва хотод ирсэн байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хакан Фидантай уулзаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Хакан Фидан Киевт зочилж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон албаны төлөөлөгчидтэй уулзсан юм.
Орос, Туркийн Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалтаар хоёр гол сэдэв яригдана гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Нэгдүгээрт удахгүй хийх Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Москва дахь айлчлалын урьдчилсан бэлтгэл ажлыг базаахаар Анкарагийн тэргүүн дээд дипломатч Москвад айлчилж байна. Хоёрдугаарт зогсонги байдалтай байгаа Хар тэнгисийн үр тарианы гэрээг дахин сэргээх талаар талууд хэлэлцэж байгаа гэж таамаглаж байна.
Хар тэнгисийн үр тарианы гэрээ нь удахгүй Москвад хийх Режеп Тайип Эрдоганы айлчлалын ч мөн гол сэдэв байна гэж эх сурвалжууд онцолж байна. Эрдоган Орост ирэхдээ Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана.
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл Лавров, Хакан Фидан нар Украин, Сири, Ливийн бүс нутгийн асуудлаар хэлэлцсэн гэжээ. Нөгөө талаар Эрдоган Орос, Украины аль алинтай харилцаа сайтай тул дайтагч талуудыг энхийн гэрээ хэлэлцээрт татан оруулахыг хичээж байна. Турк нь Орос, Украины дайн өнгөрсөн жил эхэлснээс хойш Хар тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох гэрээг зуучилж чадсан орон юм.
Дэлхийн үр тарианы гол экспортлогч Украины тээвэрлэлт зогссоноор дэлхий дахинд хүнсний үнэ нэмэгдэх, зарим газрууд өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан. Хар тэнгисийн үр тарианы гэрээг хэрэгжүүлснээр Украины гурван гол боомтоор дамжин 30 сая гаруй тн үр тариаг олон улсад эргэн нийлүүлж эхэлсэн. Гэвч НҮБ-ын оролцоотой уг гэрээний хугацааг удаа дараа сунгасны эцэст өнгөрөгч долдугаар сарын 17-ны өдөр бүрэн дуусгавар болж, Оросын тал гэрээнд оролцогч талууд амжлалтаа биелүүлэх хүртэл гэрээг сунгахаас татгалзаад байгаа юм.