Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий.
Тэдний нэг нь Тайландын алдар гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит бөгөөд тэрээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар ажиллаж байгаагаа Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд танилцуулжээ.
Үзэсгэлэнд 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан" үзэсгэлэнгээ толилуулсан “Маск” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач Н.Ганхуяг мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа аж. Мөн тэрээр “Макс үзэсгэлэн”-гээ хамтран толилуулахаар бэлтгэж байгаа юм байна.
“Монгол цам” үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийж бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир энэ үеэр “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчлах, Монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр салбарын яамнаас хамтран ажиллах боломжтой хэмээн үзжээ.