Танзани улсын хойд нутгаар хэдэн долоо хоногийн турш бороо орж хөрсний гулсалт үүссэн байна. Байгалийн гамшигт нийслэл Додома хотоос хойш 300 орчим км зайтай Катеш тосгон хамгийн их өртжээ.
Үер, хөрсний гулсалтын улмаас Танзанид 47 хүн амь эрсдэж, 85 хүн гэмтэж шархадсан байна. Холбогдох албаны хүмүүс амь үрэгдсэн иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.
Катеш тосгоны ойролцоо олон тооны зам үерийн ус, шавар, мод, чулуунд боогдсон байна. Танзани улсын Ерөнхийлөгч хатагтай Самиа Сулуху Хассан Дубайд болсон цаг уурын өөрчлөлтийн эсрэг Сор28 хуралд хэлсэн үгэндээ энэ тухай дурдаж, эмгэнэл илэрхийлэн иргэдийг аврахын тулд Засгийн газар нэмэлт тусламж хүргэхээ илэрхийлжээ.
Орон нутгийн сувгуудийн дамжуулснаар мянга мянган сууц үерт автаж, тээврийн хэрэгслүүд шавар шалбааг дунд зоогдсон байна. Африк тивийн зүүн бүсийн орнуудад удаан хугацаанд ган гачиг үргэлжилсний дараа аадар бороо орсон нь үерийн аюул дагуулж байна. Сомали улсад үерийн улмаас олон зуун хүн амь эрсдэж, сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.