Мансууруулах бодис болон мансуурлын хамаарлыг хянах Европын төв (EMCDDA) жил тутам тивийн 100 хотын бохир усны хоолойд шинжилгээ хийн мансууруулах бодисын үлдэцийг тогтоодог. Энэ жилийн судалгаа Европт кокаины хэрэглээ мэдэгдэхүйц хурдтайгаар өсөж буйг харуулжээ.
Бохир усны шинжилгээгээр кокаин, МДМА, амфетамин, метамфетамин, кетамин, каннабис зэрэг мансууруулах эм бодисын үлдэцийг тогтоодог юм. Хотууд шинжилгээнд сайн дурын үндсэн дээр оролцдог. Харин Берлин хотын 2022 оны шинжилгээ эрх баригчдад нь таалагдаагүй учраас энэ жил оролцсонгүй.
Төв болон Хойд Европт кокаины хэрэглээ өмнөх оныхоос өсөж Германд бүр 41 хувиар нэмэгджээ.
Мансууруулах бодисын хэрэглээ ийнхүү хурдтай өсөж байгаа нь 1990-ээд оны кокаины давлагаанаас хойш үнэ буусантай холбоотой байж болох юм. Кокаины хэрэглээгээр эхний 15-д бичигдэж буй хотуудын тоонд Антверпен (Бельги), Таррагона (Испани), Амстердам (Нидерланд), Леуварден (Нидерланд), Роттердам (Нидерланд), Цюрих (Швейцар), Льейда (Испани), Женева (Швейцар), Эйндховен (Нидерланд), Утрехт (Нидерланд), Рейкьявик (Исланд), Берн (Швейцар), Сантьяго (Испани), Барселона (Испани), Парис (Франц) багтлаа.
EMCDDA төвийн судалгаанд өгүүлснээр, Европт шинжилгээний бүх мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн бөгөөд зөвхөн метамфетамины хэрэглээ буурсан буурсан байв. Чех улсад метамфетамины хэрэглээ хамгийн өндөр гарсан ч сүүлийн жил 37 хувиар багасчээ. Харин каннабис Европт хамгийн дэлгэрсэн мансууруулагч болсон байна. Энэ бодисын задралын ул мөр Нидерланд, Испани, Словени, Швейцарийн уснаас ихээр илэрчээ. Каннабисын хэрэглээ 8.15 хувиар нэн ялангуяа Словени, Испани, Нидерланд, Италид ихээр нэмэгджээ.