8o
Улаанбаатар хот
mobile menu

Нигерийн зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан 137 сурагч гэртээ эсэн мэнд эргэн ирлээ

2024-03-29 11:11:00

Нигери улсын баруун хойд нутагт байдаг Курига тосгоны сургуулиас энэ сарын 7-ны өдөр галт зэвсэгтэй этгээдүүд олон тооны сурагчийг хулгайлсан. Хүүхдүүдийг барьцаалсан этгээдүүд тэрбум найра буюу ойролцоогоор 600 000 ам.долларыг гурван долоо хоногийн дотор төлөхийг эрх баригчдаас шаардсан юм.

Барьцаалагчдын товлосон хугацаа болохоос өмнө Нигерийн арми, цагдаа, тусгай хүчнийхэн ажиллагаа явуулж 137 сурагчийг суллаж чадсан байна. Барьцаанаас суллагдсан хүүхдүүд  өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ баяр хөөртэйгээр уулзлаа. Тэднийг Кадуна хотод авчран эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулжээ.

Сурагчдыг хулгайлсан тухай анх мэдээлэхдээ эх сурвалжууд 280 гаруй сурагчийг барьцаалсан гэж мэдээлж байсан. Харин армийн цэрэг, цагдаа хүчнийхэн тусгай ажиллагаагаар барьцаанд байсан бүх 137 хүүхдийг сулласан байна. Харамсалтай нь хүүхдүүдтэй хамт барьцаалагдсан сургуулийн ажилтан амиа алдаж зургаан хүүхэд бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өмнө нь энэ мэтчилэн хүүхэд хулгайлсан гэмт этгээдүүдтэй эрх баригчид тохиролцдог байсан бол 2022 онд баталсан хуулиар барьцаалагчдад мөнгө төлөхийг хориглосон байна. Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу ч мөн энэ удаад мөнгө өгөхгүй байх шийдвэр гаргажээ.

Арваад жилийн өмнө Нигерийн Борно мужид Боко Харам зэвсэгт бүлэг дунд сургуулиас 276 сурагч охиныг хулгайлсаны зарим нь өнөөдөр ч гэртээ эргэж ирээгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment