8o
Улаанбаатар хот
mobile menu

Балба улсад энэ онд 4500 ойн түймэр бүртгэгджээ

2024-05-03 15:01:47

Өмнөд болон зүүн өмнөд Азийн орнуудад өнгөрсөн сараас эхлэн хэт халуун цаг уурын урсгал тохиож байна. Хэт халуунаас үүдэлтэйгээр Бангладеш, Филиппин, Мьянмар зэрэг улсуудад хичээл сургуулиудыг хаах, сурагчдыг албадан амраах зэрэг арга хэмжээ авч байна. Харин Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улсад хэт халууны улмаас ойн түймэр газар авчээ. Өнгөрсөн өвөл хэт хуурай байснаас үүдэлтэйгээр ойн түймэр энэ жил өмнөх жилүүдийн мөн үеэс их байгааг холбогдох мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.

Балбад ихэвчлэн жил бүрийн гуравдугаар сард ойн түймэр их гардаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж ойн түймрийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Энэ жил Азийн орнуудыг дайран өнгөрч байгаа цаг агаарын халуун урсгал ойн түймрийг улам бүр өдөөж байна гэж эрх баригчид үзэж байгаа юм. Ойн түймэр нийслэл Катманду хотын гадна тулж ирсэн бөгөөд орон нутгийн оршин суугчид, гал сөнөөгчид тэмцсээр байна.

Өнгөрсөн шөнө гал сөнөөгчид болон онцгой байдлын алба хаагчид Катмандугийн өмнөд хэсэг дэх Лалитпурын ойд ассан түймэртэй тэмцжээ. Энэ жил Балба даяар нийт 4500 ойн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байгаа юм.

Тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах газрын мэргэжилтэн Сундар Шармагийн хэлснээр ой хээрийн түймэр урьдчилан таамаглах аргагүйгээр нэмэгдсэн гэлээ. Мөн түймрийн улирал дахин нэг сар үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Балбын өмнөд тал газарт хуурайшилт урт хугацаагаар үргэлжилсний дээр хэт халж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулжээ.

Балбын өмнөд нутгийн зарим газарт, тэр дундаа Буддын шашны төв Лумбини хотод агаарын температур цельсийн 40 хэмийг давж халж байна. Ирэх өдрүүдэд агаарын температур улам нэмэгдэх төлөвтэйг анхааруулжээ. Түүнчлэн өмнөд нутгийн Бутвал хотод хэт халууны улмаас пүрэв болон баасан гарагуудад сурагчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулиудыг хаасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment