8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Херо"-гийн бичлэг алдагдсан гэдэг нь худлаа болж, Д.Булганыг 461 дүгээр анги руу шилжүүлсэн өдөр

2016-04-21 18:53:00

Цаг хугацаа хумхийн тоосыг хаашаа ч юм хийсгэн одох адил хүмүүн биднийг ч бас л нэг зүг рүү хийсгэн одох юм. Тэнгэрийн бараан үүлсийн сиймхийгээр хааяахан тусах наран ч хүртэл гагц тэр цаг хугацааны боол мэт. Цаг хугацаатай уралдан юу, хаашаа ч юм бүү мэд яаран гүйцгээнэ. Цаг хугацаанд туугдан яарч явах үедээ түр азнаж өөртэйгөө ярилцаарай. Өөртэйгээ ярилцах, өөртөө юу гэж хэлэх нь бусдад юу гэж хэлэхээс хамаагүй чухал байдаг гэнэ. 

Ганц л өдрийн дотор бидний уураг тархинд үй түмэн бодол урсаж орж ирдэг бөгөөд тэдгээр бодлуудаа чиг болгон бидний амьдрал үргэлжилдэг гэж хэлэхэд болно.  Өөртэйгээ хэр зэрэг ярилцахаас урагшаа алхах уу, арагшаа ухрах уу гэдэг маань шийдэгддэг учраас эрүүл саруул байх, ажил дээрээ карьер ахих, хувийн амьдралдаа амжилт гаргая гэж бодож байвал өнөөдрөөс эхлээд өөртэйгээ өөрөөр харилцаж эхлээрэй.  Гайхамшиг эндээс эхлэнэ. Та гайхамшигаа маргаашнаас биш, яг одооноос эхлээрэй. Маргаашийн хийх ажлаа цэгнэн байгаа таньд Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Б.Мөнхбаяр: Өнөөдөр би жимс зарж байгаа ч ирээдүйд Н.Түвшинбаяр аварга шиг бөх болно

Уншигч танд эгэл жирийн нэгний алдсан, оносон баярласан, амьдралын төлөө зүтгэж байгаа, алдаж  гуньсан хэн нэгний түүхийг хуваалцаж бодлын тань үзүүрт түрхэн хором тухлан саатахыг зорьдог  “Амьдрал сайхан”  булангынхаа хойморт энэ удаад Монголын ирээдүй  мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон 6 настай бяцхан хүүг, аавын хамт ээлжит дугаарын зочиноор  урилаа. Бидний зочин нэг дүгээр эмнэлгийн дэргэд жимс ногоо зарж байгаа аав хүү хоёр.  Тэдний ирээдүйн мөрөөдөл туулсан амьдрал уншигч таньд өөрийн эрхгүй нэгийг бодогдуулана гэдэгт итгэлтэй байна. Биднийг ярилцлага авахаар очиход Б.Бямбажав хоёр хүүгийн хамт жимсээ зарж байлаа.

Худалдан авагч нэгэн бүсгүй 1-р эмнэлгийн гадаа жимс зарж байгаа 6 настай хүүг хараад “Чи яасан мундаг юм бэ” гэж хэлэхэд “Эгч ээ би том зорилготой” хэмээн хэлж сошиал ертөнцийн хайрыг татсан хүү 6 настай 1-р ангийн сурагч. Б.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа. Түүнийг хараад ирээдүйн боловсон хүчин, эх орноо авч явах хүүхдүүд ийм мундаг алсыг хараатай байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байлаа.

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Яг л энэ үгийг батлах мэт, цовоо сэргэлэн, хүсэл мөрөөдлөөр дүүрэн 6 настай бяцхан жаал сэтгүүлч надад хорвоогийн түм буман аз жаргалыг хормын дотор мэдрүүллээ. Хүмүүний амьдрал газар тэнгэр, гал ус мэт ялгаатай. Хорвоо ертөнцөд жаргалдаа ташуурч яваа нэгэн байхад, амьдралын төлөө зүтгэж яваа мянга мянган хүүхэд, залуус байна. Тэднийг харахаар Монгол Улсын минь ирээдүй гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байна. Аав, хүү хоёртой ажлынх нь зав чөлөөгөөр ярилцсанаа хүргэе.

-Сайн уу миний дүү, Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бямбажавын Мөнхбаяр гэдэг. Би 6 настай. Энэ жил нэгдүгээр ангид орсон.Манайх Хайлаастад амьдардаг. Би Хайлаастад байдаг 72 дугаар сургуульд сурдаг. Манайх 6 ам бүлтэй. Би өвөө, эмээ ах, аав, дүүгийн хамт амьдардаг. Харин манай ээж өөр газар амьдарч байгаа. Ээжийн байгаа газар их хол.

-Одоо танай анги үсгээ үзээд дуусчихсан уу?

Манай анги 35 үсгээ үзээд дуусчихсан. Ирэх сарын эхээр үсэглэлийн баяраа хийх гэж байгаа.

-Миний дүү онц  сурдаг уу?

Би ангийн тэргүүний сурагч. Өнөөдөр багш надад нэг баяртай мэдээ дуулгасан.Намайг тоо, монгол хэл, цээж бичиг болон хичээлдээ сайн болохоор үсэглэлийн баяраар медаль авна гэж хэлсэн.

-Чи ёстой мундаг юмаа. Аав дээрээ ирж жимс зарахад нь байнга тусалдаг уу?

-Хичээлээ тараад л аав дээрээ ирдэг. Зарим үед гэртээ очоод хичээлээ хийнэ. Аав дээрээ ирсэн бол аавынхаа хажууд хичээлээ хийнэ. Би бас дүүдээ хичээл заадаг.

Надад том зорилго байгаа...

-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ?

-Надад том зорилго байгаа. Би бөх болно гэж боддог. Яг л Олимпийн аварга Н.Түвшинбаяр аварга шиг хүн болно. Би бөх барилдах дуртай. Би барилдаж байгаа хүнээ шууд “нам” унагаана.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа аав, дүү ахтайгаа гадуур зугаалах дуртай. Миний амарсан өдөр аав минь байнга гадуур дагуулж явдаг. Би саяхан Цирк үзсэн. Амралтын өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон талбайгаар явах дуртай. Аав маань бид гурвын хүссэн зүйлийг хийж өгдөг. Би аавдаа маш их хайртай.

6 настай хүүхдэд байхааргүй хүсэл мөрөөдөл, том зорилго өвөртөлж яваа хүүгийн аав Бат-Эрдэнийн Бямбажавтай арилжаа наймаа болон амьдрал, үр хүүхдийнх нь талаар ярилцсанаа хүргэе.Бяцхан хүүгийн аавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг энд дарж уншаарай.

Б.Мягмар: Хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулбал 2-8 жилийн ял эдэлнэ

Эрүүгийн шинэ хуулийг  эмч мэргэжилтнүүд эсэргүүцэж, нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.  Энэ асуудлаар Монголын Эрүүл мэндийн салбарын ажилтнын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай  ярилцлаа.

-Ирэх есдүгээр сараас мөрдөгдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагыг эмч нар эсэргүүцэж байгаа. Энэ хууль хуучин хуулиас ямар ялгаатай вэ?

- УИХ  өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 3-нд баталж, 2016 оны 09-р сарын 1-ээс дагаж мөрдөх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулагад  өмнө  эмнэлгийн мэргэжилтэй холбоотой зүйл заалт нь болгоомжгүйгээс үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарагдаг байсан.

Харин одоо мөрдөгдөх хуулинд эмнэлэгийн  мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ гэж заасан  байгаа.

Үүнийг эсэргүүцэж байгаа. Тангараг өргөсөн эмч хүн эмнэлэгийн ажилтан, сувилагч хүн хэзээ ч хүний амь насанд санаатайгаар эрүүл мэнд  нь хохирол учруулж, санаатайгаар гэмт хор хийж байгаагүй.Эрүүл мэндийн салбарт санаатайгаар гэмт хэрэг хийсэн тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Шинээр мөрдөгдөх  хууль нь мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн урмыг хугалж байна. Иймээс бид түр хороо байгуулсан  байгаа. Мөн холбогдох байгууллага болон салбарын яам,  Хууль зүйн яам, Байнгын хороо, Намын бүлгүүд, УИХ, Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Мөн  УИХ-ын 76 гишүүнд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлэх гэж байна. Хэрэв энэ хууль батлагдвал эмч нар  эмчийн ажлаа орхино гэж байгаа.  Эзэнгүй энэ салбарт эмнэлэгийн ажилчид авч явж байгаа шүү дээ.  Гэтэл шоронжуулсан хууль гаргаж байгаад нь харамсалтай байна.

Одоо түр хороо байгуулаад ажиллаж байна. Одоогийн байдлаар найман эмнэлэг дээр салбар түр хороо байгуулагдсан.Бид энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажилж байна. Шаардлагаа өгсөн. Шаардлагын хариуг ажлын тав хоногт багтааж өгөхгүй бол ирэх долоон хоногоос улс орон даяар томоохон жагсаал цуглаан хийнэ.

-Эмч хүний ажил хүнд. Гэхдээ эмч нарын тоомжиргүй байдлаас болж эндэгдэл гаргах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд эмч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?

-Эрүүл мэндийн салбарын хариуцлагын тогтолцоо маш ойлгомжтой байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн харилцаанд орж байгаа эмч мэргэжилтэнгүүд ажилдаа хайнга хандсан, хоцорсон асуудал гарвал хөдөлмөрийн тухай хуулиар сануулах арга хэмжээ авна. Дараа нь цалингийг гурван сараар 20 хувь хүртэл хасдаг. Мөн ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэгт байнга шалгалт хийдэг. Өнгөрсөн 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулиар маш өндөр торгуулийг өгч байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин. Хамгийн бага нь торгууль сая есөн зуун мянган  төгрөгийг төлдөг. Гэтэл өнөөдөр авч байгаа цалингийн хэмжээ нь 450-500 мянган төгрөг байна. Нөгөө талаас эмчлэх ёсзүйн алдаа гаргавал эмчлэх  үйл ажиллагаа нь тодорхой хугацаагаар хүчингүй болгодог.

Манай эмнэлгийн ажилчдыг ажиллах нөхцөлөөр нь бүрэн хангаагүй стандарт бус оршинд ажиллаж байна.   

-Эмнэлэгийн ажилчид хуулийн хариуцлага хүлээж, ял шийтгэл авсан тохиолдол байгаа юу?

- Байгаа. 2011-2016 оны шүүхээр тогтоосон эрүүгийн гэмт хэрэг дээр 30 хувь ял шийтгэл авсан байх жишээтэй. Үүнийг судалгаан дээр үндэслэж гаргасан тоо баримт. Бид хариуцлагагүй байх гээд байгаа юм биш ээ. Шударга ёсонд нийцсэн хуулиа батлах хэрэгтэй. Хүний амийг санаатай хохироосон хүнтэй дүүцэх ял тавьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байна.

Эмч нар эрүүл мэндийн салбарын нуруундаа үүрч, байнгын бэлэн байдалтай ажиллаж байгаа. Одоо нэг  эмчид үзүүлэх хүний тоо стандартаа давчихсан байна. Гэтэл энд стандарт шаардлага тавьж, хуулиар ташуурдах гэж байгаа бол ёстой уучлаараа гэж хэлнэ. Иймээс энэ хуулийн өөрчлөлтийг манай салбарынхан хүлээж авахгүй. Энэ асуудлыг шийдэх хүртлээ бид тэмцэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай.

У.Эрхэмбаяр: Таван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг

 

Урин дулаан цаг ирж ард иргэд хөдөө явах, агаар салхинд гарах, жимс, ногоо,  хүний эрүүл мэнд ашиг тустай ургамал түүх нь ихэсдэг.  Энэ үеэр хачигт халдварын өвчлөл, хачигт хазуулсан тохиолдол нэмэгддэг. Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх, хазуулсан тохиолдод ямар арга хэмжээ авах талаар иргэд тэр бүр мэддэггүй.  Тиймээс  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн  Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяртай энэ талаар ярилцлаа.  

-Хачигт халдварын талаар манай уншигчддад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу та бүхэнд  энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхий  дээр энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд жил ирэх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Европын 29, Азийн дөрвөн оронд хачигт халдварт өвчин бүртгэгдээд байна. Азийн орны тоонд манай ч улс багтддаг. Зарим улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн байдалд маш сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн.  Манай улсын хувьд 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт халдвар буюу хачигт энцефалитийн вирусийн  эсрэг судалгааг эхлүүлсэн. 1998 оноос ОХУ-ын Эрхүү хотын халдвар нян судлалын хүрээлэнтэй хамтарч Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалсан. Дээрх аймгуудад илүү тархадаг нь судалгаагаар тогтоосон. Хачигт халдвар нь улирлын чанартай өвчин л дөө. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Хачигт халдвар гурван төрлийн өвчин байдаг. Түүний нэг нь хачигт энцефалит. Манайд хамгийн элбэг тохиолдог гэж хэлж болно. Энэ нь вирусээр үүсч хачгаар дамжин халдварлаж төвийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Нэг үгээр хэлбэл, байгалийн голомтод, цочмог халдварт өвчин.  Хулгана, Зурам, Туулай, Зараа зэрэг мэрэгч амьтад ерөнхийдөө түлхүү энэ өвчнөөр өвчилж, халдвар тараадаг.  Нэг хачиг дунджаар долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү өвч­ний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй чтаван хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдагТүүнчлэн хачиг салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Тэр замд нь хүн, амь­тан таарвал шигдэж, шимэгчилэн амьдарч эхэлдэг. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншаарай.

АН-ын дарга З.Энхболд генсекээ солих уу

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо дахин ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-нд хуралдана. Тус хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх, эсэх  асуудлыг хэлэлцэнэ. Өмнөх хуралдаанаар АН-ынхан мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн билээ. Харин энэ удаагийн хуралдаанаар ҮЗХ-ны хуралдаанд хөдөө орон нутгаас ирсэн гишүүд Л.Эрхэмбаярыг чөлөөлөх саналыг хурлын үеэр гаргах талаар мэдээлэл гарлаа. Уг саналыг намын дарга З.Энхболд нь битүүхэн дэмжиж байгаа  гэх бор шувуу ч нисэж эхэлсэн байна. Учир нь сонгуульд хэзээ ч ялж үзээгүй хүнтэй сонгуульд орохоос намын дарга нь зүрхшээж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр Л.Эрхэмбаяр ажлаасаа чөлөөлөгдөх өндөр магадлалтай байгаа аж.

ХӨСҮТ-д шаардлагатай 24 ширхэг утлагын аппаратыг бэлэглэжээ

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд хорвоог орхисон харамсалтай мэдээ дуулдсан. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртгасгасан цагаар ажиллаж байгаа ч энэ өвчнийг эмчилж, анагааж дийлэхгүй байгаа. Тиймээс өвчний дэгдэлт ихтэй энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа хөнгөвчлөхийн тулд тус төвд түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажиллуулахаар болсон байна.

Мөн улаанбурхан өвчинтэй тэмцэж, хандив цуглуулан сайн үйлсийн аян өрнүүлж буй залуус ХӨСҮТ-д хамгийн их хэрэгцээтэй байсан утлагын аппарат 24 ширхэг, 10 ширхэг тариа, бусад 3,000 орчим нэгж зүйлс шаардлагатай эзэддээ хүргэжээ. Уг аппаратыг суурь өвчтэй, хатгалгаа, ханиадтай хүүхдүүд хавсарсан байдлаар улаанбурхан туссан хүүхдүүдэд хэрэглэдэг юм.

"Херо"-гийн бичлэг алдагдсан гэдэг нь худлаа боллоо

Нэлээд хэдэн сарын өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын Монгол тулгатны зуун эрхэмд оролцох үеийн хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн. “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар маш том бүлэглэл зохион байгуулалттайгаар бичлэгийг хулгайлсан. Бид хэргийг шалгуулахаар цагдаад хандсан” талаар мэдээлэл өгч байсан. Тус хэргийн мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.

Д.Булганы бие мууджээ

С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл цагдан хорьсоор байгаа.Түүнийг өчигдө орой 461 дүгээр анги руу шилжүүлсэн байна. Д.Булганы эрхийг ноцтой зөрчиж, дан эрчүүдийн дунд, маш тод гэрэлтэй өрөөнд хорьж байгаа талаар мэдээлэл гарсан. Өмгөөлөгчийн гаргасан энэхүү  гомдлын дагуу Д.Булганыг Төв аймгийн хорих ангиас цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн байна. Мөн Д.Булганы биеийн байдал маш хүнд, нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон байна. 

 

Өнөөдөр болсон үйл явдлыг цөөн үгээр.

-Монголын хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендер будлиантай болсон талаар Хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо болон хэвлэх үйлдвэрийн захирлууд мэдээлэл хийлээ.

-Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо.

-Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийв.

-Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо.

Таны маргаашийн ажилд амжилт хүсэе.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ХЭ ХЭ Баатар өөрөөсөө хулгайлчихсан юм уу? Прокурорууд их Сонин шийдвэр гаргах юм
2016/04/23 103.17.108.42