Хятад болон Камбож улсууд урьд өмнө хийж байгаагүй өргөн хүрээг хамарсан хамтарсан цэргийн сургуулилалтыг энэ долоо хоногт эхлүүлж байна. АНУ уг сургуулилалтыг Хятад Зүүн өмнөд Азийн бүс, тэр дундаа Камбож улсад нөлөөгөө тэлж буй явдал гэж харж байгаа юм.
Цэргийн сургуулилалтын эхэнд Хятадын арми автомат буугаар тоноглосон робот нохойг танилцуулсан байна. Дөрвөн хөлтэй, нуруун дээрээ автомат буу бэхэлсэн робот нохой нь алсын удирдлагатай бөгөөд хэвлэлийнхэнд зориулж робот нохойн зөвхөн алхах хөдөлгөөнийг танилцуулсан байна.
Камбож улс нь Зүүн өмнөд Ази дахь Хятадын гол түнш орон гэж болно. Өнгөрсөн жилүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Бээжингээс татсан. Бээжин Камбожид нөлөөгөө өсгөж, хөрөнгө оруулалтаа нэмж байгаа нь Камбожийн тэнгисийн цэргийн баазыг бүс нутгийн маргаанд илүүрхэхийн тулд ашиглаж байна гэж Вашингтоны зүгээс сэрдсээр байгаа юм.
“Алтан луу” нэртэй Хятад, Камбожийн хамтарсан цэргийн сургуулилалтыг хамгийн анх 2016 онд хийж байжээ. Энэ жилийн сургуулилалтад цэрэг армийн 2,000 орчим бие бүрэлдэхүүн оролцож байна. Тэдгээрийн 760 нь Хятадын армийн бие бүрэлдэхүүн байгаа юм. Сургуулилалт Камбожийн Приа Сиханук нэртэй далайн эргийн муж болон төвийн Кампон Чхан мужид явагдаж байна.
“Алтан луу” цэргийн сургуулилалт 15 хоног үргэлжилнэ. Энэ удаад Хятадын байлдааны зориулалттай гурван хөлөг онгоц, Камбожийн 11 хөлөг онгоц болон хоёр нисдэг тэрэг, 69 тоноглосон танк тээврийн хэрэгсэл оролцож байна. Түүнчлэн бэлтгэл сургуулилалтын үеэр шууд гал нээх, терроризмын эсрэг ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн сургуулилалтуудыг хийх юм.
Сургуулилалтыг нээж Камбожийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Вон Писен үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ хэзээ ч гадны цэрэг армийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Уг сургуулилалтыг эхлэхээс өмнө өнгөрсөн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Камбож улсад гурав хоногийн хугацаатай айлчлаад буцсан юм.