Франц улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг өмнөд Номхон далайд орших Шинэ Каледонийн арал дээр эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал эхлээд долоо хоног өнгөрлөө. Нөхцөл байдал дээрдээгүй тус аралд олон улсын 3 200 гаруй жуулчин гацжээ. Австрали болон Шинэ Зеланд улсууд арал дээр амарч, зугаалахаар очсон ч гэртээ харьж чадалгүй гацсан иргэдээ татан авахаар тусгай үүргийн онгоц илгээхээр зэхэж байна.
Францын парламентаар Шинэ Каледонийн сонгуулийн хуулийг өөрчлөх саналыг хэлэлцэхээр болсон нь тус арал дээр оршин суудаг уугуул канак үндэстний эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон юм. 300,000 орчим оршин суугчтай тус арал гурван мужтай. Иргэдийн 40 орчим хувь нь уугуул канакчууд ажээ. Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналаар тус арал дээр 10-аас дээш жил оршин суусан иргэдийг санал өгөх эрхтэй гэж тусгасан байна. Хэрэв арал дээр сүүлийн жилүүдэд оршин сууж байгаа францууд болон Европоос ирсэн хүмүүс санал өгөх эрхтэй болбол уугуул иргэдийн улс төрийн нөлөө буурна гэж үзэж эсэргүүцэл үзүүлж байна.
Эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн үймээн таригчид нийслэл хот Нумеаг Тонтута олон улсын нисэх буудалтай холбосон төв замыг хаасан. Мөн дэлгүүр худалдааны төвүүдийг тонож дээрэмдэх, галдан шатаах зэрэг зүй бус үйлдлүүд гаргаж байна. Үймээний улмаас цагдаагийн хоёр алба хаагч, энгийн дөрвөн иргэн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж шархдаад байгаа юм. Францын Засгийн газар үймээний үеэр төрийн өмчийн үйлдвэр, стратегийн ач холбогдолтой газруудыг хамгаалахын тулд цагдаа, хүчний 1000 бие бүрэлдэхүүнийг Шинэ Каледони руу илгээсэн. Одоогоор үймээн дэгдээсэн хэргээр 300 хүнийг баривчлан саатуулж, 12 хоногийн хугацаатай онц байдал зарлаад байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл онц байдлын хугацааг сунгах төлөвтэй. Онц байдлын хүрээнд шөнийн цагаар хөл хорио тогтоож, сэжиг бүхий үймээн дэгдээгчдийг гэрийн хорионд оруулах, олон нийтийн цугларалтыг хориглох, ТикТок-ыг хаах, зэвсэг ашиглах, согтууруулах ундааг худалдан борлуулах зэргийг хоригложээ.