Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн гурав дахиа тангаргаа өргөсөн өдөр Кашмирын бүсэд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар хинду шашны мөргөлчдийн сууж явсан автобус руу зэвсэгт этгээдүүд дайрчээ. Халдлагын улмаас багаар бодоход есөн хүн амь үрэгдсэн тухай цагдаа нар мэдээлсэн байна. Цагдаа нарын хэлж байгаагаар зэвсэгтэй этгээдүүд автобусыг ирэхийг нь отож байгаад дайрчээ.
Эх сурвалжуудын дамжуулснаар уг халдлага хинду үндэстэй Ерөнхий сайд Модигийн тангараг өргөх ёслол эхлэхээс нэг цагийн өмнө болсон байна. Зэвсэглэсэн этгээдүүдийг халдах үед жолооч хяналтаа алдаж автобус гүн хавцал руу унажээ. Риаси нэртэй тосгоны ойролцоо болсон ослын улмаас 23 хүн бэртсэн байна. Автобустай мөргөлчид хинду шашны сүмд мөргөл үйлдчихээд буцаж явжээ.
Энэтхэгийн улс төрчид уг халдлагыг шүүмжлэн буруутгасан. Тэр дундаа сөрөг хүчний намынхан эрх баригчдыг уг халдлагад буруутай гэж үзжээ.
Кашмирын уулархаг бүс Энэтхэг, Пакистан, Хятад гурван улсын хил дээр оршдог. Пакистан улс 1947 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Энэтхэг улстай Кашмирын бүсийг хувааж, газар нутгийн маргаан дагуулсаар ирсэн. Улмаар 1989 онд босогчдын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж Кашмирыг тусгаар тогтнуулах, үгүй бол Пакистантай нэгтгэхийг шаардах болсон. Босогчид болоод Засгийн газрын сөргөлдөөн, хямралын улмаас өнгөрсөн жилүүдэд олон арван иргэн, армийн цэргүүд, босогчид Кашмирт амиа алдсан юм.
Модигийн Засгийн газар 2019 онд Кашмир дахь хязгаарлагдмал автономит буюу бие даасан байдлыг цуцалснаар Энэтхэгийн эсрэг бослого тэмцэл, хүчирхийлэл эрс буурчээ.