8o
Улаанбаатар хот
mobile menu

Үер

2024-06-19 11:11:00

Хот байгуулалтын тухай хуулийн 21.1.2-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол зам, холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах ажлыг хэрэгжүүлнэ” гэсэн байдаг. “Инженерийн бэлтгэл ажил” гэдэг нь “хот, тосгоны барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам, талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээ” болохыг Хот байгуулалтын тухай хуулийн 3.1.9-т тодотгожээ. Өөрөөр хэлбэл, хот байгуулахаар төлөвлөсөн бол хамгийн эхлээд байгалийн гамшгаас хамгаалах байгууламж барих ажил нэгдүгээрт шүү гэдгийг хуульд бичсэн нь энэ.

2008 онд баталсан Хот байгуулалтын тухай хуулийн дээрх заалтыг төрийн албан тушаалтнууд мөрдөөгүйн хохирогчид бол 30-хан минутын аадарт усаар дүүрдэг зам, урсаж хохирдог айлууд. Монгол хуурай уур амьсгалтай, Улаанбаатарт жилд ордог хур тунадасны хэмжээ дунджаар 200 мм. Энэ нь Сөүлтэй харьцуулахад 10 дахин бага. Тэгэхэд байдаг л бороо, буудаг л үер улсын нийслэлд маань гамшиг дагуулж байна гэдэг бол хурын биш авлигын үер гэдгийн нотолгоо.

Үерийн хохирол

Өнгөрсөн 2023 оны долоо, наймдугаар сард Улаанбаатарт орсон аадар бороо дөрвөн удаагийн үер болсон. Үерт нийслэлийн 96 хорооны 31.6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, 231 тээврийн хэрэгсэл өртөж, дөрвийн дөрвөн хүн амиа алдсан. 21 байршилд гудамж, зам талбай усанд автаж, 74023 хэрэглэгч цахилгаангүй болcон зэрэг нь 246 жилийн өмнө Туулын хөвөөнд суурьшсан нийслэлчүүдийн анх удаа үзсэн үерийн гамшиг биш.

1966 оны үерээр Монгол Улс 130 иргэнээ, 1982 оны үерт 187 иргэнээ алдсан. 1982-2009 оны хүртэл үерт 247 иргэнээ алдсан гэсэн тоон судалгааг Гамшиг судлалын хүрээлэн гаргажээ. Энд үерийн улмаас нийгэм, эдийн засагт учирсан хохирлоос алдагдсан боломж, нийтийн болон хувийн хөрөнгөнд учирсан хохирол, үерт нэрвэгдэгсдийг аврах, эрсдэлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх зардал, нөхөн олговор зэргийг тооцоогүй. Жалга бөглөж байшин барьж, гол руу шахаж газар өгөх бүрт л үерийн давтамж нэмэгдэнэ. Харин төрөөс үерийн шалтгаантай биш үр дагавартай тэмцэж ирсэн нь үнэн билээ.

Үерийн шалтгаан

Хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөлт зөрчиж, хууль бусаар замбараагүй олгосон газрын барилгажилт 1999 оноос эхтэй. Үүнээс өмнө газрын дуудлагаар, төлөвлөлтийн дагуу олгодог байсан.

Нийслэлийн Засаг даргаар М.Энхболд 1999-2005 онд ажиллахдаа 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,

Ц.Батбаяр 2005-2007 онд ажиллахдаа 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,

Т.Билэгт 2007-2008 онд ажиллахдаа 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,

Г.Мөнхбаяр 2008-2012 онд ажиллахдаа 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,

Э.Бат-Үүл 2012-2016 онд ажиллахдаа 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,

Су.Батболд 2016-2018 онд ажиллахдаа 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,

Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018-2019 онд ажиллахдаа 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,

С.Амарсайхан 2019-2020 онд ажиллахдаа 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,

Д.Сумъяабазар хотын даргаар хоёр жил ажиллахдаа 621 шийдвэрээр 687.779м2 газар бусдад олгосныг Шилэн ажиллагааны хүрээнд Засгийн газар мэдээлж байв.

Үерийн гамшиг, ер нь л өнөөгийн Улаанбаатарын бусад тулгамдсан асуудлууд болох сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, утаа, түгжрэл, ус, хөрсний бохирдол, тохьгүй орчинг аль ч салбарын судлаачдаас тодруулахад хот төлөвлөлтийн алдаа, газрын менежмэнттэй холбодог.

Үерийн амныхан

Үерийн аман дээр амьдардаг 1700 өрхийн судалгаа бий. 1400 орчим нь газрын гэрчилгээтэй, 300 гаруй нь зөвшөөрөлгүй буусан айлууд. Тэдэнд үерт нэрвэгдэх нь байна шүү, нүүгээрэй гэдэг мэдэгдэл өгдөг боловч хөдлөдөггүй, дөнгөж 10 нь л нүүсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлсэн.

Усны тухай хуульд “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан байдаг. Туул болон түүний цутгал голуудын онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж нийтдээ 890 га талбайд газар олгожээ. Харин үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн хамгаалалтын 10 метрийн бүсэд 3999 нэгж талбарт 2863 га газрыг бусдад ашиглуулсан байна.

Иймээс 2023-2025 онд 891 нэгж талбар

2026-2030 онд 1503 нэгж талбар

2031-2035 онд 895 нэгж талбар

2036-2040 онд 1390 нэгж талбарыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хэмээн Барилга хот байгуулалтын яамны захиалгаар бүтээсэн Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгажээ. Үерт нэрвэгдэж болзошгүй газрыг чөлөөлж үерийн байгууламжаа өргөтгөснөөр нийслэлийг гамшгаас хамгаалах боломжтой.

Үерийн байгууламж

Улаанбаатар хотод 2040 он хүртэл шинээр 345 км үерийн хамгаалалтын суваг, 23 км үерийн далан шинээр хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн 1100 гаруй км замаас 169 км буюу дөнгөж 16 хувь нь л борооны ус зайлуулах шугамтай боловч тэдгээрийн 70 хувь цаашид шаардлага хангахгүй болсон. Иймээс эхний ээлжид зам талбайн ус зайлуулах шугамын 65.2 кмыг засаж, шинээр Гачуурт, Налайх, Жаргалант, Багануур, Хонхор, 361-ийн гарам, Эмээлт, Багахангай орчимд 282 км ус зайлуулах шугам шинээр байгуулах шаардлага тулжээ. Мөн Туул болон Сэлбэ голд тохируулга хийх усан сангийн цогцолбор байгуулах шаардлагатай.

Энэ мэт үерийн барилга, байгууламжийг 2040 он хүртэл барихад 5.1 их наяд төгрөг шаардлагатай. Энэ төсөвт дээр дурдсан зөрчилтэй айлуудыг нүүлгэх шилжүүлэх зардал ч шингэсэн юм билээ. Гэлээ гээд Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө бол бодлогын баримт бичиг. Төсөв таслалгүй тавьж, төлөвлөгөөний дагуу хийхгүй л бол тунхаг төдий цаас юм. Өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын үер бол найман жилд нэг удаа орох магадлалтай аадрын нөлөөтэй. 100 жилд нэг унадаг аадрынх буюу 1966 оны үер давтагдах эсэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй учраас Инженерийн бэлтгэл ажлаа Улаанбаатарын 1.6 сая иргэнийхээ төлөө хийхээс аргагүй юм.

Үерийн мэдээ

Иргэдийг аюул ослоос сэрэмжлүүлэх, аврах албад ажлаа төлөвлөхийн тулд цаг агаарын урьдчилсан мэдээ хангалтгүй. Харин аюулт үзэгдэл хэзээ, яаж, хаана, хэнд нөлөөлөх вэ гэсэн эрсдлийн нөлөөллийн прогноз хэрэг болдог. Дэлхий орнуудын цаг уурын байгууллагууд нөлөөллийн прогноз гаргадаг чиглэл рүү шилжсэн. Монголын 100 жилийн түүхтэй цаг уурын байгууллага үерийн гамшиг хэзээ болохыг шуурхай мэдэж, нөлөөллийн эрсдлийн прогноз гаргах хүчин чадалтай юу. Шуудхан хэлэхэд чадахгүй.

Цаг уур, орчны шинжилгээний газарт Сү.Батболдын Засгийн газрын үед супер компьютер авч өгснийг одоо хүртэл солиогүй. Морингийн даваан дээрх радараас өөрийг улсын хэмжээнд нэмээгүй. Хурын ус хэмждэг суурин харуулуудыг автоматжуулаагүй. Нэг үгээр хэлэхэд одоо л НҮБ-ын АДАПТ төслийг царайчилж төхөөрөмжөө шинэчлэх тухай ярьж байгаа болохоос Цаг уурын байгууллагынхаа техник, боловсон хүчинг “хамгийн худалч мэргэжил” гэдэг яриатай нь орхичихсон юм билээ, манай төр. Цаг агаарын мэдээ цаг агаартайгаа таарахгүй байна гэдэг бол үнэхээр эмгэнэл. Тэгтэл нь хөсөр хаяжээ. Дөрвөн уулын бэлд, гурван голын бэлчирт байгаа Улаанбаатарт 100 жилд, магадгүй мянган жилд нэг удаа болдог үер тохиох үед бид бэлтгэл арга хэмжээгээ авсан байх шаардлагатай. Үүнд наад зах нь 5.1 их наяд төгрөг шаардана. Энэ бол Монгол Улсад байдаггүй мөнгө биш, байдаг мөнгө шүү. Сонгууль угтуулж халамжид хэчнээнийг зарцуулж байгааг санаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment