8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэпил: Анх охиныхоо зураг дарж гэрэл зурагт дурласан

2016-05-05 09:36:00

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үгийн утга учрыг мэдэрсэн нэгэн эрхмийг энэ удаагийнхаа ярилцлагынхаа хойморьт залсан юм.  Тэрбээр, анх охиныхоо зургийг дарж, хальсан дээр буулгасан тэр цаг үеэс хойш гэрэл зурагт дурлаж, сонирхох болжээ. Ингээд Төв талбайн гэрэл зурагчин Ж.Эрдэнэпилтэй ярилцсанаа хүргэе.

-Хамгийн анх ямар зураг дарж байв. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Намайг Жамъянсүрэнгийн Эрдэнэпил гэдэг. 1966 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн.  Хамгийн анхны зураг гэвэл би охиныхоо зургийг дарж байсан юм. 1990 онд манай охин нэг, хоёр сартай байсан байх. Охиныхоо зургийг дараад угаалгахад харахаар л хайр хүрэм хөөрхөн санагдаж, амьдралынхан мөч бүрийг дурсамж болгож үлдээх юмсан гэж бодоод л зураг дарж эхэлсэн дээ. Миний мэргэжил зурагчин биш л дээ. Сонирхлоороо л гэрэл зурагт дуртай болсон гэж хэлж болно.  Зураг гэдэг чинь дурсамж өгүүлэх түүх шүү дээ. Манай охин Москвад төрсөн л дөө. Би тухайн үед тэнд ажиллаж байсан юм. 1989 онд хотод орж ирсэн. Ам бүл дөрөв. Миний хань их эмч мэргэжилтэй. Одоо охин, хүү хоёртойгоо амьдарч байна. 

Охиныхоо зургийг дараад угаалгахад харахаар л хайр хүрэм хөөрхөн санагдаж, амьдралынхан мөч бүрийг дурсамж болгож үлдээх юмсан гэж бодоод л зураг дарж эхэлсэн дээ. Миний мэргэжил зурагчин биш л дээ​.

-Талбай дээр зураг авдаг болоод хэр удаж байна вэ. Анх ирж зураг дарж байсан тэр үеэ эргэн дурсвал?

-Би 1994 онд  анх удаа ирж зураг дарж байлаа. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл өдөр болгон талбай дээр ирж зурагчин хийж байна. Нийтдээ 20 гаруй жил болжээ. Анх талбай дээр ирж зураг дарж байхад цөөхөн хэдэн зурагчин байсан. Өөрөө сонирхолтой болохоор талбай дээр ажиллаж байсан мундаг зурагчдаас их зүйл сурсан. Ингэж авбал, ямар байна, гэрэл, сүүдэр, нар салхи зэргийг хүртэл харгалзан үзэж зураг дарвал сайхан зураг гардаг юм. 

-Хамгийн гоё дурсамжтай зарж байсан зургийнхаа түүхийн талаар бидэнтэй хуваалцана уу? 

-Хэдэн жилийн өмнө зун билүү намрын нэг өглөө эрт ажилдаа ирмээр санагдаад болдоггүй. Тэгээд өглөө 07.00 цагийн үед талбай дээр ирсэн юм. Тэгэхэд нэг хосын хуримтай таарч их л билэгшээж байлаа.  Тухайн үед аппаратаа гаргаад зургийн дарахад нар мандсан юм. Тэр зурган дээр гарсан  нарны тусгал, өнгө, гэрэл сүүдэр, хосуудын бие биенээ хайрлаж, хүндэлсэн харцаар харж байгаа тэг агшин зохицол үнэхээр гайхалтай байсан. Би нэлээд олон кадр дарсан л даа. Тэр олон кадрнаас ганц,  хоёрхон зураг үнэхээр сайхан түүх өгүүлсэн зураг бол үлдсэн.  Хосууддаа дарсан зургаа харуулахад гоё гарсан дараа ирж авна гээд яваад өгсөн. Тэр зураг одоо хүртэл надад бий. Бас нэг дунд эргэм насны залуу аавтайгаа ирж надаар зураг даруулж байсан. Би 15 жилийн өмнө аавтайгаа ирж танаар зураг даруулж байсан гээд миний дарсан зургийг харуулж байлаа. Тэр үе надад их сайхан санагдаж байсан юм.

Гэрэл, сүүдэр, нар тухайн хүний хувцасны өнгө зохицол таарсан сайхан зураг дарахад үнэхээр урамтай, бас их хурд мэдрэмж шаардана л даа. Өөрт мэдрэгдэх мэдрэмж нь хүртэл өөр байдаг юм.

-Тухайн үеийн нөхцөл байдлын тэр хормын агшинг амжиж дарна гэдэг нарийн мэдрэмж, ур чадвар байх даа?

-Миний бодлоор зураг дарах нэг өөр, тэр торгон агшинг буулгаж авах нь бас өөр юм шиг санагддаг. Гэрэл, сүүдэр, нар тухайн хүний хувцасны өнгө зохицол таарсан сайхан зураг дарахад үнэхээр урамтай, бас их хурд мэдрэмж шаардана л даа. Өөрт мэдрэгдэх мэдрэмж нь хүртэл өөр байдаг юм. Сайхан зураг дарсны дараа диваажин гэж энэ л байх даа гэж өөртөө хэлдэг.  Надад тийм л сэтгэл сэтгэл төрдөг.

-Өдөр хэдэн кадр дарах уу. Дарсан зурагнуудаа тоолж үзсэн үү. Хэд орчим байгаа бол?

-Янз бүр л дээ. Өдөртөө хоёр, гурван, заримдаа 10 гаргана. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод өөр өөр байна. Ер нь таван сараас намар 10 сар хүртэлх энэ хугацаанд нэлээд олон кадр дарна шүү. Энэ үеэр хонхны баяр, хүүхдийн баяр, Улсын баяр наадам, янз бүрийн урлаг, соёлын арга хэмжээ гээд үйл явдал их өрнөсөн үе болохоор ажил ихтэй байна гэсэн үг дээ. Зурагнуудаа тоолж үзээгүй. Байгалийн, хүүхэд, тэмдэглэлт өдөр, хурал цуглаа, найр, хурим, төрсөн өдөр, баяр наадам гээд төрөлжүүлээд хадгалчихсан байдаг л даа. 

-Ямар зураг нь дарах нь танд илүү сайхан санагддаг вэ?

-Зураг дарах ер нь гоё ш дээ. Чин сэтгэлээсэй инээмсэглэж байгаа хүний зураг дарах сайхан. Бас хүүхдийн зураг байна. Хүүхдийн зураг дарах жаахан хэцүү. Хөдөлгөөтэй, хөдөлгөөн бүр нь илэрхийлэлтэй байдаг болохоор нэлээд хурд, мэдрэмж шаарддаг юм шиг санагддаг. 

 

-Нэг зургийг 2000 мянган төгрөгөөр угаалгадаг. Өдөрт ер нь хэдэн төгрөгийн орлого олох уу?

Би өдрийнхөө талх, нэг, хоёр килограмм мах, сүүгээ аваад хөргөгчөө хоосон байлгахгүй, өөрийнхөө унааны мөнгийг олоод байхад надад болдог л юм.

-Талбайн түрээс гэж сард 33 мянган төгрөг төлдөг. Түрээсээ төлөөд дундаж нь 300-400 мянган төгрөгийн орлого олдог нэг сард. Яахав дээ болоод л байдаг юм. Нэг зурийг 2000 төгрөгөөр угаалгана. Зүгээр суусангүй, худал хэлж хулгай хийлгүй өөрийнхөө чадвараар амьдраад болоод л байдаг юм. Гэхдээ дан ганц миний орлогоор нэг өрх айл амьдарна  гэж байхгүй  л дээ. Өнөөдөр нийгэм, эдийн засаг ямар байгаа билээ. Манай гэрийн хүн их эмч болохоор цалин боломжийн авдаг. Би өдрийнхөө талх, нэг, хоёр килограмм мах, сүүгээ аваад хөргөгчөө хоосон байлгахгүй, өөрийнхөө унааны мөнгийг олоод байхад надад болдог л юм.

-Талбайн түрээсээ хаана төлөх үү. Та нар ямар нэгэн байгууллага, холбоонд харьяалагдах уу?

-“Тусгал” гэдэг гэрэл зургийн холбоонд талбай дээр ажиллаж байгаа зурагчид харьяалагддаг. Манай холбоонд 300 гаруй зурагчин байдаг. Үүнээс 100 гаруй нь гэр бүлээрээ ажилладаг хүмүүс бий. Талбайн түрээсээ Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст өгдөг.  

-Сүүлийн үед техник, технологи хөгжиж ухаалаг утасны хэрэглээ ихэсч байна. Тэр хэрээр иргэд гадуур зурагчнаар зураг даруулах гэхээс илүү өөрсдөө утсаараа дарж харагддаг л даа. Энэ хэрээр та нарын орлого буурах тал ажигллагдаж байна уу?

-Өнөөдөр ухаалаг утас хэрэглэх нь тухайн хүний хүсэл, хэрэглээ. Түүнийг бид ийм, тийм гэх нь учир дутагдалтай бөгөөд үгүйсгэх үндэс байхгүй. Харин ганц зүйлд л хамгийн их эмзэглэж, харамсч явдаг. Юу гэхээр хүүхдийнхээ төрсөн өдөр, хурим, тэмдэглэлт өдрүүдээрээ иргэд төв талбай дээр гарч ирж утсаараа зураг дарж харагддаг. Зарим үед бид ч утсаар нь зургийн дарж өгөх үе байна. Утсаар дарж үлдэснээс хальсан дээр буулгаад жаазлаад үлдэх нь дурсгалтай бөгөөд нандин байх юм шиг надад санагддаг. Дараа нь утсаа алга болгох, эвдчихсэн тохиодолд дотор нь байгаа зургийг яаж хадгалах юм. Зарим нь мемори карт энэ тэр дээр хуулаад үлддэг л байх л даа. Гэхдээ тухайн үеийн цаг мөч хүн д дахин хэзээ ч олдохгүй шүү дээ. Тэр мөчийг л гэрэл зураг болгож хальсан  дээр үлдээх нь чухал. Магадгүй 5, 10 жилийн дараа тэр зураг түүх, түүхийн гэрч болж үддэг ховор, нандин чанартай шүү дээ.

-Таны ажил хэдэн цагт эхэлдэг вэ?

-Өглөө 10-11 цагийн хооронд ажил дээрээ ирдэг. Орой 18-19 цагийн хооронд буудаг. Урин дулааны цагт илүү цагаар байх нь их л дээ. 

-Таныг Москвад, Солонгост ажиллаж байсан гэж сонссон юм байна?

-Би өөрөө эзэмшсэн мэргэжил гэж байхгүй л дээ. Гурван жилийн цэргийн алба хааж байхдаа холбооны инженер байсан юм. Ард болоод энэ чиглэлээр ажиллаагүй. Хүн амьдралын төлөө өөрийн байгаа бүх чадлаарай зүтгэж , хөдөлмөрлөдөг гэж би боддог. Тэгэх ч ёстой. Би тэдний л нэгэн адил гэр бүлийнхээ төлөө олон ажил хийж байлаа. Цэвэрлэгч, наймаачин, барилга гээд хийгээгүй ажил байхгүй. Нэг хэсэг Москвад ажиллаж байхад охин төрсөн, дараа нь Солонгост байхад хүү төрж байсан. Солонгост үйлдвэрт ажиллаж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment