8o
Улаанбаатар хот
mobile menu

АН жижиг 76-г дэмжиж, 25 өрх шинэ гэртэй болсон өдөр  

2016-05-05 18:40:00

Гадаа цас бударч хацар хайравч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.

Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Өнөөдөр гадаа хэдий хүйтэн, тэнгэр зангаа өөрчилсөн ч төрийн ордонд улс эх орны ирээдүйтэй холбоотой олон халуун үйл явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Бид тойм хөтөлбөрөө гэрэл гэгээтэй, сайн мэдээгээр эхлүүлж байна. Өрх бүрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг гэр оронгүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Ингэсэнээр амьдрах зорилготой, олон гэр бүлд сайн сайхныг авчирч, урагшилах дэм хайрлалаа.

25 өрх өргөө цагаан гэртэй боллоо

Өрх   гэр   бүлийг   дэмжих   хөтөлбөр Өмнөговь аймагт 2 дахь жилдээ   хэрэгжиж   байна.   Тус хөтөлбөрийн хүрээнд  өнөөдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 100 орон гэргүй өрхийг өргөө цагаан гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан юм. Өрх  гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй  иргэдийг орон   гэртэй  болгохоос   гадна   238 төрийн   албан хаагчдад  орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн байна. Ийнхүү Монголын 25 өрх гэр бүл өөрийн гэсэн гэр оронтой болж, амьдрах итгэл ая тухаар хангагдлаа. Халуун сэтгэлт монгол түмний минь сүү шиг ариун үйлс ундран цалгих болтугай.

Ийнхүү сайхан сэтгэлт бусдын ач буянаар олон  сайхан залуу хосууд өрх гэртэй болсон гэгээлэг мэдээг хүргэсэн бол үргэлжлүүлэн Чингисийн талбай дээр 20 гаруй жил зураг дарж байгаа эгэл жирийн нэгэнтэй манай сэтгүүлч ярилцлаа. Өөрийнхөө өхөөрдөм бяцхан охиныхоо зургийг дарсанаас хойш бусдын зургийг кадрандаа буулгах сонирхолтой болсон тэрээр өөрийн хүч хөдөлмөрөө зориулдаг энэхүү ажилдаа чин сэтгэлээсээ дуртай тухайгаа ярьж байсан түүний энэхүү ярилцлагыг тойм булан онцолж байна.

Ж.Эрдэнэпил: Анх охиныхоо зураг дарж гэрэл зурагт дурласан

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үгийн утга учрыг мэдэрсэн нэгэн эрхмийг энэ удаагийнхаа ярилцлагынхаа хойморьт залсан юм.  Тэрбээр, анх охиныхоо зургийг дарж, хальсан дээр буулгасан тэр цаг үеэс хойш гэрэл зурагт дурлаж, сонирхох болжээ. Ингээд Төв талбайн гэрэл зурагчин Ж.Эрдэнэпилтэй ярилцсанаа хүргэе.

-Хамгийн анх ямар зураг дарж байв. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Намайг Жамъянсүрэнгийн Эрдэнэпил гэдэг. 1966 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн.  Хамгийн анхны зураг гэвэл би охиныхоо зургийг дарж байсан юм. 1990 онд манай охин нэг, хоёр сартай байсан байх.Охиныхоо зургийг дараад угаалгахад харахаар л хайр хүрэм хөөрхөн санагдаж, амьдралынхан мөч бүрийг дурсамж болгож үлдээх юмсан гэж бодоод л зураг дарж эхэлсэн дээ. Миний мэргэжил зурагчин биш л дээ. Сонирхлоороо л гэрэл зурагт дуртай болсон гэж хэлж болно.  Зураг гэдэг чинь дурсамж өгүүлэх түүх шүү дээ. Манай охин Москвад төрсөн л дөө. Би тухайн үед тэнд ажиллаж байсан юм. 1989 онд хотод орж ирсэн. Ам бүл дөрөв. Миний хань их эмч мэргэжилтэй. Одоо охин, хүү хоёртойгоо амьдарч байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Өнөөдрийн дуулианы нэг жүжигчин Б.Амарсайханыг ЦЕГ буруугүй гэж үзсэн мэдээлэл байлаа. “Би юу хийчихэв” бичлэгийнх нь дараа түүнийг хуулийн байгууллагууд дуудаж иргэд талцаж эхэлсэн. Иргэн н.Батбаяраас “Амараагийн харамсал” нэртэй бичлэгийн талаар шалгаж өгнө үү гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирүүлсэн бөгөөд энэхүү өргөдлийн дагуу жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай харьяа прокурорт шилжүүлсэн"  тухайгаа өнөөдөр ЦЕГ-аас мэдэгдлээ. Одоо мэдээний дэлгэрэнгүйг тойм булангаар дэлгэрүүлэн хүргье

Жүжигчин Амарааг ЦЕГ буруутгасангүй

Эрүүгийн цагдаагийн газрын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид банкны төлбөрийн хуурамч карт ашиглан АТМ-аас бэлэн мөнгө авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар болон жүжигчин Б.Амарсайханаас ямар шалтгаанаар цагдаагийн байгууллага тайлбар авсан талаараа мэдээлэл хийлээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Иргэн н.Батбаяраас “Амараагийн харамсал” нэртэй бичлэгийн талаар шалгаж өгнө үү гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авсан. Тухайн иргэний гаргасан өргөдөл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай харьяа прокурорт шилжүүлсэн" гэв.

Түүнчлэн 1994 онд төрсөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх программыг ашиглан мэдээ мэдээлэл танилцуулга судалгаа, боловсрол эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэб сайтууд болон бусад мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч нийт 24,783 иргэн албан хаагч аж ахуйн нэгжийн мэдээллийг хууль бусаар хуулбарлан авсан хэрэг гарчээ. Энэ хэргийг шалгаж байгаа аж. Мөн Т гэгч нь компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарлан авах 12 төрлийн хортой программыг үйлдвэрлэсэн байсныг илрүүлсэн байна.

1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан хууль бусаар гүйлгээ хийж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.Х гэгчийн гэрт хийсэн шалгалтаар виза карт болон виза картны дотор электрон мэдээ суулгах зориулалт бүхий тоног төхөөрөмж илэрсэн бөгөөд түүнийг хураан авч мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Өнөөдрийн улс төрд үүссэн чухал асуудлын нэг бол ирэх сонгуулийн тойргийг ямар байдлаар явуулах эсэх асуудал байлаа. Өнөөдөр болсон АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргоор сонгохыг дэмжлээ. Энэ тухай мэдээллийг “Монголын нэг өдөр” тойм булан онцолж байна.

АН-ын бүлэг жижиг 76 тойргийг сонгожээ

Өнөөдрийн АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргийг сонгохоор болсон байна. Жижиг 76 тойргийг сонгосон нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, саналаа хуваалцахгүй хэмээн үзсэнтэй холбоотой гэнэ. Мөн том 26 тойргийг сонгосон нөхцөлд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөнө. Тиймээс жижиг 76 тойргийг сонгох нь зөв гэж үзсэн бололтой.  Улмаар Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 17 хоногийг уртасгах асуудлаа ч  яриад амжжээ. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй байгаа аж

Ийнхүү АН –ын бүлэг сонгуульд хэрхэн оролцохоо ярилцах байх үед СЕХ-ноос хасагдсан ИЗНН шүүхдэлцэх асуудал яригдаж байна. Эргэн сануулахад СЕХ-нд  УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой 24 нам байгаагаас 13 нам дангаараа, зургаан нам хоёр хоёроороо нэгдэж гурван эвсэл байгуулж сонгуульд өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөнөөс  11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой гэж дүгнэсэн.  Харин ИЗНН,ХҮН намуудыг бичиг баримт зөрчилтэй гэсэн үндэслэлээр сонгуульд оролцох боломжгүй болсон. Тойм булан энэхүү мэдээллийг онцолъё

ИЗНН, ХҮН хоёр гадуурхагдлаа

 СЕХ-нд  УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжтой 24 нам байгаагаас 13 нам дангаараа, зургаан нам хоёр хоёроороо нэгдэж гурван эвсэл байгуулж сонгуульд өрсөлдөхөөр буюу нийт 19 нам  хүсэлтээ гаргасан. Харин тэдний хүсэлтийг хянаж үзээд  11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой гэж дүгнэсэн.  Харин өчигдөр Төрийн ордонд болсон сонгуульд оролцох баталмж гардуулах үйл ажиллагаанд Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) –ууд 2016 оны сонгуульд оролцох боломжгүй хэмээснээр  тойргоос гадуурхагдаж үлдлээ.СЕХ-ын дарга  Ч.Содномцэрэнгийн хэлж байгаагаар  Хоёр нам бичиг баримтаа дутууөгсөн гэсэн тайлбарыг хийж байна.Тодруулбал  ИЗНН-ын бичиг баримт нь гэсэн учир дутагдалтай байсан. Тус намын сонгуульд оролцох тухай тогтоол дээр тус намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. Энэ асуудлаар тус намын дарга С.Оюун ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Тиймээс сонгуульд оролцох хүсэлтэд Ц.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан юм билээ. Гэвч, гарын үсэг зурсан даргыг Улсын дээд шүүх тус намын даргаар бүртгэж, баталгаажуулаагүй байсан. Тиймээс ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан. аж. Харин  СЕХ нь ХҮН хоёр өөр тамгатай баримт бичгийг СЕХ-нд хүргүүлсэн тул тус намыг бүртгээгүй гэсэн юм

Төрд сонгуультай холбоотой чухал асуудал яригдаж буй энэ цаг үед төрийн хэрэгт чухал үүрэг гүйцэтгэгч АТГ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна .АТГ-ын зөөлөн суудалд олон хүний нэр яригдаж байсан ч Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х.Энхжаргалыг АТГ -ын шинэ даргаар томилох нь тодорхой боллоо. Энэ сэдвийг өнөөдөр хөндлөө.

Х.Энхжаргал “их баривчилгаа” хийхээр ирэх үү, эсвэл

АТГ-ын  даргын суудал нь ханхайрч хоосорч  гэрийн эзэнгүй айл мэт болсоор удаж байна. Гэвч иргэдийн дунд хэн дарга болох магадлалтайг хэлж шивэр авир гэлцэж байна. Тухайлбал Б. Хурц, Б.Билэгт, А. Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж  зэрэг боломжит хүмүүсийн  нэрсийн жагсаалтыг сүүлийн өдрүүдэдтус газрын комиссар Ө. Энхтөр отголоод байсанаар АТГ ын дарга дотроосоо томилогдох нь тодорхой гэгдэж байсан.  Тэгвэл энэхүү горьдлого бүр мөсөн эргэж олны таамаглаа ч үгүй хүн тус суудалд эзэн суух бололтой.  Тодруулбал Eрөнхийлөгчөөс Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Х.Энхжаргалыг АТГ -ын шинэ даргаар томилуулахаар танилцуулгыг нь УИХ-д хүргүүлсэн  тухай мэдээлэл гарч эхэллээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Ард түмний гарт хэнийг сонгох эрх нь хэдхэн сард л байдаг. Харин эргүүлээд эрх баригчид ард түмнийг дөрвөн жилийн турш өөрийнхөө гар дор байлгадаг. Тэгвэл зөв хүнээ сонгох чухал сонгууль ойртсон энэ цагт эрх баригчид түмний саналыг авахын тулд улайран дайрч байна. Тэгвэл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар иргэдэд бидон тараасан тухай мэдээллийг тойм онцолж байна.

Д.Ганбат, Г.Баярсайхан нар тэрбум төгрөгний бидон иргэдэд тараажээ

Өнгөрсөн өвөл сонгогчидод Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг бидон тараасан гэх мэдээлэл цацагдаж, нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ асуудал сонгуулийн өмнө эргэн сөхөгдө Б.Батбаяр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар болсон аж.

Тэрээр гишүүдийг төсвийн тэрбум төгрөгөөр бидон авч иргэдэд тараасан гэж үзэж байгаа  юм байна. Тодруулбал тэрбээр “Төсвийн 1.0 тэрбум төгрөгөөр бидон авч, сонгогчдодоо тараасан нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын дарга Д.Энхжаргалд явуулсан 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 10/9727 тоот, “Төсөл хэрэгжүүлэх тухай” бичиг. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноровт 2014 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн  “Төсөл хэрэгжүүлэх тухай”, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан явуулсан 2014 оны “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр тус тус харагдаж байна. Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйлчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой. Гэтэл бидон санхүүжүүлсэн 1.0 тэрбум төгрөгийг ямар ч тендер зарлалгүй нэр бүхий 5 аж ахуй нэгжид / “Өсөх үе”ХХК, “Ти Ай Ложистик” ХХК, “Мебат” ХХК, “Хан теч” ХХК, “Техник импорт” ХК”/ санхүүжилт олгосон байгаа. Энэ таван аж ахуй нэгжийн дотор Д.Ганбат гишүүний өөрийн “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа” хэмээсэн байна.

Иргэдийн анхаарал төр лүү чиглэсэн энэ цаг үед төрийн томчуудын хэн нь хэн бэ гэдгийг илтгэсэн мэдээлэл тэдний ХОМ байлаа. Энд хөрөнгө оруулагын мэдүүлгээрээ толгой цохьсон баячууд болоод хамгийн их өртэй гишүүдийг дэлгэн тавьсан байна. Тухайлбал тэргүүн баянаар Б.Наранхүү тодорч  21 тэрбум 195 сая төгрөгний хадгаламжаараа толгой цохьсон бол “Архи”-ны гэж хэлж болох тодотголтой Г.Батхүү 5 тэрбум 785 сая-аар удаалсан байна. Энэхүү мэдээллийг “Монголын нэг өдөр” тойм булан толилуулж байна.

“Архи”-ны гишүүн Г. Батхүү ашиг орлогоороо тэргүүллээ

"Төрийн мэдээлэл" эмхтгэлд болон цахим мэдээллийн сүлжээнд  Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан байршуулах ёстой. Тэгвэл энэ удаад 220 албан тушаалтны мэдүүлэг олон нийтэд тодорхой болсон байна. Гишүүдийн өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлгээр тэргүүн баянаар Б.Наранхүү тодорч  21 тэрбум 195 сая төгрөгний хадгаламжаараа толгой цохьсон бол “Архи”-ны гэж хэлж болох тодотголтой Г.Батхүү 5 тэрбум 785 сая-аар удаалсан нь хар мөртэй архи эзнийхээ халаасанд хичнээн төгрөгийг урсгаж оруулсан нь тодорхой байна. Улсаа хөгжүүлж байна гээд архи, тамхинд хөрөнгө оруулалт хангалттай хаядаг жишиг манайд бий. Харин үүний хар мөр эргээд эгэл жирийн иргэдийн хар толгойн дээр буудаг  гэмтэй. Ямартай ч энэ удаагийн жагсаалтаас харахад төр лүү шургасан бизнесмэн баяжих амарханыг тус жагсаалтаар харуулж байна. Тэгвэл  жагсаалтын удаах хөрөнгөтнөөр  С.Бямбацогт 4 тэрбум 64 сая төгрөгний  орлоготойгоор эрэмбэлэгдсэн байна. Энэхүү жагсаалтанд эмэгтэй гишүүд ч дутахгүй уралдаж явна. Хамгийн олон газар эзэмшдэг гишүүнээр Л.Эрдэнэчимэг тодорсон бол үнэтэй барилга байгууламжынхаа тоогоор Д.Оюунхорол бусдаасаа ялгарч ордын харшний эзэгтэй гэдгээ харуулаад амжлаа. Харин хамгийн их өртэй гишүүдийг Д.Зоригт 4 тэрбум 250 сая төгрөгний зээлтэйгээр тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2 тэрбум 700 саяын өртэйгээр удаалж байна. Ийнхүү иргэдийнхээ төлөөх гэсэн тодотголтой гишүүд маань халаасалсан хөрөнгө, түрүүвчнийхээ зузаанаар аль хэдийнээ уралдаад эхэлжээ.

Ард түмний хувьд ашигтай байгаа ч азтангийнх нь мөнгө дансанд нь ордоггүй гацалттай байгаа зүйл бол НӨАТ-ын асуудал. Түмнийг идэвхитэй болгохын тулд урамшуулал азтан хүртэл шалгаруулаад эхэлсэн ч ажил хайхрамжгүй зохион байгуулалтгүйгээс иргэдийн итгэл алдарч эхнээсээ заргалдаад эхэллээ. Тодруулбал 3 сарын 20-ны сугалаан дээр 400 саяг хожсон иргэн мөнгөө авч чадаагүй бөгөөд Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмд ийнхүү гомдол гаргасан байна. Одоо та бүхнийг энэхүү мэдээлэлд хөтлөн оруулъя

НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон иргэн гомдол гаргажээ

Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх иргэн хандсан байна. Тэрээр  2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон аж. Харамсалтай нь азтан маань НӨАТ-ын падаанаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйгийн улмаас шагналын эзнийг олох компанит ажил орон даяар өрнөхтэй зэрэгцээд ялагчийг олохгүй бол тохирлыг дахин явуулна гэдгээ албаныхан нэг бус удаа мэдэгдсэн юм. Улмаар 03 дугаар сарын 30 өдөр Дорноговь аймгаас азтан тодорсон тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл тохирлын жинхэнэ азтан гэх Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж, өөрийгөө Гааль, татварын ажилтнуудад мэхлэгдсэн тухайгаа мэдээллээ. Тэрбээр 01 дүгээр сарын 27-ны өдөр Ботаникт байдаг хамаатныдаа очихоор Оргил супермаркетаар үйлчлүүлсэн бөгөөд 400 саяын тохирлын азтан мөн л өөртэй нь нэг өдөр Оргилоор үйлчлүүлсэн гэдгийг дуулаад интернетээр азтан тодруулсан бичлэгийг нөхөж үзсэн аж.

Гэтэл азтангийн дугаар өөрт нь байсан баримтын дугаартай яг таарсан тул даруйхан цахимд бүртгүүлье хэмээн e-barimt.mn сайтад ортол алдаа заагаад нэвтэрч болоогүй байна.

Гайхсан Ц тэр даруй албаны хүмүүсээс тодруулахаар ГТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын сангийн төслийн нэгжийн захиралтай уулзаж, азтан болсноо мэдэгдтэл “Таны баримтын бар код балартчихсан байна. Бид даруйхан шалгачихаад эргээд хариу хэлье, та хэд хоногоос ир” гэж хэлээд буцаасан аж. Гэтэл тодорхой ямар ч хариу өгөөгүй Татварын ажилтнууд хэдхэн хоногийн дараа бөөнөөрөө 400 саяын азтан Дорноговь аймгаас тодорлоо хэмээн хэвлэлийн хурал хийсэн гэжээ

Төрийн цагдаа иргэнтэй ёс бус харьцсан гишгэсэн үйлдлийг нэгэн иргэн бичиж авсанаар сошиал ертөнцөөр шүүмж дагуулж байна. Ард түмэн төрд тангарагтай цагдаа хэдий ч түмэн олондоо хүндэтгэлтэй тангарагтаа үнэнч ажиллах ёстой хэмээн шүүмжилж байна. Тойм булан уншигч таны анхаарлын энэхүү мэдээлэл рүү чиглүүлье

Хүн гишгэсэн эмэгтэй цагдаа олны дургүйцлийг хүргэлээ

Цахим сүлжээгээр  согтуу иргэнийг баривчлахдаа газар хэвтүүлэн дээр нь нэг хөлөөрөө гишгээд зогсож буй цагдаагийн ажилтны зураг цахим сүлжээгээр тархаж хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн. Төрийг төлөөлж ажилладаг цагдаа хичнээн бусдыг баричвлах эрх нь байгаа ч хүнийг хүн ёсоор үзэж хандах хэрэгтэй гэсэн шүүмж зургийн араас дагалдсаар . Иргэд ч тус цагдаад хариуцлага тооцохыг шаардсан. Хамгийн сүүлийн мэдээллээр  холбогдох газар "Цагдаагийн хэн болохыг тодруулсан. Манай цагдаагийн үндсэн ажилтан биш. Энэ жил сонгон ажилд орсон олон нийтийн цагдаа байна лээ. Одоогоор Улаанбаатар хотын цагдаагийн газарт албаны шалгалт хийж байгаа" гэсэн мэдээлэл өгсөн байна.

Монголчууд бид жүжигчиддээ хайрлаж тэдний тухай мэдээллүүдийг чих тавин сонсдог ард түмэн. Тэгвэл энэ удаад тойм булангаараа жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийгөө хэрхэн дүгнэсэн талаарх сонирхолтой мэдээллийг онцолж байна

Жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийгөө ийнхүү дүгнэжээ

Өөрийн гэсэн өнгө төрх, гоо үзэсгэлэн, чадвараараа олонд танигдсан Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг байгаараа байхдаа хамгийн их хүнд таалагддаг гэнэ.  Учир нь саяхны нэгэн ток шоунд оролцож байхдаа өөрийгөө ийнхүү тайлбарласан байна. Тэрбээр “Би хамт олонд дунд болон ганцаарай байхдаа өөрийнхөөрөө л байдаг. Ямагт өөрийнхөөрөө байхдаа өөрийгөө бусдад илүү таалагддаг болов уу гэж боддог. Хэзээ, хаана  ч байсан би энэ зангаараа л байх дуртай” хэмээн хөтлөгчийн асуултад хариулжээ.

 

Ийнхүү Монголын нэгэн үйл явдалт өдөр алсран одож, маргаашийн сайн сайхныг урин дуудсаар алтан наран уулсын цаагуур өнгийлөө. Маргааш тэнгэр  цэнхэр, бодол тань цэлмэг нэгэн өдөр угтах нь лавтай. Ахин давтагдашгүй энэ л цаг хугацааг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж утсаа орхиж, ширээнээсээ холдож амар амгалан үдшийг хайртай бүхэндээ зориулаарай дахин давтагдашгүй энэ л өдөр таны хувьд, амжилт ухаарлын нэгэн өдөр алсран одсон гэдэгт итгэлтэй байна. Их амжилтыг дуудсан маргаашийн нар айлчлан ирэх үест гэрэл гэгээтэй мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая. “Монголын нэг өдөр” тойм булангаа энэ хүрээд өндөрлүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment