Сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, бэлгийн замын халдварт болон үрэвсэлт өвчин, үр хөндөлт нэмэгдсэнээс шалтгаалж үргүйдлийн тархалт ихсэх болжээ. Энэ талаар АШУҮИС-ийн гарааны эмнэлэг болох “Өөжинмед” эмнэлгийн их эмч, Анагаах ухааны доктор Э.Одхүүтэй ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийн ажилладаг эмнэлгийн талаар товч танилцуулна уу?
-Манайх анагаахын салбарын шинжлэх ухааны инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор АШУҮИС-ийн гарааны компани статустай байгуулагдсан эмнэлэг юм. Японы үр шилжүүлэн суулгах эмчилгээний дэвшилтэт технологийг Монголдоо нутагшуулах зорилготойгоор ажиллаж байна.
-Монголд үргүйдэлтэй гэр бүл хэр олон байдаг вэ. Энэ талаар ямар нэг судалгаа, тоо баримт байдаг уу?
-Манай улсад үргүйдлийн шалтгааны талаар хийгдсэн нэлээдгүй судалгаа байдаг хэдий ч тархалтын талаар хийсэн судалгаа хомс. Судлаачдын үзэж байгаагаар үргүйдэл ойролцоогоор 10 хувьтай байгаа гэж үздэг.
-Үр шилжүүлэн суулгах ажилбар сүүлийн үед олон гэр бүлийн анхаарлын татах болжээ. Та бол үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч хүн. Тэгэхээр энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл хүмүүст хэрэгтэй байх?
-Эмэгтэйгээс өндгөн эс, эрэгтэйгээс эр бэлгийн эс хоорондоо нийлж хүн болдог. Хүн болох энэ үйл явц эмэгтэйн үрийн хоолойд явагдаж, улмаар умайд өсөн бойждог. Аливаа шалтгааны улмаас жам ёсны энэ үйл явц алдагдаж жирэмсэлж чадахгүй байгаа хосуудыг үргүйдэлтэй хосууд гэж үздэг. Үргүйдэлтэй хосуудаас өндгөн эс болон эр бэлгийн эсийг авч лабораторийн тусгай орчинд үр тогтоож, үр хөврөл үүсгэн эмэгтэйн умайд суулгах ажилбарыг үр шилжүүлэн суулгах ажилбар гэж ойлгож болно.
-Энэ арга үргүйдлийн эмчилгээний төгс арга мөн үү?
-Төгс арга гэж хэлэх боломжгүй. Учир нь ашиглаж байгаа эмчилгээний технологи, өвчтөний биеийн байдал, өндгөвч, дааврын гажуудал, эрэгтэйн нөхөн үржихүйн байдал, эр бэлгийн эсийн чанар, чадвар, үр шилжүүлэн суулгахдаа ашиглаж буй арга зэрэг маш олон хүчин зүйлээс эмчилгээний үр дүн хамаарна. Иймд эмчилгээг эхлэхийн өмнө тухайн хүний үргүйдэлд хүргэж буй шалтгаан нөхцөл байдлыг үнэлэн тогтоох нь чухал юм. Дийлэнх тохиолдолд маш олон шалтгааны улмаас эмэгтэйн өндгөвчнөөс ялгарч буй өндгөн эс, эрэгтэйн эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар алдагдалтай байгаагаас шалтгаалж хосууд үргүйдэлтэй байх нь элбэг байдаг.
-Дэлхийн хэмжээнд гэж үзвэл үр шилжүүлэн суулгах аргын жирэмслэлт хэдэн хувийн амжилттай болдог вэ. Манай Монголын хувьд ямар байгаа бол?
-Дэлхийн улс орнуудад тухайн өвчтөний нас, эмчилгээний аргаас шалтгаалан үр дүн харилцан адилгүй байдаг. Эмчилгээний гурван төрлийн арга байдаг. Урт протокол, богино протокол, байгалийн мөчлөг ба зөөлөн сэдээлт. Энэ 3 арга нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд Үр шилжүүлэн суулгах төвүүд өөрсдийн сонголтоор эмчилгээний аргаа шийддэг. Тухайлбал, Японы “Като лэдиес” эмнэлэг БМЗС аргыг хэрэглэдэг бөгөөд 35-с доош насны хүмүүст үр дүн 50-70, 35-40 насны хүмүүс 30-50, 40-с дээш насныхан 10-30 хувийн амжилттай байгаагаараа үр дүн өндөртэй төвүүдийн нэгд тооцогддог. Богино болоод урт протокол хэрэглэж байгаа төвүүдийн дэлхийн дундаж нь ойролцоогоор 30% байдаг. Манай орны хувьд бусад төвүүдийн үр дүнг би сайн мэдэхгүй байна. Үр дүнг тооцохдоо жирэмслэлтийн хувь, жирэмслэлт үргэлжилж байгаа хувь, амьд төрөлтийн хувь гэсэн үзүүлэлтүүдээр үр дүнг тооцдог. Манай эмнэлгийн хувьд байгууллагдаад 1 жил болж байгаа учраас амьд төрөлтийн хувийг тооцох боломж бүрдээгүй байна. Жирэмслэлтийн хувь наснаас үл хамааран 55.2 хувь, жирэмслэлт үргэлжлэх хувь нь 60 хувь байгаа.
-Амьд төрсөн хүүхдийн хувийг тооцох боломжгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Жишээ хэлье. Манай төвд хандсан үйлчлүүлэгчдээс гэхэд тавдугаар сарын байдлаар 110-аад хүн жирэмсэлснээс зургаан хүүхэд төрсөн байна. Амьд төрөлтийн хувь гэдэг нь тухайн жилд жирэмсэлсэн хүмүүсээс хэдэн хүүхэд төрсөн бэ гэдэг хувь юм. Манай төвийн хувьд бусад эмэгтэйчүүдийн төрөх хугацаа болоогүй байгаа учир үр дүнг гаргах боломжгүй байна. Ирэх жилийн өдийд энэ үр дүн илүү тодорхой гарсан байх болно.
-Саяхан танай эмнэлгийн талаар таагүй мэдээлэл сошиал ертөнцөөр яваад байсан. Та энэ талаар тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна?
-Тэр мэдээг харсан. Манай үр дүнг дэлхийн дунджаас өндөр байна гэж харьцуулсан байсан. Бид яагаад Монголдоо өндөр үр дүнтэй эмчилгээ хийж болохгүй юм бэ. Манай үр дүн өндөр байгаа нь Монгол хүний бие махбодийн онцлог, үйлчлүүлэгчийн нас, эмчилгээний шинэ технологитой, Япон улсын Като эмэгтэйчүүдийн эмнэлэгт дадлагашсан баг хамт олонтой шууд хамааралтай гэж би бодож байгаа.
-Гэхдээ амжилтгүй болсон тохиолдлууд ч байгаа л байх. Тэр мэдээн дээр жирэмсэн эмэгтэйг зулбуулсан гэсэн утгатай зүйл бичсэн байсан?
-Мэдээж бидний ажилд тодорхой хэмжээний эрсдэл гарах магадлал байдаг учраас манайд амжилтгүй тохиолдлууд гарсныг үгүйсгэхгүй. Тэр мэдээний хувьд өндгөвчний үйл ажиллагаа, жирэмслэлтийн талаар ойлголтгүйгээр мэдээлэл бэлтгэсэн юм шиг санагдсан. Манай бүх эмчилгээ сарын тэмдэг ирсний гурав дахь өдрөөс эхэлдэг. Хийгдэж байгаа эмчилгээнүүд жирэмслэлтийг дэмждэг. Тиймээс жирэмсэлсэн эмэгтэй манай эмчилгээнээс болж зулбана, зулбуулна гэдэг ойлголт байхгүй. Мэдээж эмчилгээ амжилтгүй болсон хүмүүсийн урам хугарч, гомдолтой байгааг ойлгож байна. Амжилтгүй болсон үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэхэд гол нь тууштай эмчилгээ шаардлагатай учраас битгий шантраарай гэж хэлмээр байна.
-Ямар ч ажил хийхэд алдаа оноо байдаг л байх. Та бүхэн олон гэр бүлд аз жаргал бэлэглэдэг буянтай ажил хийдэг хүмүүс. Гэхдээ үр шилжүүлэн суулган эмчилгээний өртөг өндөр учраас Монголчуудын хувьд тууштай эмчлүүлэх хүндрэлтэй байдаг байх. Танайх үнийн хувьд бууруулах боломж байхгүй юу?
-Манайд хэрэглэгддэг тусгай бодисууд бүгд Япон улсаас импортлогдож орж ирдэг хэдий ч бид байж болох хамгийн доод үнээр үйлчилгээ үзүүлдэг. Мөн давтан орох тохиолдол бүрт хөнгөлөлт үзүүлж төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлэхийг хичээн ажилладаг. Жишээ нь, манай дээр хамгийн багадаа ойролцоогоор 6 сая төгрөгөөр эмчилгээ хийлгээд эхний удаагаараа жирэмсэлсэн тохиолдол байхад10 гаруй сая төгрөгөөр хэд хэдэн удаа эмчилгээ хийлгээд жирэмслээгүй хүн байгаа. Энэ бүхнийг бид харгалзаж үздэг.
Э.ОД