-7o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хашчулуун: Үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй

2016-06-09 09:31:00

Энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “Эдийн засгийн шинэ нөхцөл: Онол ба бодлого” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар БЭСТ консорциумын захирал, эдийн засагч Ч.Хашчулуунаас дараах тодруулгыг авлаа.

-Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?

-Эдийн засаг, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг их дээд сургуулиудын нэгдэл болох БЭСТ консорциумын гол ажлуудын нэг нь эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх асуудал байдаг. Иймд бид олон улсын хэмжээний энэхүү хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь эдийн засаг, бизнесийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, Монголын шийдвэр гаргагч, бодлого судлаачдад хүргэх, тус чиглэлээр чиглэлээр хийгдэж байгаа олон улсын болон Монголын судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг олон нийтэд түгээхэд оршино. Хуралд дотоодын их дээд сургуулийн шилдэг багш, судлаачид оролцохоос гадна Япон, Австрали, Солонгос, Орос, Герман зэрэг орнуудын судлаачид илтгэл тавьж байгаагаар онцлогтой. Миний хувьд БЭСТ консорциумын гүйцэтгэх захирлаар сүүлийн гурван жил ажиллаж ийнхүү томоохон эрдэм шинжилгээний хурлыг жил болгон зохион байгуулж ирлээ.

-Гурав дахь жилдээ гэлээ. Өмнөх жилүүдийн хурлын онцлох илтгэл,  шинэлэг санаа, сонирхолтой судалгааны үр дүнгүүд юу байсан бэ?

-2014 онд уул уурхайн салбараас бий болсон өсөлтийг монголын эдийн засгийн бусад салбартай хэрхэн уялдуулах, бизнесийн бусад боломжууд, диверсификацийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болгох, институцийн орчинг сайжруулах, эрх зүйн орчны шинэтгэл, төрийн оролцоог оновчтой болгох талаар хэлэлцэж байсан бол 2015 оны ЭШ хурлыг зэс, нүүрс, байгалийн хий, занар боловсруулах, ХАА-г түшиглэн хүнс хөнгөн аж үйлдвэрийн шинэ төслүүд, харилцаа холбооны технологи, соёлын аж үйлдвэр, аялал жуулчлалд тулгуурласан инновацийн шинэ төслүүдийн тухай буюу аж үйлдвэрийн бодлогын чиглэлээр зохион байгуулагдаж тухай бүр сонирхолтой үр дүн, шинэлэг санаанууд гарч байсан.

-Энэ жилийн хурлын онцлог юу байх бол. Яагаад “эдийн засгийн шинэ нөхцөл” гэх болов? Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой юу?

-Улсын Их Хурал 2016-2030 оны тогтвортой хөгжлийн бодлогыг баталсантай холбогдуулан цаашид эдийн засгийн үндэсний, бүс нутгийн болон салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай болж байгаа. Нөгөө талаас, Нөгөө талаас дэлхийн зах зээлийн нөхцөлийн хувьд манай гол экспортын зах зээл болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд сүүлийн 25 жилд хамгийн доод түвшинд буюу 6.9%-д очиж, Монгол Улстай ижил ашигт малтмалын экспорт дээр сууриласан Австрали улсын ДНБ 2015 онд дөнгөж 3%, Казахстан 1.2% өсөлттэй, ОХУ бүр 3.7% уналттай гарсан байна. Дэлхийн банкны 2016 оны голлох түүхий эдийн үнийн төсөөллөөс 46 барааны 37 нь 2016 онд уналттай байгааг харж болно, үүнд манай улсын голлох экспортын бараа болох зэс, төмрийн хүдэр, алт, газрын тос, жонш, нүүрс орсон байгаа бөгөөд үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Тэгэхээр 2010-2012 оны эдийн засгийн өсөлтийн үеийн тэлэх бодлого, улмаар 2013-2015 онд хэрэгжүүлсэн өсөлтийг дэмжих сангийн болон мөнгөний эдийн засгийн бодлогуудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Иймээс энэ жилийн хурлын сэдвийг “Эдийн засгийн шинэ нөхцөл: Онол ба бодлого” гэж тодорхойлж, түүнд эдийн засгийн, мөнгөний, диверсификацийн, институцийн хөгжлийн асуудлуудыг тусгасан болно.

-Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд хэдэн илтгэл тавигдах вэ? Ямар асуудлыг илүүтэйгээр хөндөж тавьсан байна вэ?

-Гурав дахь удаагийн ОУЭШХ-д дотоод, гадаадын нийт 24 илтгэл тавигдана. Эдийн засгийн шинэ нөхцөл дэх дэлхийн зах зээлийн байдал, ийм нөхцөлд улс орны хөгжлийн бодлого, манай голлох экспортын бүтээгдэхүүн болох зэсийн төлөв, компаниудын стратегийг хэрхэн сонгох, уул уурхайгаас бусад салбарт төрөлжилтийг хөгжүүлж дэлхийн зах зээлийн өртгийн сүлжээнд хамрагдах, эдийн засгийн бүтцийг судлах, институцийн орчин, эдийн засгийн шинжилгээг сайжруулах, онол арга зүйн, бодлогын асуудлуудыг хэлэлцэхээс гадна, зах зээл, хэрэглэгчдийн итгэлийн өнөөгийн байдал, орлогын тэгш бус байдал ба ядуурал, сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй ипотекийн зах зээл, эдийн засгийн хямралын нөлөө зэрэг сонирхолтой судалгаануудыг олон нийтэд танилцуулна.

-ОУЭШХ-д тавигдах илтгэлүүдийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Материалаа өгсөн судлаач бүр энэ хуралд орох боломжтой юу?

- БЭСТ консорциумын гишүүн сургуулиуд судалгаа, илтгэлийн чанарт онцгой анхаарч хурлыг зохион байгуулах үед илтгэлүүдийг тодорхой шалгуураар сонгож, манай шилдэг эдийн засагч, судлаач нар хэлэлцүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцүүлдэг. Оролцогчид хуралд өөрийн судалгааг танилцуулж хэлэлцүүлэхээс гадна олон улсын судлаач, бусад байгууллагуудын судалгаа, илтгэлүүдтэй танилцах боломжтой байдгаас гадна нийт илтгэлийн тоо, хугацаанаас шалтгаалан хязгаарлалттай байдаг тул судлаач нар сайн илтгэлийг бичихийг эрмэлзэн судалгааны ажлын чанар бас дээшилдэг.

- Энэхүү хурлыг сонирхсон хүмүүс очиж үзэж болох уу?

-ЭШ хурал энэ баасан гариг буюу 6 дугаар сарын 10-ны өдөр Корпорейт зочид буудлын олон улсын хурлын танхимд бүтэн өдрийн турш болно. Мэргэжлийн байгууллагууд, төр засгийн төлөөлөл, их дээд сургуулиудын судлаач нар өргөнөөр оролцож байгаа тул суудлын тоо хязгаарлалттай байгаа. Хуралд оролцох хүсэлтэй хүмүүс, байгууллагууд манай консорциумын ажилтантай 89009431 гэсэн утсаар холбогдож хурлын талаар лавлах боломжтой. Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийг бид эмхэтгэл болгон ном хэлбэрээр гаргадаг ба PDF хэлбэрээр БЭСТ консорциумын вэб сайтад байршуулдаг.

Энэ удаагийн хурлыг Төв банктай хамтран хийх болсон нь бас их чухал алхам гэж бодож байна. Төр засаг эдийн засгийн бодлоготой холбоотой эрдэм шинжилгээний ажил, судалгаанд ийнхүү анхаарч байгаа нь маш зөв. Цаашид ч сангийн төсвийн бодлого, өрийн асуудал, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэржилт болон эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд тухайн салбарт ажиллаж байгаа их дээд сургуулиуд, багш, судлаачид, бодлого боловсруулагч нартай ийнхүү хамтран ажиллах нь манай эдийн засаг, бизнесийн бодлого боловсронгуй болоход нэн чухал байгаа юм.

 

Г.Энхбаатар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142