8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хувьцаагаа зарахыг хүсвэл арилжааны банкинд хандах боломжтой болж, Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө мордсон өдөр

2016-06-10 19:06:00

Тойм: Хувьцаагаа зарахыг хүсвэл арилжааны банкинд хандах боломжтой болж, Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө мордсон өдөр

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн халуун сэдвүүдийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Өнөөдрийн тоймоо хүлээн авч уншина уу. 

Үндэсний их баяр наадамд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ

Энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.   Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 7300 гаруй автомашины зогсоол гаргах бэлтгэл ажил эхэлсэн байна. Түүнчлэн Хүй долоон худгийн морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ болон худалдаа үйлчилгээний газруудын усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхээр болсон байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахаар болжээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг ҮДБЭЧ-ын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар хариуцаж ажиллах юм байна. 

Хувьцаагаа зарахыг хүсвэл арилжааны банкинд хандах боломжтой

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдээс 1072 хувьцааных нь 30 хувийг 300 мянган төгрөг худалдан авах шийдвэр гаргасан. Тэгвэл өөрийн хүсэлтээр хувьцаагаа худалдаалахыг хүссэн иргэдийн хүсэлтийг ирэх долоо хоногоос эхлэн Улаанбаатар болон орон нутагт тухайн иргэний үйлчлүүлдэг арилжааны банкин дээр тодорхой маягт бөглүүлэх замаар хүлээн юм байна.

Монголбанк, арилжааны банктай хамтран Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтуудыг хийгээд эргээд Монголбанк болон бусад арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд хийнэ. Үүнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд буюу хувьцааны мөнгөө авсан хүмүүс хамаарахгүй аж. Хувьцаагаа мөнгө болгож арилжаагүй иргэд үүнд оролцох боломжтой аж. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг хасаад улсын хэмжээнд нийт 1.6 сая иргэн 1072 хувьцаагаа зараагүй байгаа гэнэ.

Хувьцаагаа худалдаалахын тулд тухайн иргэн бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж, маягт бөглөн гарын үсэг зурах юм байна. Иргэн хүсэлтээ өгснөөс хойш долоо хоногийн дараа гэхэд тухайн иргэний дансанд энэхүү хувьцааны мөнгө шилжин орох бөгөөд 30 хувийн хувьцааны мөнгө 300 мянган төгрөгийг гурав хувааж иргэдийн дансанд шилжүүлэх юм. Түүнчлэн дараа нь хувьцаа үнэд хүрсэн тохиолдолд иргэд хувьцаагаа зарсан анхны үнээрээ буцаан худалдан авах боломжтой байна. 

Биокомбинат, Шувуун фабрикийн оршин суугчид хайрга зөөдөг хүнд даацын автомашин явуулахгүй гэж замаа 20 хоног хаажээ

Ашиглалтын тусгай зөв­шөө­рөлтэй аж ахуйн нэг­жүүд  голчлон Улаан­баа­тар хотын алслагдсан дүү­­рэг буюу Багануур, Бага­хангай, Налайх болон Сон­гинохайрхан, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрээс  нүүрс, хар тугалга, элс, хайрга, шохой, тоосгоны шавар зэрэг барилгын материалыг голчлон олборлодог. Хотын суурьшлын бүсээс элс хайрга ол­бор­лох, мөн карьер ажил­луулахыг хориглох шийд­вэрийг гаргаад удаж байгаа. Гэтэл Хан-Уул дүүр­гийн 13,14 дүгээр хороо буюу Биокомбинат, Шу­вуун фабрикаас дотогш олборлолт явуулж байна. 2007 онд хотын дарга захирамж гар­ган Сонсголонгийн гүүр орчимд ажиллаж бай­сан 15 карьерийг зог­соосноор  Улаанбаатар хо­тын суурьшлын бүсээс элс хайрга олборлохоо больсон Гэвч иргэд шөнө оройн цагаар портер, бонго зэрэг бага оврын тээврийн хэрэгслээр голын эргээс элс, хайрга зөвшөөрөлгүй зөөдөг юм байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон буюу Биокомбинат, Шувуун фабрикийн авто замаар оршин суугчид элс, хайрга зөөж буй хүнд даацын автомашинуудыг явуулахгүй байх тулд замаа хаагаад 20 хонож байгаа аж.Нутгийн иргэд ээлжлэн зам дээр жижүүрлэж байгаа юм байна.Тус сууршлын бүсэд барилгын түүхий эд болох элс, хайрга олборлож, шороо тоос босгон тоосжилт үүсгэсэн нь  иргэдийн эрүүл мэнд, амь нас аюулгүй амьдрахад хүндрэл үүсгэж тухай нутгийн иргэд гомдол гаргасан. Гэвч тусдүргийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс тоохгүй байгаа. Мөн карьер ажлуулж байгаа компаниудын удирдлагатай уулзах гэхээр уулзахгүй байгаа гэдгийг оршин суугчид хэлж байлаа.

Харин Мэргэжлийн хяналтын дэд дарга Б.Ангараг хэлэхдээ” Хайрганы асуудлаар манай нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт явуулж  байгаа. Одоогоор шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Ер нь  бол зөрчил дутагдал байнга гардаг. Мөн хайрга олборлож байгаа газруудын зарим нь нөхөн сэргээлт хийдэггүй Энд ганцхан манай байгууллага шалгаад бүх асуудлыг шийдэж чадахгүй. Иймээс бүх байгууллагад хамтарч байж, карьер болон хайрга олборлолтын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв

Элс хайрга олборлосон карьерийн нүх рүү нэг хүүхэд унаж нас баржээ

Элс хайрга олборлосон карьерийн нүх рүү  хүүхэд унаж нас баржээ. Мөн мал бол маш олноороо унаж үхэж байгаа аж.  Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Үүрийнтуяа” Би энд 2000 оноос хойш амьдарч байгаа. Намайг амьдарч эхэлснээс хойш бараг карьер бий болсон гэж хэлж болно. Бид орчин суугчидтай  хамтраад хайрганы олборолтыг зогсоох гээд өөрсдийнхөө чадах арга хэмжээг аваад зогсоож чадахгүй байна.  Хайрга олборлож байгаа компанийн эзэдтэй уулзах гэсэн боловч гурван жилийн хугацаанд хэнтэй уулзаж чадаагүй. Бид арга бараад манай дүүргээс УИХ-д гарсан гишүүд ч хандсан. Гэвч тэд зөвлөх туслахын утсыг өгөөд явдаг. Өөр дорвитой арга хэмжээ авахгүй байна. Сууршлын бүсэд  “Боржины тал” гэдэг компани айлуудын хаяанд тулгаад ухаж, энэ орчимын булаг шандыг бүгдийн  ширгэсэн. Энэхүү хууль бус үйлдлийг зогсоох хэрэгтэй байна” гэв. Энэхүү байгаль орчин сүйтгэж, иргэдин эрүүл мэндийг хохироож байгаа  хайрга олбордож байгаа компаниудын үйл ажиллагаа зогсоож, болохгүй арга хэмжээг нь авах хэрэгтэй байна. Хан-Уул дүүргийн 13 хорооны нутагт дэвсгэр эрүүл газар байхгүй болж байгаа аж. Иймээс хууль хяналтын байгууллага болон лецинз болгож байгаа газрууд анхаарлдаа авах цаг болсон байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ы 322 ширхэг хувцаагаа хэрхэн худалдах вэ

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Өнгөрсөн сард хувьцаа зарж байна гэсэн мэдээлэл гарч зарим иргэд хувьцаагаа зарна хэмээн урт цагааны үүдэнд оочерлон 10 хоносон талаар мэдээлэл гарсан билээ. Харин цагдаагийн байгууллага иргэдийн 1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олж, шалгаж эхэлсэн билээ. Цагдаагийн байгууллага түүнийг зохион байгуулалтай худал мэдээлэл тараасан хэмээн шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь “Залуучуудын холбооноос явж байна” хэмээн “1072 хувьцааг худалдаж авна” гэж цуурхлыг тараасан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Одоогийн байдлаар түүний ямар зорилготой цуу яриа тараасныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийм цуурхлаас болж иргэдийн амгалан тайван байдал алдагдаж нийслэлийн зарим хэсэгт шөнө явахад бэрхшээлтэй болж байсан юм. Мөн Эрдэнэс Тавантолгой ХХК-аас хувьцааг гараас гар дамжин худалдаалах боломжгүй гэдгийг ч мэдээллээд байсан. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар удаан хүлээсэн хувьцаагаа амь оруулах боломж нээгдлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн байна. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлаар хэлэлцэх юм байна. Ингэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй.  Хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Засгийн газэр энэ асуудлыг өөрсдөө зохион байгуулах ёстой. Хөрөнгийн биржийн төлбөр тооцоо хадгаламжийн төв, Иргэний бүртгэлийн газарт очиход тухайн иргэний хувьцаатай байна уу, үгүй юу гэдгээ шалгуулах боломжтой. Хувьцаагаа зарах боломжтой 1,6 сая хүн байна хэмээн тооцоолж байгаа. Тэдний яг хэд нь зарахыг бид хэлж мэдэхгүй. Маягт бөглөсөнөөс хойш долоо хоногийн дараа данс руу нь мөнгө ороод эхэлнэ. Харин үлдсэн 750 ширхэг хувьцаа дараагийн асуудал. Төмөр замыг барих, нүүрсний зах зээлийн  үнэ буурах зэргээс хамаарах асуудал” гэсэн хариултыг өгсөн байна. Засгийн газар шийдвэр гаргасан учраас 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр зарах боломжтой боллоо. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар бороо орно

 

Малчид, ард иргэдэдийн анхааралд  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 06 дугаар сарын 10-ны 21 цагаас 06 дугаар сарын 11-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 5-7 градус , өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 

12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Үндэсний их баяр наадмаар хэд хоног амрах вэ

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам болоход нэг сарын хугацаа үлдээд байгаа билээ.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон. Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах юм байна.

Г.Нандинзаяа 420,7 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов

 

МБАТ-ий спортын XIV их наадмын буудлагын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Булган аймгууд, Алдар, Хүч, Аврагч, Хилчин, Сүлд, Замчин спорт хороод, ТСТөв, “Аваргаас аварга”, “Есүхэй мэргэн”, “Снайпер”, “Тэмүүжин-Өрлөг” , “Буудагч” клубын 21 багийн 235 тамирчин оролцож байгаа аж. Оролцогчид 11 дасгалд цэц мэргэнээ сорьж байна. Эхний өдрийн медальтнууд тодорлоо.

Хийн урт бууны эрэгтэй дасгалд нийт 45 тамирчнаас
1. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ Орхон аймаг
2. ОУХМ Д.Ганзориг Алдар
3. СМ Т.Хаш-Эрдэнэ ТСТөв

Хийн урт бууны эмэгтэй дасгалд / 42 /
1. ОУХМ Г.Нандинзаяа Замчин
2. СМ Э.Энхмаа ТСТөв
3. ОУХМ Ч.Нарантуяа Алдар
Энэ дасгалд 420,7 оноогоор ОУХМ Г.Нандинзаяа / Замчин / улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол СМ М.Түвшинжаргал / Аврагч/ буудлага спортын ОУХМ-н болзол хангасан байна.

50 метрийн сонгомол гар бууны дасгалд / 22/
1.ОУХМ Э.Даваахүү Алдар
2. СМ Г.Буянбаатар Аврагч
3. СМ Ш.Буянзаяа Аврагч

Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө мордлоо

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ өнөөдөр мордлоо.  Тэмцээн Азербайжан улсын нийслэл Баку хотод энэ сарын 16-25 ны өдрүүдэд болох аж. Тэмцээний жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгох юм байна.  Манай шигшээ багаас 52 кг Х.Энх-Амар, 56 кг Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар өрсөлдөнө. Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар ажиллах юм байна. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа.

Хамгийн сайн өдөр - Өнөөдөр
Хамгийн сайхан хот - Ажиллаж, амьдарч буй газар
Хамгийн сайн амралт - Ажил
Хамгийн том баялаг - Эрүүл мэнд. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл