8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх, үр хоёрын үхэлд жижүүр эмч н.Энхбат буруутай юу

2015-12-02 15:03:00

Удахгүй төрөх хоёр ихэр үрээ хоног тоолон хүлээж суусан эх өнөөдөр дэр тэврэн уйлах, шинэ төрөх үрдээ ямар нэр өгөхөө ярилцаж суусан хосуудын нэг маргааш нь нялх үртэйгээ хорвоогоос хамт халих, эрүүл бойжиж байсан нярай төрөхдөө тахир дутуу болох... харамсалтай гэхэд дэндүү харамсалтай дүр төрх амаржих газруудад байс гээд л гарах боллоо. Уг нь албаныхан эх, үрийн эндэгдэл буураад байна гэдэг.  Гэвч сүүлийн хэдхэн жилийн  хугацаанд төрөх эмнэлэг, эмч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлийн балагаар эх, үр эндсэн, хагацсан тохиолдол арван хуруунд багтах нь бүү хэл хэдэн арваараа өсч байна. Эдгээрийн нэг нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн сарын 21-нд гарсан эх үрийн эндэгдэл юм. 27 настай эмэгтэй амаржих гэж ирээд амиа алдсан энэ хэрэг эх хүн болох, ээж болох агшин дэндүү гунигтай, харамсалтай байгаагийн нэг жишээ учир манай сайт энэ хэргийн үнэнийг олж тогтоохын тулд хэргийн талаарх цуврал мэдээллүүдийг хүргэсээр байна. Өчигдөр манай сайт талийгаачийн нөхөртэй ярилцсан бол өнөөдөр тус амаржих газрын жижүүр эмч нарын эрх үүрэг, ажлын уялдаа холбооны талаарх баримт бичгийг ар гэрийнхий гомдолтой харьцуулсан нийтлэлийг хүргэж байна. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн 1-р төрөхөд 11 эх энджээ

Төрөхийн хүндрэл болон түүнээс үүдэлтэй асуудалд “Эмч нар л буруутай, тэд л хариуцлагагүй хандсан" гэх гомдол хэд л бол хэдийг дурдаж болно. Эмч нарын хүнд суртал авлига, хээх хахуулийн асуудал газар авсныг амтай болгон ярьдаг. Үхэх сэхэхийн даваан дээр эмч нарт хэдэн цаас атгуулсаны хүчинд хоёр яс салсан тохиолдолын талаар бараг хүн бүр нэг байтугай нэлээд хэдийг тоочно. Гэвч эдгээр эмнэлгүүдэд хаягласан гомдол, санал тасрахгүй байсаар л байна. Саяхан Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  баталсан удирдамжаар Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдан 2015 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдөр Өргөө амаржих газарт ажиллажээ. Энэ үеэр тус эмнэлэгт хичнээн эх эндсэн тоог  танилцуулсан байна. Тодруулбал  2013 онд 5, 2014 онд 4, 2015 онд 2 эх зөвхөн 1-р төрөх буюу Өргөө амаржих газар энджээ.

Эх үр хоёрын үхэлд хэн буруутай вэ?

Дээрх судалгаанаас харахад энэ онд Өргөө амаржих газарт хоёр эх эндсэн. Түүний нэг нь өдгөө нийгмийг цочироогоод байгаа эх, үр хоёрын үхэл. Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн сарын 21-нд эхийн эндэгдэл гарч, амаржих гэж ирсэн 27 настай эмэгтэй нялх үртэйгээ хамт амиа алдсан хэрэг олныг цочирдуулсан. “Охиныг маань амьдаар нь өмхийрүүлж аллаа. Эх үр хоёр нэгнээ харах заяагүй байжээ” хэмээн шүүрс алдах аавын харуусал төрөх эмнэлэг, эх баригч эмч нарын ажилдаа ямар хариуцлагаггүй байгааг илчилчихээд байхад тус эмнэлгийнхэн ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа нь харамсалтай.  Өнөө хэр нь эх, үр хоёрын үхэлд хэн буруутай, ямар хариуцлага тооцогдох нь тодорхойгүй байсаар л байна. Ар гэрийнхний ярьж байгаагаар тэдний үхэлд эмч нар буруутай гэдгийг баримтаар барин тавин нотолж буй. Тиймдээ ч хэрэг гарсаны дараа “Нэгдүгээр эмнэлгийн эмч сувилагч нарт үнэхээр их гомдолтой байна. Хүүхэд нь төрөх гэж тэмүүлээд байхад саван доторхи ус нь хагарахгүй байсаар байгаад бүтээгээд алчихсан гэж бид үзэж байна. Мөн хүүхдийг нь хоёр уушгиндаа хатгаатай байсан учир амьсгалахгүй байна гэсэн. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Тиймээс л бид үнэн мөнийг мэдэхийн тулд хүүхдүүдийнхээ цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулмаар байгаа юм” хэмээн ярьсан байдаг.

Эмнэлгийн зүгээс ч эмчийн харицлагын асуудал яригдаж байгаа талаар цухуйлгасан. Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх үр хоёрын үхэлд хоёр эмчийг буруутгагдан шалгаж байгаа аж.

Бид хэргийн талаар тодруулахаар тус эмнэлгийг зорьж, хэрэг гарсан өдөр жижүүр байсан эмч нараас мэдээлэл авах гэсэн боловч эмнэлгийн хаалганаас цааш орж чадалгүй буцсан юм. Нэлээд эрэл сурал болсоны эцэст манай сайт Өргөө амаржих газрын Ерөнхий эрхлэгчийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эх нярай болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, стандартын дагуу үзүүлэх  “Жижүүр эмч нарын багаар ажиллах журам”-ыг олж авсан юм. Энэ журамд ахлах жижүүр, 2-р нэрийн жижүүр, эх барихын 3,4,5,6-р нэрийн жижүүр, нярайн ахлах жижүүр, нярайн 2-р жижүүр эмчийн эрх үүргийн талаар тодорхой тусгагджээ. Тодруулбал ахлах жижүүр эмч нь умай тайрах, умай авах мэс заслыг эзэмшсэн, нярайн анхдагч сэхээн амьдруулалтын үед тусламж үзүүлж багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай эмч байх бөгөөд жирэмсэн, төрөх, төрсөний дараах үед болон эмэгтэйчүүдийн мэс засал эмчилгээнд шийдвэр гаргаж, хүнд өвчтөн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд зөвлөх эмч нарыг оролцуулан зөвлөгөөн хийж асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй юм байна. Харин 2-р нэрийн жижүүр эмч нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, кесар мэс засал болон бусад мэс заслыг эзэмшсэн эмч байх бөгөөд тухайн хэсгүүдэд байгаа анхаарал татах болон хүндэвтэр өвчтөнийг үзэж, төрөлтийн түүхэнд тэмдэглэл хийж, шаардлагатай тохиолдолд яаралтай шинжилгээ хийлгэх, ахлах жижүүр эмчид үзүүлэх, эмч нарын хамтарсан үзлэг хийх, эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлэх арга хэмжээ авах эрхтэй хэмээн заажээ. Хэрэг гардаг өдөр Өргөө амаржих газарт ахлах жижүүр эмч, 2-р нэрийн жижүүр эмч нар ажиллаж байжээ. Ахлах жижүүр эмч нь эрх үүргийнхээ дагуу 2-р нэрийн жижүүр эмчээс ирсэн өвчтөнүүдийг үзэх, төрөх, төрсөний дараах үед болон эмэгтэйчүүдийн мэс засал эмчилгээнд шийдвэр гаргаж, хүнд өвчтөн, онош тодорхойгүй тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд зөвлөх эмч нарыг оролцуулан зөвлөгөөн хийж асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.     

Үүнээс харахад эндсэн эх, үр хоёрын үхэлд 2-р нэрийн жижүүр эмч буруутай байх магадлал өндөр байгаа юм. Ар гэрийнхий ярьж байгаагаар талийгаач баасан гаригийн оройноос өвдөж эхэлжээ. Ингээд  жижүүр эмчдээ хэд хэдэн удаа үзүүлсэн боловч “Болоогүй байна, сайн унтаж амар” хэмээн дараагийн арга хэмжээ аваагүй байдаг юм. Тэгвэл дээрх журамд заасанаар бол 2-р нэрийн жижүүр эмч нь “өвчтөнийг үзэж, төрөлтийн түүхэнд тэмдэглэл хийж, шаардлагатай тохиолдолд яаралтай шинжилгээ хийлгэх, ахлах жижүүр эмчид үзүүлэх, эмч нарын хамтарсан үзлэг хийх, эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлэх арга хэмжээ авах эрхтэй.

Гэвч тухайн өдрийн 2-р нэрийн жижүүр эмч нь талийгаачийг үзчихээд үзлэг хийсэн талаараа ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй, яаралтай арга хэмжээ аваагүй, ахлах жижүүр эмчид үзүүлээгүй, эмч нарын хамтарсан үзлэг хийж, эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлээгүй байгаа юм. Хэрвээ 2-р нэрийн жижүүр эмч өөрийн үүргээ биелүүлж, шат дараатайгаар арга хэмжээ авсан бол өнөөдөр эх, үр хоёр эсэн мэнд  энх тунх байх байлаа.  Тухайн өдөр ахлах жижүүрээр Баясгалан, 2-р нэрийн жижүүрээр н.Энхбат хэмээх эмч нар ажиллаж байжээ. н.Энхбат гэгч эмч нь сургуулиа төгсөөд тус эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд өдгөө найм дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай эмч юм байна.

 

Эхийн эндэгдлийн 60 хувийг эх барих шалтгаан эзэлдэг

Албаныхан эхийн эндэгдэл буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, иргэний эрүүл мэндийн боловсрол дутмаг, жирэмсний хяналтын чанар  хангалтгүй, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл судалгаа муу, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний  шатлал хоорондын уялдаа холбоо сул зэргээс үүдэлтэй гэж хэмээн тайлбарлаж байгаа юм.  2013 оны жилийн эцсийн  байдлаар нийслэлийн хүн амын тоо 1 216 802 болж,  өмнөх оныхоос 32 605-аар, төрөлт 39 906 болсон нь  өмнөх оныхоос 2 882 буюу 7,22%-иар  нэмэгдсэн боловч нялхас болон эхийн эндэгдэл  нийслэлийн хэмжээнд  төдийлөн буурахгүй байгааг холбогдох байгууллагуудаас мэдээлсээр байгаа. Тэгвэл эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгааг ч судалгаагаар тогтоожээ.  Гэвч зарим эх баригчдийн ур чадвар хахуулиар хэмжигддэг болоод удаж байгаа. Учир нь танидаг хүн, мөнгөгүй бол эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрдэгийг дээрх харамсалтай явдал харуулсаар байгаа. Тиймдээ ч талийгаачийн нөхөр эртхэн хахууль өгдөг байж хэмээн толгойгоо шааж сууна. Яагаад эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ариун тангараг өргөчихөөд халаас уруу нь өнгийгөөд байна вэ?  Өнөөх л цалин хангамжийн асуудал яригдах нь дамжиггүй биз. Гэхдээ л тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь тэдний үүрэг билээ.

 

Хариуцлага тооцох, хяналт тавих “гарц” байна уу

Ийнхүү асуудлын талаар нийгэм даяараараа шуугиж байхад өнөөдөр “хариуцлага тооц” гэсэн болоод өнгөрч байна. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулж тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Ингэхдээ эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон байдаг. Гэтэл өнөө хэр тус эмнэлгийн эмч, дарга нарт ямар нэгэн хариуцлага тооцсон зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл