8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсөв алдагдалгүй батлагдах ёстой

2015-10-28 14:24:00

ГАРЦ ҮГ                                                                               

2015 оны төсвийн орлого их хэмжээгээр тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн 2016 оны төсвийг хэрхэн батлах ёстой талаар олон нийтэд мэдээллэсэн эдийн засагч нарын байр суурийг тоймлож байна.


Ч. Хашчулуун

МУИС-ийн багш, доктор, эдийн засагч

Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн супер цикл унаж, дээрээс нь монголчууд бид томоохон төслүүд болох Тавантолгой, цахилгаан станцууд, төмөр зам, боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэлгүй цаг алдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа багасгаж чадалгүй, нөгөө талдаа хөрөнгийн дотогшлох урсгалаа нэмэгдүүлж чадалгүй уналтын үетэй нүүр тулчихлаа. Тийм учраас макро эдийн засгийн шинэ нөхцөлд бодлогоо шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Энэ байдлыг эдийн засгийн “шинэ тэнцвэр” гэж нэрлээд байна.

Өөрөөр хэлбэл, бидний хувьд дэлхийн зах зээлийн шинэ байдалтай зохицох, уул уурхайн уналттай үед улс орноо өөр бодлогоор хөгжүүлэх гарцаа олох ёстой гэсэн үг. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан олон бодлогын алдааг нэрлэж болно. Арван таван жилийн өмнө 2000 оноос ялгаатай зүйл гэвэл маш жижиг, цомхон байсан Монгол Улсын эдийн засаг одоо бол томорчихлоо.  ДНБ-ийн хэмжээгээр Армени, Гүрж, Кыргыз улсаас даваад ирчихлээ. Иймээс шинэ нөхцөлд эдийн засгаа шинэ бодлогоор хөгжүүлэх шаардлагатай болсон гэж ойлгох хэрэгтэй.

Ямар ч байсан дахиж энэ алдааг давтахгүй байх нь чухал. Миний бодлоор дараагийн 10-15 жилүүдийн зарлага, орлогоо сайтар бодитой тооцож, жил болгон тодорхой хуримтлалыг үүсгэмээр байна. Цаашлаад санхүүгийн маш хатуу сахилга баттай болмоор байна. Өнөөдрийнх шиг төсөв хэлэлцэхээр чуулгандаа гишүүд нь суудаггүй. Төсөл ярихаар хэл амаа билүүдээд ороод ирдэг байж болмооргүй байна. Төсвийг замбараагүй өөрчилдөг, болсон болоогүй төслүүдийг шахдагаа л больчих ёстой л доо.

Эх сурвалж: news.mn


Б.Отгонтөгс

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор

Эдийн засгийн онолд төлбөрийн тэнцэл болон төсөв алдагдалтай гарахыг “ихэр алдагдал” гэж нэрлэдэг. “Ихэр алдагдал” гарахаар макро эдийн засаг тогтворгүй болж эхэлдэг юм. Энэ л эдийн засагчдын “толгойны өвчин” болдог. Гэтэл манайд улс төрийн оролцооноос болоод төсвийг хүндрүүлэх байдал хүчтэй байдаг. 2015 оны төсвийг батлахад нэг тонн зэсийн үнийг 6300 ам.доллар байна гэж тооцсон. Гэтэл одоо бодит байдал дээр 5000 ам.доллар болчихсон. Тэгэхээр зэсээс олох орлого 30 хувиар буурч таарна. Зэсийн ханш буурч буй учраас энэ жилийн төсвийг тодотгохдоо, ирэх жилийн төсвийг боловсруулахдаа өөр бодлого баримтлах нь зүйтэй.

Шинжээчид түүхий эдийн үнэ мөд өсөхгүй гэж таамаглаж байна. Тэгэхээр бид одоо 2016 онд хэдэн төгрөг олох боломжтой вэ, олсон мөнгөөрөө ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Мөн 2017 онд бондоо хэрхэн төлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. 2016 оны төсвийг алдагдал багатай батлаасай гэж хүсэж байна. Төлбөрийн тэнцэл нь ашигтай гарсан, мөн төсөв нь алдагдал багатай байвал манай улсын зээлжих зэрэглэл сайжирна.

Төсвийн орлогоо бодитой тооцоолох, түүндээ зардлаа дүйлгэх хэрэгтэй. Бэлэн биш байхад нүүрс, зэсийн үнэ уналаа.

Дахин санхүүжилт хийхэд макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Гадаад төлбөрийн тэнцэл нь ашигтай, төсөв алдагдалгүй, банкны зээлийн эргэн төлөлт муудаагүй, ядуурлын түвшин өсөөгүй бол гадаадаас зээлэх манай мөнгөний хүү бага түвшинд тогтох боломжтой.

Эх сурвалж: mongolnews.mn


Д. Гантулга

Монголын актуарчдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал

Бүх улсууд нам тогтвортой төвшинд инфляцийг барьдаг, төсвийг дотооддоо алдагдалгүй баталдаг. Ажилгүйдлийн төвшин маш бага байдаг.

Валютын ханшаа тогтвортой байлгахыг чухалчилж ирсэн байгаа юм. Макро эдийн засаг нь тогтворжсоны дараа хөгждөг юм байна. 10 гаруй жилийн өмнөх манай улсын эдийн засаг шиг бусад орчин нь тогтворгүй байхад уул уурхайг дагаж эдийн засаг нь өсч буурсан тохиололд дэлхий даяар зөндөө байна. Төгс хөгжсөн туршлага алга. Шинэ тэнцвэр гэх томъёоллоор гарч ирж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжлийнхөө зөв зам руу алхана гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлээд л бүх юм сайхан болохгүй. Сайхан болох эхлэлийг л тавьж байна гэсэн үг. Инфляци, төсөв, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл, валютын ханш гээд макро эдийн засгийн бүхий л үзүүлэлт эерэг утгадаа шилжиж, тогтворжсон үед эдийн засаг өсвөл тухайн улс хөгжинө. Харин манайх шиг макро эдийн засгийн орчин тогтворгүй байхад эдийн засаг нь өссөн, буурсан туршлага зөндөө бий. Гэхдээ дунд хугацаанд хөгжсөн түүх огт үгүй

Эх сурвалж: duulian.mn


Б. Түвшинтөгс

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор

Хамгийн чухал нь одоо супер цикль дууссан. Төсвийн бодлого төлөвлөлт дандаа буруу байлаа. Түүхий эд, эрдэс баялгийн үнэ өндөр төвшинд хадгалагдана гэсэн сэтгэлгээг өөрчлөхөд энэ хөтөлбөр чиглэнэ гэж ойлгож байгаа. 2010 оноос бид эрдэс баялгийн үнийн өндөр өсөлтөөс өөрсдийгөө хамгаалах ёстой байсан юм. Хуримтлал бий болгож, бусад салбараа дэмжих учиртай байсан.

Гэсэн ч тийм зүйл болоогүй учраас өнөөдөр шинэ тэнцвэрийн тухай ярих шалтгаан болж байна. Бодлогын төвшинд хийх шинэ бодлого болох ёстой. Супер цикль дууссан гэдэгт эдийн засагчид, улстөрчид бүгд санал нэгдсэн л бол энэ өөрчлөлтийг хийх ёстой болж байна. Төсвөө алдагдалгүй батлах, халамжийн бодлогоос татгалзах, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд буй параметрүүдийг хангах ёстой. Өр, төсвийн зарлага, алдагдал гэсэн параметрүүдийг эргэж харах ёстой. Төсвийн төлөвлөлтийг манайх айхтар өндөр хийдэг. Гэхдээ оны төгсгөлд хангалттай байж чаддаггүй. Тэгэхээр уул уурхайн хүлээлт өөрчлөгдсөн учраас зарчмаа тодорхой болгоно. Бид Хятадыг сайн мэддэг. Хятадын эдийн засгийн өсөлт өндөр байхаа больсон гэдгээ зарлачихсан. Монголд ч гэсэн ил тод зарлах цаг нь болсон.

Эх сурвалж: duulian.mn


Л. Оюун

Эдийн засгийн ухааны доктор

Нэн тэргүүнд төсвийн алдагдлын шалтгааныг эхлээд тодорхойлох хэрэгтэй. Эндээс гарцыг эрэх нь зөв. Ер нь манай орлого уул уурхайгаас хамааралтай. Нэг салбараас хэт хараат байгаа нь өнөөгийн хүндрэлийн шалтгаан болсон талаар олон эх сурвалж ярьж байна. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийх нь чухал. Харин зүгээр гал унтраах төдий арга хэмжээ авах нь урт хугацаандаа бүр муу үр дүнд хүргэнэ.

Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөл байдалд бүсээ чангалах буюу хэмнэлтийн горимд шилжиж, дунд болон урт хугацааны бодлого баримтлах хэрэгтэй. Яарч буруу алхам хийж болохгүй. Магадгүй урсгал зардлаа танах гарц байна. Харин төсвийн хөрөнгө оруулалт цалин тэтгэврийг танах нь ард иргэдийн амьжиргаа болон эдинй засагтаа асар их хор хөнөөлтэй. Энэ нь хэрэглээг дэмжиж, үйлдвэрлэлийг сэлбэдэг гол хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)


Х. Батсуурь

Олон улс судлаач, эдийн засагч

Өр тавьж төсвийн цоорхойг нөхөх нь маш өндөр өртөгтэй. Улмаар асар өндөр хүүгийн дарамт гадаад өрийн хэмжээг хүндрүүлж болзошгүй. Угаасаа өр тавих замаар төсвийн алдагдлыг нөхөх практик хаана ч байхгүй. Үүнтэй татвар төлөгчид эвлэрч болохгүй. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 800 орчим тэрбумд хүрсэн. Ийм нөхцөл үүсэхэд нөлөөлсөн гадаад шалтгааныг бид хангалттай ярьлаа. Харин дотоод хүчин зүйлсийг орхигдуулах болсон. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ баталсан. Гэтэл энэ хуульд нэг давхар утга дагалдсан юм. Энэ нь татварын өршөөлийн тухай асуудал. Хууль батлагдах сураг гарсан учраас олон компанид татвар төлөгдөхгүй байх эрмэлзэл бий болсон. Тиймээс төсвийн орлогын бүрдэлт дутахад хүргэсэн.

Төсвийн зарлагын 74 хувийг урсгал зардал, 26 хувь нь хөрөнгө оруулалтын зардал эзэлж байгаа. Харин цалин тэтгэвэр урсгал зардлын 30 орчим хувьд ноогдож байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)


Ж. Дэлгэрсайхан

Эдийн засагч

Урсгал зардлаа танаж хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх хэрэгтэй.

Бидэнд одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц бараг үлдээгүй. Одоо ирэх оны төсвийн орлогоо боломжийнхоо хэрээр зөв төлөвлөж, зарцуулалтаа үр ашигтай хийхэд л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа л дагаж мөрдөхийг хичээх нь зөв. Эдийн засаг хүнд байгаа энэ үед хувьчлал хийнэ гэхэд худалдаж авах мөнгөтэй хүн хэд байх вэ гэдэг өөрөө асуудал. Тэгэхээр төсвийнхөө хариуцлагыг сайжруулах хэрэгтэй.

Мөн урсгал зардлаа танаж, хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх хэрэгтэй. Засгийн газар нэмж зээл авбал юунд зарцуулахаа сайн төлөвлөхгүй бол ирээдүйд улам л хүндрэл үүсгэж мэднэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)


Б.Батжаргал

Эдийн засагч

Одоо эдийн засгийг хувь хүнтэй зүйрлэх юм бол орлого багассан байна. Орлого багассан учир зарлагаа багасга.

Хувь хүнтэй яг адилхан. Байж болох бүх л аргыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд зарлагаа хасна. Би орлогоо олж чадахгүй бол зарлагаа бууруулна. Идэхээ багасгана, түрээсийн байранд байсан бол гэр хороололд очиж амьдарна гэх мэт. Энэ мэтээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол төсвийн зарлагыг ойролцоогоор нэг трилионоос илүү хэмжээгээр хасах зайлшгүй шаардлагатай болчихоод байна.

Нэгдүгээрт тэр үед ярьж байсны дагуу УИХ-ын гишүүд төсвийн зардлаа хасаж батлаагүй. Юу гэмээр ч юм бэ дээ. Бид нар бодлогоо буруу, сэтгэлгүй улсуудад бариулчихжээ гэдэг нь маш тод харагдаж байна. Өнөөдөр би л энэ суудалд сууж байвал жилийн дараа, хоёр жилийн дараа яах нь надад падлийгүй гэдэг сэтгэлээр хандаж байна. Тэр үед ярьж байсан зүйл тэр үедээ хэрэгжээгүй. Тухайн үед 600-700 тэрбум төгрөгөөр зардлаа танах тухай ярьж байсан. Гэтэл одоо гадаад нөхцөл байдал нэмэгдээд трилионоор алдагдал хүлээх тухай, энэ хэмжээгээр зардлаа танах тухай яригдаж байна шүү дээ. Аливаа өвчнийг эрт л эмчлэхгүй бол улам даамжирдаг гэдэгтэй яг адилхан дүр зураг гарч ирж байна.


Л.Амар

Азийн хөгжлийн банкны эдийн засагч

“Төсвийн зардлаа хумьж байж хүндрэлийг давна. Одоогоор мөнгөний бодлогын хүүг хөдөлгөх шалтгаан харагдахгүй байна” гэж өгүүллээ.

Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны зүгээс төсвийн зардлаа танаж, мөнгөний хатуу бодлого баримтлах нь илүү оновтой гэсэн зөвлөмжийг манай улсын бодлого тодорхойлогчдод өгөөд байгаа юм

Эх сурвалж: bayartogtokh.blogspot.com

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл