8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг байраар шагнаж, орон нутгийн замд аюултай нөхцөл байдал үүссэн өдөр

2016-08-29 18:45:00

Ажлын шинэ  долоо хоног эхэлж байна. Тун удахгүй бид хүүхэд бүхэний хүсэн хүлээдэг 9 сарын 01-тэй золгох гэж байна. Ирэх сард юу хийж, ямар ажил үйлс бүтээх талаар төлөвлөж амжсан уу. Амжаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ирэх  сар танд амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд та бүхэндээ нэгэн мэдээлэл дуулгахад “Иргэд самрын болц гүйцээгүй байхад самар түүх мөн улмаар модноос унаж амиа алдах тохиолдох явдал их гарч байгаа. Өчигдөр гэхэд Зүүн салааны Бэлгүүний аманд өчигдөр 14 цагийн орчимд хүн гэмтлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Баянзүрх дүүргийн иргэн 23 настай Т гэх эрэгтэй тус газарт самар түүж байгаад модноос унаж, эгэмний ясаа хугалан ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байжээ.  Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг түүхий самар түүж, хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа. Байгаль орчинд хохирол учруулан хугацаанаас нь өмнө хууль бусаар самар түүж, тээвэрлэсэн иргэдийг нэг сая төгрөгөөр торгоно.Мөн 4 кг-аас дээш самар түүсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3-6 сар хорих ялаар шийтгэнэ гэдгийг санууллаа. Харин одоо та бүхэн үргэлжлүүлэн өнөөдрийн Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Г.Мандахнаран: Баярласан сэтгэлийн илэрхийллийг минь буруугаар эргүүлж биднийг луйвардсан

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранд алтан медаль гардууллаа. Уг алтан медалийг тус холбооны гишүүд болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр хийсэн байна. Мөн хандивын данс нээсэн аж. Энэхүү хандивын дансанд нийт 20 сая 415 мянган төгрөг цугларсан бөгөөд алтан медалийн хамт гардуулж өгсөн юм. “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон олимпийн хүрэл медалийн төлөө барилдаж торгуулийн оноогоор ялагдсан. Уг торгуулийн оноог шударга бус, чөлөөт бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа билээ. Эл үйл ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон хандив өргөсөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үер Г.Мандахнарангаас дараах асуултад хариулт авсан юм.

-Баяр хүргэе. Сайн явж ирсэн үү?

-Баярлалаа сайн явж ирлээ.

-Сайхан сэтгэлт хүмүүс сэтгэлийн илэрхийлэл болсон алтан медалийг гардаж авлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо болон дэмжиж тусалсан хүмүүст маш их баярлалаа. Монголын ард түмэн ямар агуу сэтгэлтэй юм бэ, хүүгээ тайвшруулахыг тулд нэгдэж чадаж байгаа нь сайхан байна. Бүгдэд нь баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү 

Х.Баттулга: Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ, битгий уурлацгаа

Өчигдөр  Монголын Жүдо Бөхийн Холбооны ээлжит хурал болсон билээ. Тус хурлаар МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулсан. Мөн энэ үеэр МЖБХ-ны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатарт тодорхойлох, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга үгүйсгэлээ. Тэрбээр "Хурлаа би удирдсан. Д.Сумъяагаа л баатарт тодорхойлсон. Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ. Битгий уурлацгаа. Битгий санаа зов" гэж жиргэжээ. 

Ард иргэд хэт их тансаг амьдарсан, одоо хэмнэлтийн горимоор амьдруулж сургана


Өнгөрсөн тав дахь өдрийн чуулганы хуралдаанаар  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанаар ард иргэдийн хамгийн их анхаарлыг татаад байсан нь хүүхдийн мөнгөний асуудал байлаа.

“МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан билээ.Эхний ээлжинд зорилтот бүлгийнхэнд олгоод, үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөж олгохоор төлөвлөөд байгаа талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн энэ үеэр нэмж цэцэрлэг сургууль барихад мөнгө төсөвлөхгүй гэв. Зарим гишүүд энэ асуудалтай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруубал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлэхдээ “Энэ жил цэцэрлэг сургууль барих төсөв баталж чадахгүй юм бол хүүхэд харах үйлчилгээг дэмжих ёстой юм биш үү? Гэтэл хүүхэд харах үйлчилгээний төсвийг хасчихсан байна. Дээр нь Монгол Улсын хүн болгон дээд боловсролтой болох гэж зүтгээд талх барьдаг, барилга барьдаг хүүхдүүд ховордоод байхаар нь МСҮТ-д суралцдаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлсэн. Гэтэл эргээд хасчихсан байх юм. Мөн түүнчлэн төсвийг танана гэчихээд харин ч зардал нэмэгдсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Гэж асуухад  Сангийн сайд Б.Чойжилсүрэн “МСҮТ-ийн сурагчдад олгодог тэтгэлэг түр зогсоосон. Санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим нэг урсгал зардал нэмэгдсэн. Учир нь шинэ ЗГ байгуулагдахаас өмнө өр үүсгэчихсэн байсан. Тиймээс зарлага нэмэгдсэн. Шинээр барилга барих боломжгүй. Харин эхлүүлсэн ажлаа дуусгах, урсгал завсар хийх ажилдаа санхүүжилт олгох бодлого бариад явж байна. Хүүхэд харах үйлчилгээний хувьд санхүү сайжирвал эргээд нэмэгдүүлнэ” гэсэн хариултыг хэллээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана гэдгийг хэлж байлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд аюултай нөхцөл үүсчээ

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл гарч, зорчиход аюултай нөхцөл үүсчээ. Тус чиглэлийн улсын чанартай А0501 дугаартай зам нь удаа дараа орсон хүчтэй аадар бороо болон хэт халалтын улмаас ийнхүү эвдрэл гарсан байна. Тиймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид орой, үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой зорчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан нь тогтоогджээ

МУИС-д өнгөрсөн хавар аудитын шалгалт хийж нэлээдгүй зөрчил илрүүлсэн байна.Шалгалтаар тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ 5,8 тэрбум төгрөгний зөрчил илрүүлсэн бөгөөд үүнээс гадна сургалтын хөтөлбөргүй оюутан элсүүлдэг гэх мэтчилэн нэлээдгүй зөрчил илрүүлсэн байна.  Р.Бат-Эрдэнэ захирлын зөрчил үүгээр дуусахгүй бөгөөд  тусгай зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авдаг зэрэг ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байна. Дээрх алдаа дутагдалыг гаргасан учраас Р.Бат-Эрдэнэ захиралд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж үзэх хүмүүс байна.

Д.Сумъяад гурван өрөө, Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэжээ

 

Рио 2016 олимпийн наадамд амжилттай оролцож, эх орондоо хүрэл, мөнгөн медаль авчирсан  Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг  ХХЕГ-ын хамт олон өнөөдөр өглөө хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад  гурван өрөө байр, олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн  Д.Отгондалайд хоёр өрөө байр Хуульзүйн яам бэлэглэсэн батламжийг гардуулан өглөө. 

Жолооч нарын анхааралд: Машин бүрийг шалгана

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд 2016 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгах юм байна. Тус шалгалтаар техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах юм байна.

УБТЗ-ыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг Засгийн газарт тус нийгэмлэг болон ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн билээ. Хэрэв УБТЗ-ыг онцгой албан татвараас чөлөөлөхгүй бол транзит тээврээ зогсооно гэж ОХУ мэдэгджээ.

Талуудын хүсэлтийг хүлээн авахын тулд Засгийн газар УБТЗ-ын хэрэглээний дизелийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан байна. Татварын тухай хуулиар татварыг зөвхөн УИХ бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй юм. Үүнээс гадна БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр болон одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд УБТЗ-ын импортлодог дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй аж. УБТЗ 1998 оноос хойш жилд 2-4 тэрбум төгрөгийн татвар төлж иржээ. 2015 онд 21 тэрбумын татвар төлсөн. Энэ жил онцгой албан татварын хэмжээ 15 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор 36 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг ч УБТЗ-ынхан гаргасан байна. Төлөх татварын хэмжээ нэмэгдэх тусам УБТЗ-ын эдийн засаг хүндрэх болжээ. Мөн Япон улсын Засгийн газраас зээлсэн 115 тэрбум төгрөгтэй дүйцэх иенийг 2023 он гэхэд төлж дуусгах үүрэгтэй. Хэрэв энэ чигээрээ онцгой албан татварыг улсад төлөөд явбал 2023 онд багтаж дээрх зээлийг барагдуулах эдийн засгийн боломж УБТЗ-д байхгүй болсныг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт Засгийн газраас санаачилсан Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжсэнгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл