Утааг бууруулахыг шаардсан эцэг, эхчүүдийн жагсаал маргааш Сүхбаатарын талбайд болно. Урьдчилсан байдлаар энэ жагсаалд 20 мянган эцэг, эх оролцоно хэмээн зохион байгуулагч болох “Утааны эсрэг эцэг эхийн холбоо”-ныхон мэдээлсэн. Жагсаалд хүссэн хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөж болох юм байна. Сүхбаатарын талбайд маргааш 10.00 цагт жагсаал эхэлнэ.
Уг жагсаалыг фэйсбүүк дэх ээжүүдийн группийн гишүүдээс санаачилсан юм. Учир нь “Агаарын бохирдлоос үүдсэн уушгины өвчлөл нэмэгдэж байна. Нэг жилд л гэхэд 0-1 насны 500 гаруй хүүхэд нас барж байна. Ирэх жилээс энэ тоо 25 хувиар нэмэгдэх хандлагатай. Ихээр бодоход 30 жилийн дараа уушгины өвчлөл, сүрьеэтэй бүхэл бүтэн үе гарч ирэх гээд байна. Нэг хэсэг шарлалт, элэгний өвчтэй үе гарч ирсэн. Тэр түүх давтагдах гээд байгаа тул нэн даруй агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн Утааны эсрэг аав, ээжүүдийн төлөөлөл болсон Х.Энхбаяр хэлсэн юм.
Жагсаалын хүрээнд тэд Засгийн газарт тодорхой хэдэн шаардлага тавина гэж мэдээллээ.
-Засгийн газар утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлах хэрэгтэй. Гамшгийн тухай хуульдаа “Утаа бол гамшиг” гэдгийг нэмж оруулж онцгой байдал зарлах.
-Онцгой байдал зарлахад авдаг бүх арга хэмжээг авах.
-Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэх.
-Агаарын бохирдолтой тэмцэх үр дүнгүй хуучин аргуудаа өөрчилж дорвитой ажиллах гэсэн үндсэн шаардлага тавихаар төлөвлөжээ.
Утааны эсрэг тэмцэхэд 20 мянган иргэн гэдэг нь хангалттай тоо биш тул Улаанбаатарын иргэн бүрийг нэгдэхийг уриалсан юм.