Утааны эсрэг аав, ээжүүд нэгдсэн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Тэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой ажил хийхийг НЗДТГ, Засгийн газраас шаардаж олон нийтэд танилцуулсан юм. Уг жагсаалд оролцоно гэдгээ олон нийтийн сүлжээгээр 20 мянга гаруй хүн илэрхийлсэн ч 300 гаруй хүн ирсэн гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байсан юм.
Шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Та өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэгдэж, онц байдал яаралтай зарлаж, арга хэмжээ авч өгнө үү" гэж бичсэн байсан юм. Үүнд, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, бодитой арга хэмжээ авах, зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах, Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа Баянхошуунд зохион байгуулж, нөхцөл байдлыг нүдээр үзэх, Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах, Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувиар бууруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулахыг шаардсан юм.
Мөн Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторийн үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилан, долоо хоног бүр олон нийтэд мэдээлэх, 2017 оны нэгдүгээр сарын 10 гэхэд нэг ч монгол хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах, Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах, Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх талаар ч уг шаардлагад дурсан байлаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын захиргаанд дараах шаардлагыг хүргүүлсэн юм. Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх, Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах, Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах, Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах, Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгохыг шаардаж байна гэсэн байв.
Энэхүү шаардлагын хариуг нийслэл, Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 10-ны дотор хүлээн авахыг хүсчээ. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгож тэмцэнэ гэдгээ жагсаал зохион байгуулагчид нь онцоллоо.
Мөн жагсаалийн үеэр утааны эсрэг үзэл бодлоо илэрхийлж буй жагсагчид өргөдөл бичсэн юм. Энэхүү өргөдөлийг өнөөдрийн УИХ-ын чуулганы Өргөдлийн байнгын хороогоор оруулах юм байна.
Ингээд жагсаалд оролцогчдын сэтгэгдлийн сонссон юм.
Жагсаалыг санаачлагч Х.Энхбаяр:
ДЭМБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд 4 жилийн дараа манай улсын хүн амийн 60 хувь нь амьсгалын замын өвчнөөр өвчилсөн, үлдсэн 40 хувь нь хорт хавдартай болон гэсэн судалгаа гаргасан байсан. Бага насны хүүхдүүдийн дунд уушигны өвчлөл их байгаа учраас бид энэхүү жагсаалыг хийж байна. БНХАУ-д агаарын бохирдол 532-т хүрсэн байхад онцгой байдал зарлаж цэцэрлэг, сургуулийг хааж байна. Гэтэл Баянхошуунд агаарын бохирдол 2500-аас давсан үзүүлэлтт гарчихсан байхад шийдвэр гаргах шатны хүмүүс одоо хүртэл чимээгүй байгаад учраас эхний ээлжид цочроо өгөх зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Иргэд маш идэвхтэй оролцож байгаад баяртай байна.
-С.Хашчимэг: Утаанаас болж амьтай болгон хордож үхэж байна
-Маш зөв санаа гаргасан жагсаал болж байна. Өмнө нь энэ жагсаалын талаар телевизээр мэдээлэл аваад өнөөдөр хэрэг болгож ирж байна. Бид бүгд амьсгалж байгаа агаар шүү. Тиймээс иргэн бүр оролцоосой гэж хүсэж байна. Уг нь нэлээд олон хүн цуглана гэж байсан сансаны хэмжээнд хүртэл нь хүмүүс ирээгүй байна. Гэхдээ залуусийг дэмжээд явах нь хэрэгтэй. Утааны эсрэг өргөдөл гаргаад явж байна. Утаанаас болж амьтай болгон хордож үхэж байна. Бид эрүүл орчин амьдрах эрхтэй. Эрхээ эдэлмээр байна.
Г.Батсайхан: Сүүлийн хоёр жил маш их утаатай болсон
-Цаг үеэ олсон зөв жагсаал болж байна гэж бодож байна. Төрөөс утааг багасгахад зориулж зарцуулсан мөнгөний зарцуулалтыг ил болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд утаанд маш их хэмжээний мөнгө зарцуулсан гэх юм. Гэтэл яг үнэндээ утаа нь багассан зүйлгүй ахарин ч нэмэгдсэн. Манайх төмөр замд байдаг. Сүүлийн хоёр жилд маш их утаатай болсон. Цонхоо онгойлгох ямар ч боломжгүй байна.
-Герман улсын иргэн Роберто: Жагсаал үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна
-Иргэд нь утааны эсрэг, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө жагсаж байгааг харах сайхан байна. Нөгөө талаасаа Улаанбаатар маш их утаатай байна. Амьсгалах аргагүй байна. Би Герман улсын иргэн. Гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод ирсэн. Манай эхнэр монгол хүн бий. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн миний эх орон гэсэн үг. Энэ жагсаал үр дүнгээ өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь төр, засгийн шийдвэр гаргах шатны хүмүүс нь тодотрхой, дорвитой шийдвэр гаргаж хамтдаа утааны эсрэг тэмцвэл илүү үр дүнтэй болов уу.
Д.Нэргүй