Өнөөдөр бол жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог арванхоёрдугаар сарын 22 –ны өдөр билээ. Өнөөдөр эх оронд минь олон үйл явдлаар дүүрэн өдөр болж өнгөрлөө. Ингээд уншигч танд өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэдэг Монголын нэг өдөр буланг хүргэж байна. Өнөөдөр ес эхэлсэн.Монголчууд эрт дээр үеэс жавар ташсан өвлийн улирлыг есөн ес 81 хоногоор тооцдог билээ. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ. Тэгвэл өнөөдөр буюу аравхоёрдугаар сарын 22-ны энэ өдрөөс эхлэн нялх гурван ес эхэлж байна. Ес эхлэх энэ өдрийг жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог хэмээн үздэг.Монголчууд ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22 - ний өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна.
"Улс төрийн захиалгатай, зохиомол хэрэгт Гансүх нарыг хэлмэгдүүлсэн шийдвэрийг давтлаа"
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулсан юм.Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм. Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.Энд дарж үзнэ үү
Амжилт бүтээл, алдаа оноотой БОЛОВСРОЛ-ын салбарын анхаарал татсан 10 үйл явдал
2015 он дуусахад хэдхэн хоног үлдсэн эдгээр өдрүүдэд манай сайт уншигч танд салбар салбарын онцлох үйл явдлын хүргэж байгаа. Тэгвэл өнөөдөр Боловсролын салбарт болсон үйл явдлыг онцоллоо.Энд дарж үзнэ үү.
Нэг айлын гурван хүү гурван өөр намаас нэр дэвших нь
Манай улс төр нийгмийн хүрээнд ах нь МАН-ынх байвал дүү нь МАН-ынх нь байх ёстой гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тиймдээ ч эхнэр нь АН, нөхөр нь МАН-д, дүү нь АН-д эгч нь МАН-д албан тушаал хашдаг эрхэмүүдийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ бол зөв тактик гэдгийг өнөөгийн албан тушаалтануудын нэгээхэн хэсэг нь харуулсаар байгаа. Тэгвэл нэг айлын гурван хүү өнөөгийн улс төрд хүчин зүтгэж буй гурван намд нэг нэгээрээ элсч, ирэх сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй дүр зураг үзэгдээд явчихлаа.Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн зааны хүү Монгол Улсын аварга Д.Сумъябазар өнгөрсөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргын албан тушаалтай.Гэвч дүү болох Д.Дагвадорж нь яг сонгуулийн үеэр Ардчилсан намд элссэн олон хүний гайхширлыг төрүүлсэн.Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Чингисийн зурагтай үнсний савыг худалдаалахыг хориглолоо
Сүүлийн хэдэн жил манайхан Чингис хааны зурагтай бүх л төрлийн зүйл худалдаалж байгаа. Энэ талаар иргэд зөв буруу хэмээн хоёр хуваагддаг. Тэгвэл ШӨХТГ-аас Чингисийн зурагтай үнсний савын худалдахыг хориглосон байна. Энд дарж үзнэ үү.
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж үзнэ үү.
Байлдагчийн хэргийг шалгаж байна
Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г энэ сарын 19 ний өдөр амиа алджээ. Хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг цэргийн салбарынханд байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлсэн хэмээн ХХЕГ-ын олон нийттэй харилцах алба мэдээллээ.
Автобусны жолооч согтуу байжээ
Өнөөдөр өглөө Замын цагдаагийн алба хаагчид нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 92 37 УБН улсын дугаартай МАZ 215067 маркийн автобусыг зогсоон шалгахад, жолооч Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Тэрбээр 0.31 хувийн согтолттой байх үедээ нийтийн тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Хэргийг мөрдөх хэсэг Өмнөговь, Хөвсгөлд ажиллаж байна
"Ирвэс хамгаалах сан"-гийн биологич залуу Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсгийн гишүүд Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгалтаар ажиллаж байна.
Бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна
БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан.Хуваарийн дагуу нийслэлийн I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тэд 12 дугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ныг хүртэл амарна. Харин VI-IX ангийнхан нэгдүгээр сарын 5-25-ныг хүртэл, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл амарна. Орон нутгийн хувьд I-V ангийнхан нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, VI-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл, X-XII ангийнхан нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл амарна.
Нэгнийгээ аврах гэж ороод амиа алджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт өнгөрсөн баасан гаригт 11 иргэн хорт хийнд хордож, гурав нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин хорт хийнд угаартаж, хордоод байсан найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан бол тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэгвэл амиа алдсан ажилчид нь “хий алдаж эхэлмэгц нүүрсний үйлдвэрийн гагнуурчин болох 39 настай Ө худаг руу ороод, удалгүй ухаан алдсан аж.Улмаар нэгнийгээ аврахаар араас нь орж байгаад харамсалтайгаар амиа алджээ. Одоогоор “Гранд повер” компанийн үйлдвэрийн хий дамжуулах хоолойг НОБГ-аас хаасан бөгөөд нүүрсний хийн ислийг лабораторид шинжилж байгаа аж.
Жүжигчин Николас Кейжийн эзэмшиж буй үлэг гүрвэлийн ясыг Монгол руу буцаахаар болжээ
Манай улс үлэг гүрвэлийн араг ясыг хилээр гаргахыг 1924 оноос хойш хориглосон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн Албанаас АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол улс руу буцаах шийдвэр гаргажээ. Уг үлэг гүрвэлийн ясны эзэн нь тодорхойгүй байсан юм. Харин албаныхан үлэг гүрвэлийн ясны эзэн нь алдарт жүжигчин Николас Кейж болохыг тогтоожээ. Алдарт жүжигчин 67 сая жилийн настай уг үлэг гүрвэлийн араг ясыг Беверли Хиллз дэх дуудлага худалдаан дээрээс 276,000 ам.доллараар худалдаж авсан болох нь илэрчээ.
Арьс, ширний урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 74 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгох Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан.Энэхүү тушаалаар 21 аймаг, нийслэлийн нийт 54419 хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159 654 ширхэг ширэнд 2 394 810 000 төгрөг, богийн 1 854 943 ширхэг арьсанд 5 564 829 000 төгрөг, нийт 7 959 639 000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
СУИС-ийн оюутан охид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн үү?
Соёл урлагийн их сургуулийн бүжгийн ангийн 16 оюутан охин өнгөрсөн зун БНХАУ-ыг зорьжээ. Тэднийг сургуулийнх нь багш Г удирдаж, БНХАУ-д жуулчны баазад өндөр цалинтай бүжиглүүлэхээр авч одсон байна. Гэвч гурван сарын турш монгол оюутнууд цалин хөлсөө авч чадахгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд ирсэн мэдээлэл байна. Оюутнуудад анх жуулчны баазад гурван сар бүжиглүүлээд тус бүрт нь 2.4 сая төгрөг өгнө гэж удирдаж явсан багш нь амлажээ. Сургалтын төлбөрөө олохоор явсан оюутнууд 8:00 цагаас үүрийн 3:00 цаг хүртэл бүжиглэж, хоол унд, унтах орон байргүй хүнд байдалд орсон гэнэ.ЭНД дарж үзнэ үү
С.Бямбацогт: Таван бүстэй байна гэж одоохондоо ярьж байна
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж байна. Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагчдыг төлөөлж Х.Болорчулуун гишүүн нар ажиллаж байгаа аж. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах болон саналын хуудсыг тоолох аргачлал зэрэг дээр намууд зөрүүтэй байр, сууриа нэгтгэх эсэх нь өнөөдөр тодорхой болно. Одоогоор намууд ямар байр суурьтай байгаа талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.Энд дарж үзнэ үү
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулсан билээ. Түүний хамт БНСУ-ын иргэн, “Эл Си Ти Эс” компанийн гүйцэтгэх захирал Ли Жон Гиол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэлтсийн дарга З, “Бизнес Имблоёд” компанийн Б нарыг мөн хорьж саатуулаад байгаа. Харин Б.Батзаяа нь батлан даалтад гараад удалгүй дахин хоригдсон бол түүнтэй хамт баривчлагдсан гурван сэжигтэн батлан даалтад байгаа аж. Түүнчлэн “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн зөвлөхөөр ТӨХК-ийн дэд захирал асан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан. Гэвч баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн тэрбээр АНУ руу зугтсан байдаг бөгөөд эдүгээ Интерполоор Ч.Ганбат болон “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж буй.Харин сүүлд авсан мэдээллээр энд дарж үзнэ үү
М.Зоригт: Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох ёстой
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр "Улаанбаатар төмөр" зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлсэн. Тэрбээр албан бичигтээ "Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд шилжүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн. Үүнээс болж Орос, Монголын хоорон дахь стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр зогсох гэж байна" хэмээсэн юм.Тэгвэл уг асуудалтай холбогдуулан салбар хариуцсан сайд М.Зоригт өөрийн байр суурийг илэрхийлжээ.Энд дарж үзнэ үү.
Сайхан мэдээ
Архангай аймгийн Төвшрүүлэх сум шинэ сургуультай болов
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 320 хүүхдийн суудалтай, гурван давхар сургуулийн барилга шинээр ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг барилгын ажлыг улсын төсвийн хоёр тэрбум, 400 сая төгрөгийн өртөгөөр “Дэлгэр” констракшн барьж гүйцэтгэсэн байна. Төвшрүүлэх сумын бүрэн дунд сургууль нь 1939 онд байгуулагдсан бөгөөд 76 жилийн түүхтэй аж. Одоогоор 500 гаруй сурагчидтай, 60 орчим багш ажилчидтайгаар ажиллаж байна.
Brotherhood нэгдлийн ахан дүүс "найзыгаа дурсаж сайн үйлс бүтээжээ"
Өнөөдөр "Brotherhood" нэгдлийн ахан дүүс буян хийж сайн үйлсийг бүтээлээ. Учир нь өнөөдөр "Шинэ үе" продакшны жүжигчин Т.Билгүүн агсаны төрсөн өдөр аж. Тиймээс найзууд нь нэгдэж худгийн усыг иргэдэд үнэгүй тарааж, олон хүүхэдтэй, эмзэг бүлгийнхэнд нүүрс тараасан юм. "Шинэ үе" продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байхдаа зам тээврийн осол гарч, жүжигчин Т.Билгүүн харамсалтайгаар амиа алдсан юм.