Ажлын сүүлийн өдөр улс эх оронд уйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Өнөөдөр бол зул сарын баярын өдөр. Ингээд зул сарын баярын өдрийн Монголын нэг өдөр буланг уншигч танд хүргэж байна. Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч "Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Манай эриний 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрний хүн амд давамгайлж эхэлсэн бөгөөд 1100 оны үед Зул сарын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болоод байв. Өдгөө ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байгаа. Зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсдэг бэлэг ,Зул сарын орой хоолны амттанаар дүүрэн ширээгээр нь үргэлж дурсдаг. Гэвч энэ бүгд нь Зул сарын утга учир оршдоггүй аж. Хамгийн гол баярын утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа тэмдэглэх гэж христд итгэгчид үздэг гэнэ. Түүнчлэн өнөөдөр мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын 34 түрүүлсэн амжилтыг дэлхийн дээд амжилтын Геннисийн номонд албан ёсоор бүртгэжээ. Их аварга Хакухо М.Даваажаргал цаашдаа олон амжилтыг эвдэхээр төлөвлөж байгаа аж.Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, зураач С.Заяасайхантай хамтарсан уран зургийн үзэсгэлэнг Токио хотын “Гинза” галерейд гаргажээ. Үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Тэрбээр үзэсгэлэнд тавьсан зарим зургуудаа дуудлага худалдаанд оруулах бөгөөд зарагдсан бүтээлээс олсон мөнгөө Монгол дахь хүнд өвчтэй, амьдралын боломж багатай айлын хүүхдийн эмчилгээнд зарцуулах гэнэ.
Дахин банк дээрэмдсэн хэрэг гарчээ
Энэ сарын эхээр ах, дүү хоёр банк дээрэмдэж олныг цочирдуулаад байсан бол нийслэлд дахин банк дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкны нэгэн салбарт гэмт этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмджээ.Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Манай улсад сүүлийн 15 жилийн дотор хэд хэдэн нисдэг тэрэг осолдож нэлээд иргэд алтан амиа харамсалтайгаар алдсан байх юм. Сонирхолтой нь томоохон нисдэг тэрэгний ослуудын ихэнх нь МИ-8 байна. Хэн нэгний буруутай шийдвэрээс, бусдад туслаж яваад, ажил үүргээ биелүүлж явсан зоригт Монгол эрс харамсалтайгаар амиа алдсаар байна. Сүүлд гэхэд энэ сарын 23-ны орой гэхэд Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Уг ослын улмаас нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн бэртэж улмаар Цэргийн төв госпиталд яаралтай хагалгаанд орсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас амиа алдсан ахмад М.Батбаяр нь цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, цагдаагийн албан хаагчид хамтран ажиллаж байна. Осол шөнийн дадлага сургуулилтын үеэр гарчээ. Шөнийн дадлага сургуулилтыг сард-2-3 удаа хийдэг байна. МИ-8 нисдэг тэрэгний улмаас гарч байсан харамсалтай ослуудыг эргэн сануулья. МИ-8 ослын улмаас 20 Монгол эрс тэнгэрийн оронд заларчээ. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийн та энд дарж уншаарай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жүжигчилсэн мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил дуулж байсан бол энэ жил жүжиглэжээ. Ингээд түүний мэндчилгээг энд дарж үзнэ үү.
Тэд бол эрүүл энхийн төлөө яваа дуут машины эзэд юм
Цаг, минут, секунтээр хэмжигдэх тэдний завгүй ажлын талаар сонирхож тэдэнтэй багахан ч гэсэн яриа өрнүүлэхсэн гэдэг бодлыг тээж явсаар 2015 оны 12-р сарын 24-ны энэ өдөр Яаралтай түргэн тусламж 103-ыг зорилоо. Сурвалжлага хийх тухайгаа нийслэлийн түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал эмчид хэлэхэд Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламж Төвийн дэд дарга доктор С.Ариунболдтой танилцуулсан юм. С.Ариунболд дарга “Бололгүй яахав, хамтран ажиллахдаа баяртай байна. Бидний ажил их л завгүй өрнөнө шүү. Харин чи дуудлага авсан газарт очоод зураг авах тал дээрээ анхаараарай. Дараа нь хүмүүс гомдол гаргадаг юм шүү” хэмээн товчхон зөвлөмж өгсөн юм. Сурвалжлагыг энд дарж уншаарай.
Хөдөөний малчин бүсгүй Москвагийн баян хүүхэнтэй амьдралаа сольжээ
ОХУ-ын “Пятница” телевизийн “Барышня-крестьянка” нэвтрүүлгийн шинэ дугаар гарлаа. Шинэ дугаарт Монголын Баярын Хулан хэмээх бүсгүй Москвагийн Таня гэх баян бүсгүйтэй хэсэг зуур амьдралаа сольж байгаа талаар өгүүлжээ. Хулан Москвад зугаалан тансаглаж явахад Таня Монголд үхэр хариулан, гэрт хоноглоно.ЭНД дарж үзнэ үү
Жирэмсэн эмэгтэй хоёр настай хүүгээ хөнөөгөөд, өөрийгөө хутгалжээ
Төрсөн хүүгээ хөнөөгөөд өөрийгөө хүзүү болон зүрхэн тус газраа хутгалсан аймшигт хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багт гарчээ. Тодруулбал, 2 настай хүүгээ хөнөөсөн Д гэгч малчин эмэгтэй дөрөв дэх хүүхдээ хэвлийдээ тээж байсан бөгөөд найман сартай жирэмсэн байжээ. Тэрбээр энэ сарын 18-ны өдөр Орхон аймгийн эмнэлэгт очиж жирэмснийхээ хяналтанд үзүүлчээд авч ирсэн эм тариагаа аж хэрэглэх заавраа мэдэхгүй байсан тул, нөхөр нь уулан дээр гарч эмчтэй нь холбогдохоор явжээ. Нөхрөө гэртээ ирэхэд нь эхнэр нь хүүгээ хөнөөгөөд, өөрийнхөө хүзүү болон зүрхэн тус газраа хутгалсан байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүлэв
Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хэнээс ч илүү сайн мэддэг, байгаль хамгаалагч талийгаач Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-ны Хаан танхимд боллоо.Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.Талийгаачийн ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон үзүүлсэн юм.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлээд бүх захирлуудад нь эрүү үүсгэн шалгаж эхэлжээ
Иргэн Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн өргөдөлдөө дурдсан юм. Мөн Н.Мөнхбат гүйцэтгэх захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу дараах зарлагын гүйлгээнүүдийг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм. Тэгвэл АТГ-аас түүнд хариуг нь ирүүлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас эхлүүлээд бүх захирлуудад нь эргүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар мэдээллийг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Л.Болормаа агсны амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ
“Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа агсан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгч байсан ч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нар "Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан. Түүний дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн " гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл цагдаагийн байгууллага энэхүү дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа юм байна.Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар дагзны яс хугарах нь гадны нөлөөтэй цохилтоос, мөн хүчтэй савж унахад үүсдэг аж.
Д.Ганбат: Зам тээврийн сайд яамаа порно студи болгочихлоо
Чуулганы хуралдааны үеэр гишүүд бие бие рүүгээ дайрах, элдвээр хэлэх явдал байдаг л үзэгдэл болж. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Зам тээврийн сайд М.Зоригтыг “яамаа порно студи болгочихлоо” хэмээн ихэд эгдүүцжээ. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр, “Өчигдөр зам тээврийн ослоор гурван хүн нас барсан гэж байна. Тэр зам тээврээ хариуцдаг яам нь юу хийж байна вэ. Анхаардаг юм уу.Үргэлжлэлийг энд дарж уншина уу
150 ортой цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд 150 ортой 230 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ.Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа 5 дах цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэгүүд шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан юм. Шинэ цэцэрлэгийг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалт буюу 1,2 тэрбум төгрөгөөр “Баяарс констракшн ХХК” барьжээ. Одоогийн байдлаар 236 хүүхэд багачууд 6 бүлэгт хуваагдан энэхүү цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.
2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай.Улиран одож буй 2015 онд Үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд монгол хүүхэд оюун ухаан, мэдээллийн технологи, спортын төрлөөр өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчилж үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 15 сурагч, нэг хамтлагийг “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа. Эдгээр хүүхдүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж, шагнал гардууллаа.
Алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн цэцэрлэгийн сахиул айлаас Э (3 настай, эрэгтэй) 2015.12.24-ний өдрийн 21:30 цагийн орчим алга болжээ. Энэ тухай дуудлагыг 22:25 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 17 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн 8 алба хаагч, 2 автомашин, ар гэрээс 4 хүн, 1 автомашин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Онцгой байдлын албан хаагчид 2015.12.24-ний өдрийн 23:30 цагт хүүг эсэн мэнд олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
О.Баасанхүү: Бурхан хүн бүрийг хайрласан тул цорын ганц хүүгээ бидэнд өгсөн
Өнөөдөр зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч "Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.Манай улсын Христ шүтдэг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин олны танил эрхмүүд шашин шүтлэгээ нуух нь элбэг байдаг. Тэгвэл улстөрчдөөс Христийн шашин шүтдэгээ хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм.Энд дарж уншина уу.