8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:МАН Засгийн газарт "Хямралын гацуур"-ыг засаж өгч, Элэгний с вирусын эсрэг “харвони” эм худалдаанд гарсан өдөр

2015-12-30 19:00:00

2015 оны түүх болон үлдэхэд нэг хоног үлдсэн өнөөдөр эх оронд үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Уламжлал ёсоор Chuhal.mn сайтаас уншигч танд өдөр бүрийн тойм мэдээллийг хүргэдэг Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт даваа гарагт  сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Шинэ жилээр бид Засгийн газарт сюрприз барина” гэдгээ мэдэгдсэн юм.Олон нийт түүний үгийг олон янзаар таамаглаж байсан.Тэгвэл уг гэнэтийн бэлэг өнөөдөр задарсан юм. Тодруулбал МАН-ын бүлэг Төрийн ордонд "Хямралын гацуур"-ыг зассан байна. Уг "Хямралын гацуур"-ыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод засгийн газрын гишүүдэд өгсөн юм.Энэ талаархи "Хямралын гацуур"-ын Сайд нарт хаяглагдсан чимэглэлүүд фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2016 онд улстөрөөс завсарлага авна гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түүний хувьд улстөрөөс завсарлага авч “Ногоон нүдэн лам” номныхоо хоёрдугаар дэвтэрээ бичих гэж байгаа хэмээн тайлбарласан байна. С.Ганбаатар “ХҮН”-ээс Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Сүүлийн үед нам байгуулах нь гомдогсодын тайлал болсон гэхэд хилсдэхгүй. М.Энхсайхан, Н.Энхбаяр, Л.Гүндалай гээд л тунигчид  сонгууль ойртохоор л нам байгуулж, үүнийгээ улс төрд шинэ салхи оруулж байна гэж тайлбарладаг ч үнэн хэрэгтээ хуйвалдаан зохион байгуулж, эвсэж хамтрахаас цааш үйл явдал өрнөдөггүй билээ.Яг л ийм үзэгдэлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар давтчихлаа. Түүнийг нэлээд эртнээс ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намтай холбоотой, үүсгэн байгуулагч хэмээн хэвлэлийнхэн зарлаж байсан ч тэрбээр өдий болтол үгүйсгэж ирсэн. Эхлээд ямар ч намд орох сонирхолгүй байна гэж байснаа “Намайг ямар намд элсэхийг Дарханчууд шийднэ” гэж шоудсан.ЭНД дарж уншина уу.

 

2015 оны анхаарал татсан 10 хууль

Улиран одож буй 2015 он улс төрийн хувьд тогтворгүй байсан ч УИХ багагүй ажил амжуулжээ. Учир нь энэ онд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан, салбарынхны ажлыг саадгүй явуулах хэд хэдэн хууль батлагдаж, зарим нь хэдхэн хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх гэж байна. Chuhal.mn сайт 2015 оны анхаарал татсан 10 хуулийг танилцуулж байна.

Өршөөлийн тухай хууль

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр УИХ –ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан. Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй бөгөөд  бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулсан. Багагүй хугацаанд маргаан дэгдээж батлагдсан Өршөөлийн хуулиар 2071 хүн суллагдасан байна. Мөн үүнээс гадна суллагдсан хүмүүсээс 29 нь дахин гэмт хэрэг холбогдсон байна. Энд дарж уншина уу.

Б.Батзаяа: Амиа алдсан сурагчийг үхэлд цагдаа нар буруугүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын ахлах ангийн нэгэн сурагч энэ сарын 26-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач хүү Арвайхээр хотод 11 дүгээр ангид сурдаг байсан.  Энэ сарын 23-ны өдөр сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж. Тухайн өдөр хүү доод ангийнхаа хүүхэдтэй таагүй хандаж утасыг булаан авсанаар энэ хэрэг мандсан. Талийгаач доод ангийнхаа хүүхдийн гар утасыг булаан авсан байсан бөгөөд маргааш утсаа булаалгасан хүүхдийн аав талийгаачийг барьж аван зодож цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн аж. Хүү цагдаагийн байгууллагад очоод 1:30 саатуулагдаад орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.Тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч удалгүй нас барсан бөгөөд эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношилжээ. Гэвч эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаа нарыг сэжиглэж байгаа аж. Талийгаачийн эгчийн мэдээлснээр хүүг таньдаг хүүхэд нь аавтайгаа нийлж зодсон бөгөөд түүний дараа тус аймгийн цагдаагийн хэлтэст очиход дахин цагдаагаар зодуулсан хэмээн ар гэрийнхэн гомдолтой байгаа.Энд дарж уншина уу.

 

Гурван ихэр тугал гарчээ

  Энэ сарын 23-ны өдрийн 15.00 цагт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн малчин И.Бат-Итгэлийн хар үнээнээс гурван ихэр тугал гарчээ. Гурван ихэр тугал Улаан малаан бухын төл гэнэ.

 

Элэгний с вирусын эсрэг “харвони” эм худалдаанд гарлаа

Элэгний С вирусыг эмчлэх эм 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орж ирэн 12 сарын 28-ны өдрөөс эхний ээлжинд эмчилгээнд хамрагдах 1600 иргэндээ сонгогдсон эмийн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Элэгний С вирусын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх эгнээнд жагсаж яваа манай улс ийнхүү ард түмнээ элэгний С вирусын өвчлөлөөс ангижруулах, ажлыг шинэ оны босгон дээр хийж чадлаа. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба С вирусын эмийг монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн аж.Энэхүү эм нь элэгний С вирусийг 99 хувь устгадаг өндөр үр дүнтэй аж.

Болдкогийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийнэ

NTV телевизэд “Чухал яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко эмзэг бүлгийн 30 хүүхдийг цэцэрлэгтэй болгох ажлыг санаачлан эхлүүлж, тусч, халуун сэтгэлээр бүрэлдсэн багийнхаа хамтаар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хуучин барилгыг засаж, янзлан, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан юм.Тэгвэл өнөөдөр Болдкогийн цэцэрлэг нээлтээ хийнэ.

МИ-8 нисдэг тэргийн осолд орсон 4 албан хаагч эмнэлгээс гарчээ

Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож, нэг цэргийн алба хаагч амь насаа алдаж, 10 алба хаагч бэртэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлж байсан.Нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой болсон эсэхийг ЗХЖШ-ын албаны хүнээс тодруулахад "Ослын шалтгааныг тодруулсан дүгнэлт гараагүй байгаа" гэдэг хариултыг өглөө. Ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг цагдаа, прокурорын байгууллагынхан үзлэг, шалгалт явуулж байгаа юм.Харин ослын улмаас бэртэж, гэмтэн Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 10 алба хаагчийн дөрвийнх нь бие сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч буй юм байна. Гэмтсэн алба хаагчдын дөрөв нь мэс засалд оржээ. Тэдэнд эмнэлгийн зүгээс бүх талын эмчилгээ, арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

 

Энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлуулжээ

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана Улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баяраар орон гэрээсээ дайжсан хүүхдүүдийг баярлуулжээ. Энхийг сахиулагчид орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч амьдарч буй хүүхдүүдээс 126 хүүхдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, гарын бэлгээр урамшуулсан байна.Энэ үеэр энхийг сахиулагчид Дотоодын дүрвэгсэдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэжээ.Арга хэмжээнд Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс, Монгол, Гана, Зэвсэглэсэн цагдаагийн цэргийн багийн захирагч нар болон Бентью хот дахь НҮБ-ын штабын ажилчид албаны бусад хүмүүс оролцсон байна.Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс энэ үеэр “Зул сарын баяр бол жилд ганцхан тохиох хамгийн сайхан баяр. Энэ өдрийг хүүхдүүд та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгрүүлж байгаадаа баяртай байна. Өмнөд Судан улсад энх тайван тогтож, хүүхдүүд та бүхэн дараа жилийн зул сарын баяраа өөрсдийнхөө нутаг, гэр бүлдээ тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

 

Нийслэлийн 8088 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо

НИТХ-аас баталсан 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж,  өнөөдөр 5 дугаар ээлжийн цахим бүртгэл 12:00 цагаас дууслаа.Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8088 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулсан юм. Тавдугаар ээлжийн бүртгэлээр нийт 140 мянга орчим иргэн  газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн  газар өмчлөх боломжтой.  Өнгөрсөн жилээс эхлэн НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 72 000 иргэн өөрийн өмчийн газартай болсон байна. Ирэх жилүүдэд НИТХ-аас баталсан 52 байршлын үлдсэн байршлуудад болон шинээр баталсан 68 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл