8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглож, 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн өдөр

2017-04-26 18:32:19

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана гэсэн "Хаврын" тухай шүлгээр өнөөдрийн тоймоо эхлүүлж байна. Нэгэн таатай мэдээлэл дуулгахад маргаашнаас эхлэн цаг агаар дулаарч 20 хэм хүрнэ гэж ЦУОШХ-ээс мэдээллээ. Харин одоо бүхэндээ өнөөдрийн шинэ содон бүхнээр тоймоо хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Н.Даваахүү: Малчид нийлж био нүүрс гаргаж авсан анхны тохиолдол нь энэ

Өнгөрсөн долоо хоногт "Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган"-ыг угтсан "Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017" үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 700 орчим төлөөлөгч оролцож, бүтээлүүдээ дэлгэсэн билээ. Үзэсгэлэнд ургаа мод огтлохгүй байх, унасан хатсан мод, модны хожуул, навчаар хийсэн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулсан юм. Эдгээр бүтээлүүдээс олны анхаарлыг ихэд татсан нь Архангай аймгийн Булган сумын “Могойнхон” нөхөрлөлийн хамт олон хийсэн “Бои нүүрс” юм. Энэхүү Бои нүүрсийг аргал, хус модны гишүү, аргал, хожуул, унаанги, яр, хөрзөнгөөр хийсэн бөгөөд тус үзэсгэлэнгийн тавдугаар байрт шалгарсан байна. Ингээд “Могойхон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүүтэй Био нүүрсний талаар ярилцсан юм.  

-Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлвэл утаа багассах боломжтой-

-“Могойнхойн” нөхөрлөлийн хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Малчид хамтран анх удаа Био нүүрс хийсэн байна?

-Баярлалаа. Манай “Могойнхон” нөхөрлөл 2014 онд байгуулагдсан. Одоогоор 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүд бүгд Архангай аймгийн Булган сумын малчид. Био, эко нүүрсийг энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид гаргаж байсан. Гэхдээ нөхөрлөлийн малчид нийлж био нүүрс гаргаж авсан анхны тохиолдол нь энэ. Энэхүү био нүүрс нь унаанги модны гишүү ашиглаж хийсэн 100 хувь байгалийн эко бүтээгдэхүүн. Мөн  орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, болон байгаль хамгааллыг дэмжих зорилгоор хийсэн бидний бүтээгдэхүүн юм. 

Аргал, гишүү, хожуул, унаанги, хөрзөн, яр зэргийг ашиглаж хийж болно. Бидний хувьд эхний удаадаа гишүү ашиглаж био нүүрсээ гаргаж үзсэн. Энэ бүдгийг тус бүрт нь дангаар нь хэрэглэж био нүүрс хийж болно.

-Био нүүрсийг хийхэд ямар ямар түүхий эд орох уу?

-Аргал, гишүү, хожуул, унаанги, хөрзөн, яр зэргийг ашиглаж хийж болно. Бидний хувьд эхний удаадаа гишүү ашиглаж био нүүрсээ гаргаж үзсэн. Энэ бүдгийг тус бүрт нь дангаар нь хэрэглэж био нүүрс хийж болно. Байгалын гаралтай хаягдал зүйл ашиглаж хийж байгаа учраас хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй. Мөн утаа гарахгүй. Хүмүүс шашлык шорлого хийх, мах шарахадаа хэрэглэж болно. Цаашид аргал түлхүү хийхийг зорьж байна. Учир нь хангай аймагт тэр дундаа Архангай аймагт аргал их хэмжээгээр байдаг. Түүнийг малчид түүж түүхий эд болгон боловсруулж орлого олох боломж бий. Гишүүг нэг хоёр жил түүгээд дуусна. Аргал бол хэзээ ч дуусахгүй. Тиймээс бид цаашид аргалаар түлхүү хийх боломж, нөхцөлийг судалж байна.

-Гишүүгээр хийсэн био нүүрсний чанар, илч одоо бидний хэрэглэж байгаа шахмал түлш, нүүрстэй харьцуулбал хэр байна вэ?

-Манайх дотооддоо хийж байгаа шахмал түлшийг цагаан хусаар хийдэг. Нэг үгээр хэлбэл ойгоо унагаж хийж байгаа гэсэн үг. Харин манайх унасан модны шинэ гишүүн, яр түүж хийж байгаагаараа ялгарч байгаа юм.  Мөн давуу талтай. Гишүүгээр хийсэн нүүрсээ бид нүүрсний чанар шалгадаг газарт шалгуулахад бидний хэрэглэж байгаа бусад нүүрснээс дутахгүй чанартай, илчтэй, дулаан ялгаруулалт сайн байна гэж үнэлсэн.Одоогоор зөвхөн гишүүгээр хийсэн био нүүрсээ шинжлүүлж чанарыг нь шалгуулсан. Тун удахгүй аргал, хөрзөн, хожуул зэргээр хийж чанар, илч зэргийг нь шалгуулж хийж, хэрэглэж эхэлнэ.

-Үзэсгэлэнд 1,5 кг-аар савласан нүүрсээр оролцож байсан. Ер хэр хэмжээтэйгээр савлахаар төлөвлөж байна вэ?

Болж өгвөл бид эхний ээлжид айл өрхүүдэд үнэгүй тарааж хэрэглүүлж, судалгаа хийж үзнэ. Гэхдээ хямдхан олон айлд хүрэх нь чухал гэсэн бодолтой байна.

-Үзэсгэлэнд зориулж 1,5 кг-аар савлаж авч ирсэн. Цаашид хэр хэмжээтэйгээр савлаж гаргахаа судалж байна. Энэ бол манай нөхөрлөлийн малчдын дөнгөж хийж эхэлж байгаа бүтээгдэхүүн. Ерөнхийдөө энэ үзэсгэлэнд зориулж хийсэн. Хүмүүст маш их хүрсэн, таалагдаж байна.  Үнэ, хөлсний хувь ярьвал гадаадын улс оронд 1,5 кг нүүрс монгол мөнгөөр тооцоход 18 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Энэ жишгээс харахад нэг уут нүүрсээ 8-10 мянган төгрөгөөр борлуулвал болох юм байна гэсэн урьдчилсан үнэнийн баримжаа гаргаад байна. Болж өгвөл бид эхний ээлжид айл өрхүүдэд үнэгүй тарааж хэрэглүүлж, судалгаа хийж үзнэ. Гэхдээ хямдхан олон айлд хүрэх нь чухал гэсэн бодолтой байна. 

-Бусад нүүрснээс дутахгүй чанартай, илчтэй, дулаан ялгаруулалт сайн байна гэж үнэлсэн-

-Био нүүрсээ хэрхэн яаж хийх вэ. Тусгай зориулалтын зууханд хийдэг гэсэн?

-ХААИС-ийн Зөвлөх инженер, Дэд профессор Б.Мөнхбат гэдэг хүн био нүүрс хийдэг. Энэ чиглэлээр маш олон судалгаа шинжилгээний ажил хийсэн байдаг. Үүний нэг нь био нүүрс хийх зориулалтын зуух юм. Бид энэхүү зуухаас нэгийг нь худалдан авч нүүрсээ хийсэн.  Нэг зуух 250,000 төгрөгийн үнэтэй 200-ын пошкоор хийсэн байдаг. Зүгээр нэг пошкоор хийсэн зуух биш. Эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй ёроолыг нь нүхэлж, таг, яндан тохируулж хийсэн байдаг. Малчид түүхэн гишүүгээр зуухандаа хийгээд дээрээс нь гал өгөөд асаад эхлэхээр тагаа тавиад гүйцэт шатаж дуусахыг нь хүлээнэ. Гал ассан  даруйгаадаа дөл нь улаан өнгөтэй, ямар ч утаа гаргадагүй. Асаад дуусах үедээ галын дөл нь хөх, цэнхэр өнгө бүхий зэрэглээ болж эхэлдэг. Энэ нь түүж хийсэн гишүү био нүүрс болж байгаа юм. Галын дөл хөх, цэнхэр өнгөтэй болоод ирэхээр дээрээс нь ус хийгээд унтрааж 20 минутын дараа дэлгэж хатаагаад био нүүрс бэлэн болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"БЭЛЭГНИЙ" бус "БЭЛГИЙН" дарамт үзүүлсэн багш нарт ямар хариуцлага тооцох вэ

Өнгөрсөн сарын сүүлээр Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн, жагсаал зохион байгуулсанаас үүдэн тус сургуулийн олон жил бугшсан идээ бээр шахагдаж эхэлсэн. Тус цуглаанаас эхлэлтэй маргаан дэгдэж өнөөдөр сургуулийн багш, захирлын ёс зүй олон нийтэд ил болоод байна. Монгол Улсад цор ганц байдаг 29 дүгээр сургууль нь сонсголгүй сурагчдын сурч боловсрох, нийгэмших, эрхээ эдлэх ганц боломж нь юм. Сонсголгүй сурагчдын дохионы хэл, хүртээмжтэй орчин зэрэг язгуур эрхийг үл хүндэтгэн дохионы хэлээр бус амаар хичээлээ заадаг. Улмаар сурагчид хичээлээ ойлгодоггүй гэдгийг тайван жагсаал хийж илэрхийлсэн. 


2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд "Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй" гэж заасан байдаг.


Монгол Улсын үндсэн хуулинд сонсголгүй хүмүүсийн эх хэл бол Монгол дохионы хэл гээд заачихсан байдаг. Гэтэл 53 жилийн  түүхтэй сургуулийн сурагчид хуулан бичиг хийх  ярианы хэлээр хичээлээ заалгаж байгаа учраас  хичээлээ ойлгохгүй байгаа юм. Түүгээр ч үл барам санаанд оромгүй хэрэг илэрсэн нь тус сургуулийн багш нарын ёс зүйгүй үйлдэл илчлэгдсэн. Тодруулбал, 29 дүгээр сургуулийн хүүхдүүдээс судалгаа авахад есөн хүүхэд тутмын 3 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Тэдний хууль бус үйлдэл түүгээр ч дуусахгүй. Сургуулийн багш нар анги танхимд тамхи татдаг, багш нарын хэрэглээд хаясан бэлгэвч ангиас олдсон гэх зэрэг санаанд оромгүй үйлдэл илрээд байна. Мөн тус сургуулийн эрэгтэй багш нар сонсголгүй эмэгтэй сурагчдын хөх, бөгсөнд хүрэх тохиолдол маш их гардаг аж.

“Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөн гаргасан юм. Тус нэвтрүүлгийн үеэр 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан хэлэхдээ "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн байна. Захирал Б.Батсайханы хэлж буйгаар бол 18 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, бэлэг өгөхийг хоёрыг ялгаж салгаж чадахгүй байгаа гэсэн байна. Б.Батсайхан захирал хэлсэн үгнийхээ төлөө өөрөө уучлалт гуйж суудлаа тавьж өгөх ёстой. Харин "БЭЛЭГНИЙ" бус  "БЭЛГИЙН"  дарамт үзүүлсэн багш нарт ямар хариуцлага тооцох вэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

Солонгост 36 мянган монгол иргэн харлажээ

Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан.Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш гэдгийг ГХЯ-наас онцоллоо. Монголын 2838 иргэн визгүйгээр тус улсад зорчдог байсан бөгөөд тэд алба, амины асуудлаар 6956 удаа зорчсон байна. Эдгээр иргэдэд олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгохыг ГХЯ-аас хүссэн бөгөөд БНСУ-ын ЭСЯ саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн визийг олгож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.

БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгааг Консулын газрын дарга тодотгож байна.

2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй тус улсад үлдсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн гэдгийг мэдээллээ.

ТТЭНН-ын дарга Г.Уянгыг чөлөөлжээ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ажиллаж байсан ч түүнийг чөлөөлжээ. Тодруулбал, намын удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг намаасаа хөөсөн тухай тус намын дарга асан Ц.Баянбилэг мэдэгдсэн юм. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан Г.Уянга намын дарга болох гэж яарахдаа бага хурлын гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Өнөөдөр хүртэл гарын үсэг зураагүй гэсэн 30, 40 гаруй гишүүд байна. Хүний гарын үсэг хуурамчаар зурах чинь гэмт хэрэг биз дээ. Бусдын үүсгэн байгуулсан намыг хуурамч гарын үсэг зурж намын дарга болно гэдэг чинь хууль, шүүхийн байгууллагыг залилан мэхэлж байгаа хэрэг биз дээ. Монгол Улсад шударга шүүх гэж байдаг манай намын гишүүдийн улс төрийн эрхийг хангаж өгнө гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Улмаар намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд гаргаад байсан юм. Дээд шүүх хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна. Ингэснээр Г.Уянга намын даргаар чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогдлоо.

Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гяндан руу ачжээ

С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чанга дэглэмтэй анги руу шилжүүлжээ.

Тэднийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан юм. Тэгвэл ШШГЕГ-аас хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг өчигдөр гяндан руу шилжүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр давж заалдах шатнаас гаргасан ялын тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн нь хууль ёсны дагуу зүйл аж. Дараагийн шатны буюу Улсын дээд шүүхийн хурлаар хэргийг хянан хэлэлцэх тул тус хуралд яллагдагч нар байлцах шаардлагагүй байдаг гэнэ. Гэхдээ тэд өөрсдөө болон ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал хуралд оролцож болох аж.

Хэнтий аймгийн иргэн архинд хордож нас баржээ

Хэнтий аймагт энэ сарын 25-нд иргэд архинд хордож нэг иргэн нас барж, таван иргэн гүн хордлогын улмаас Улаанбаатар хот руу яаралтай хүргэгджээ. Аймгийн ЗДТГ-аас гаргасан шийдвэрээр сар бүрийн 25-нд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон байдаг билээ. Гэвч иргэд ямар нэгэн ААН-ээс архи худалдаж авч, хордсон байна. 

Цаашид архинд гүн хордсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын шийдвэр гарчээ.

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөллөө. Боловсролын сайдын тушаалаар тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзсэн байна. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. Харин сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш н.Сарантуяаг томилсон байна. 

Х.Бадамсүрэн: Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй

Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын хүмүүс Уул уурхайн яаманд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Таныг  180 сая төгрөг үйлдвэрээс гаргуулж, амьдрах байраа тохижуулсан гэх мэдээлэл байна?

-“Эрдэнэт үйлдвэр”–ийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй.

-Эдийн засаг хүнд байхад та иргэний үүргээ биелүүлээд 180 сая төгрөгийн тавилгаас татгалзаж болоогүй юм уу?

-Надад тансагласан асуудал байхгүй.

-“Лексус-570” автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгсөн гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөөч?  

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээрЭрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хариуцлагагүй үг хэлсэнийхээ төлөө Японы сайд огцорлоо...

 

Япон Улсын засгийн газрын гамшгийн дараах бүтээн босголтыг хариуцсан сайд бодлогогүй үгнээсээ болж огцрох өргөдлөө өглөө. Ерөнхий сайд Шинзо Абэд түүний хүсэлтийг тэр дор нь хүлээж авчээ.Сайд Масахиро Имамура өчигдөр /2017.04.25/ үг хэлэхдээ 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами нь Токио орчимд биш, Японы зүүн хойд бүсэд тохиолдсон нь “сайн хэрэг” гэж хэлсэн юм. Өргөдлөө өгсний дараа сайд сэтгүүлчдэд “Би зүүн хойд нутгийн ард иргэдийн сэтгэлийг эмзэглүүлэх үг хэлсэндээ харамсаж, гүнээ уучлал гуйж байна” гэж ярьжээ.

Х.Бадамсүрэнгийн тансаглалын шалтгаан нь Ц.Ням-Осор байжээ

Ц.Ням-Осор өөрөө сүүлийн үеийн машинтай болохын тулд Засгийн газрын чиглэл зөрчиж Х.Бадамсүрэнг “LX 570” 300 саяар авахыг зөвшөөрчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа авснаасаа хойш төрийн мөнгөөр тансаглаж байгаа олон баримт ил болоод байгаа. Гэхдээ тэр ганцаараа энэ бүхний эзэн биш ажээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх захирлын хэрэглэж байсан жил гаруйхан хугацаанд унасан “LX 570” машиныг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт шилжүүлсэн нь шинэ баримтаар нотлогдлоо. Нэг үгээр, Ц.Ням-Осор өөрөө 570 унахын тулд Х.Бадамсүрэнг Засгийн газрын чиглэлийг зөрчин байж, үйлдвэрийн хөрөнгөөс 300 сая төгрөг гаргуулан шинэ “LX 570” худалдан авахыг нь зөвшөөрчээ.

Баримтыг харвал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 11-р сарын 24-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт машин гаргаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь Х.Бадамсүрэнг үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон өдөртэй давхцаж байгаа нь энгийн тохиолдол гэхэд бэрх. Ц.Ням-Осор өөрийнхөө хүнийг удирдлагаар томилуулчихаад жижиг Бенз машин унаад явж тэсээгүй биз. Энэ албан бичгийг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан 0405 УНТ улсын дугаартай “LX 570” маркийн автомашиныг зөвхөн ерөнхий захирлын гарын үсгээр ТӨБЗГ-ын балансад шилжүүлжээ. Хуулиараа нэг байгууллагын балансаас нөгөө байгууллагын балансад ийнхүү өмчийг шилжүүлэхийг хориглодог. Харин манай дарга нарт хууль үйлчилдэггүйн бас нэг баталгаа энэ болж байна.

“Эрдэнэт”-ээс хувийн хэрэгцээндээ машин гаргуулж байгаа нь Ц.Ням-Осорын хувьд анхных биш. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээс түүний шаардлагын хариуд 2008 оны загварыг гаргаж өгөхөд түлхүүрийг нь буцаагаад шидсэн гэж үйлдвэрийнхэн ярих юм билээ. Тиймээс ТӨБЗГ-ын даргын шаардлагаар Х.Бадамсүрэн хөл дүүжлэх унаагүй болж, “арга ядахдаа” 300 сая төгрөгөөр шинэ “LX 570” авч унасан байж болох юм.

Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

“Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Улсын хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын онцгой комиссын болон ОБЕГ-ын даргын албан даалгавар гарсан.

ОБЕГ-аас албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гарчээ.

Есөн хуруугаа тайруулсан байлдагч Ерөнхийлөгчид захидал бичлээ

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан хэрэг  гарсан. Тэрбээр одоо хөдөлмөрийн чадвараа алдаж, 17 настай дүүтэйгээ хамт байр түрээслэн амьдарч байна. Цэргийн албан хааж байсан байлдагч 9 хураагаа тайруулчаад байхад  ангийн захирагч, удирдлагууд нь “Үйлдвэрлэлийн осол” гэсэн  акт гаргаж, үл тоож байгаа аж. Цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт  Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Онцлох ишлэл: Хэвлэл, Facebook, Twitter-ээр гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоно

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох санал оруулсан байна.  Ингээд Зөрчлийн тухай хуулийн талаарх мэдээллийг “Онцлох ишлэл”  булангаараа хүргэж байна.


1.    Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. 2.    Хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торго
3.    Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.
4.    Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.
5.    Хуулиар хориглосон газарт, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.
6.    Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг сая төгрөгөөр торгоно.
7.    Зөрчлийн хуулиар шийтгэгдэн, торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчилана. 
8.    Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин мянган төгрөгөөр торгоно.
9.    Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол 25 нэгжээр буюу 25 мянган төгрөгөөр торгоно.
10.    Өмнө нь хэвлэл мэдээлэл хэн нэгнийг гүтгэвэл  20 сая хүртэл төгрөгөөр сэтгүүлч болон редакцийг торгохоор оруулж иржээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Маргааш шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоор товлогдсон. Түүнтэй холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоох юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараахь өдөр буюу зургадугаар сарын 27-ын өдрөөс шилжин суурьших хөдөлгөөнийг сэргээх ажээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл