8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 3 төрлийн татвар нэмэгдэж, МҮЭХ орон даяар тайван жагсаал хийсэн өдөр

2017-05-01 18:50:00

Эрхэм уншигч та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Энэ 7 хоногт төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байж, амжилт дүүрэн байхыг хүсье. Өнөөдрийн амжилтыг бүтээнэ гэдэг таны маргаашийн өнгө юм. Тиймээс өдөр бүрийг сайхнаас угтаж өнөөдрөөс илүү маргааш биднийг хүлээж байгаа гэдгийг энд онцолмоор байна. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг монголын нэг өдөр тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо.  “Монголын нэг өдөр” тоймоо хүлээн авна уу.

Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа гэв

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга асан О.Магнай болон нарийн бичгийн дарга С. Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэд удаа дараалан хэд хэдэн татвар нэмсэнтэй холбогдуулан ийнхүү мэдээлэл аж. Хэвлэлийн хурлийн эхэнд АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна” гэдгийг онцолсон юм. Учир нь эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа. 4 сарын 14-ний өдөр долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан. Тэгвэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна.  Монголчуудын дундаж давхаргын амь амьдралаа залгуулж байгаа машин нь 10-аас дээш жилийн насжилттай машин гэдэг судалгаа гарсан. Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа. АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэсэн юм.   

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан шуурга шуурч хүйртэрнэ

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Тавдугаар дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар,  4-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, 3-нд нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах тул зорчигч, тээвэрчдэд хүндрэл, саатал учируулж болзошгүй нөхцөл үүсэж байгааг анхаарна уу.

Тавдугаар сарын 01-ний 20 цагаас  02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 20-22 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар  23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

МҮЭХ орон даяар тайван жагсаал хийлээ

Өнөөдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Уг өдрийг дэлхийн 160 орны иргэд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөдөг аж. Харин МҮЭХ өнөөдөр 12 цагаас эхлэн орон даяар нэгэн зэрэг тайван жагсаалыг зохион байгуулав. "Цуглаан зохион байгуулах урьдчилсан уулзалтыг Засгийн газар өөрөө бий болгосон. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн, гурван талт хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн. Эрх баригчид энэ оны улсын төсвийн тодотголыг олны хүчээр буюу хүч түрэн баталлаа. Иймд Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан, хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээн МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар онцолсон байна. 

Мөн долоон төрлийн татвар нэмж, иргэдийн тэтгэврийн насыг нэмснээр Засгийн газар МҮЭХ-той байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж тус холбоо үзэж байгаа билээ.   

Өнөөдрөөс нэмэгдэх татваруудтай танилцана уу

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл энэ онд долоон төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих гэж байна. Ингээд өнөөдрөөс нэмэгдэх татваруудыг танилцуулъя.

Хадгаламжийн хүүгийн орлого:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

 Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна

 Импортын тамхи:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

 Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

 Автомашины онцгой албан татвар:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын нэгэн.

 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм. 

С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж ажиллана

Хоёр сарын дараа болох  Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын нэрс тодроод байгаа. УИХ-д суудалтай намууд намын их хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулах ёстой. Өнгөрсөн сард МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан. Бид энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулахад “Монгол Ардын Хувьсгалт намыг дэмжин ажиллана” хэмээн хэллээ. Харин өнөөдөр өглөөнөөс эхлээд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ы дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн байна. Н.Энхбаяр нэр дэвшин гэсэн мэдэгдэлтэй давхцаад Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй хэмээн мэдэгдэв.  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч Д.Дорлигжав гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Намууд их хурлаа энэ сарын 06-ны өдөр хуралдуулахаар тогтоод байгаа билээ. Тус хурлаар аль намаас хэн нэр дэвших нь тодорхой болно. Одоогийн байдлаар горилогчид битүүхэн өрсөлдөж эхэлсэн. 
Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн горилогч бий.  Тодруулбал,Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулна.  Энэ удаад бид сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавын талаар мэдээлэл хүргэе. 

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Д.Дорлигжавын төрсөн буурь нь Зүүнговь сумын нутаг Бага нуурын урд дэнж. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Хуульч, мал зүйч мэргэжилтэй. Малын эмчээр ажиллаж байсан.  Засгийн газрын шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий  захирал АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн  дарга, Монгол улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Тэрбээр УИХ-д 2 удаа өрсөлдөж, өвдөг шороодож байсан. 

Ардчиллын ач буянаар амных нь салиа арилаагүй хэдэн “бацаан” гарч ирсэний нэг нь  Д.Дорлигжав. Дөнгөж 30 настай тэрээр УБХ-ын гишүүн, улмаар Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайд болж байсан. Улс төрд хийсэн бүтээсэн гэхээсээ илүүтэй хөгжилтэй, хөгтэй дурсамжтай нэгэн. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд горилж буй чухал хариуцлагатай энэ үед хөгжилтэй гэхээсээ илүү улс орны төлөө хийсэн бүтээсэн ажил их баймаар. Д.Дорлигжавын хөгжилтэй дурсамж УБХ-д нэр дэвшээд гишүүдийн асуултанд хариулахдаа будилж, сандарснаар нь эхэлсэн түүхтэй. Энэ хуралд Д.Дорлигжав өөрийгөө танилцуулахдаа “Хүнтэй гэр бүл болж байгаагүй” гэж хэлээд “Өөр юутай гэр бүл болж байсан юм?” гэсэн хоржоонтой асуултны эзэн болж үлдсэн. Харин Д. Дорлигжавын түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн дуулиан нэгээр зогсохгүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Г.Энхсаруул: Нярай хүүхдийн шарлалт удаж хүндрэх нь тархи гэмтээх сөрөг нөлөөтэй

Сүүлийн үед манай улсад нярай хүүхдийн шарлалт удаан хугацаагаар үргэлжилж, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зовоосон асуудлуудын нэг болоод байгаа аж. Тиймээс энэ удаагийн эрүүл мэнд, зөвлөгөө булангаараас нярайн шарлалтын талаар Глобалмед эмнэлэгийн Хүүхэд, нярайн их эмч Г.Энхсаруултай ярилцлаа.   

-Нярай хүүхдийн шарлалт гэж юу? Заавал шарлалт байх ёстой юу?

-Нярай хүүхдийн арьс салст шарлахыг нярайн шарлалт гэнэ. Энэ нь төрсөн хүүхэд болгонд явагдах эрүүл эмгэгийн зааг байдал үеийн физиологийн шарлалт юм. Гүйцэд нярайн 75 хувьд, дутуу нярайн 80 хувьд амьдралын эхний долоо хоногт нүдэнд харагдахуйц шарлалт илэрдэг. Шарлалт нь улаан эсийн задралын бүтээгдэхүүн болох билирубины төвшин цусанд ихэссэнтэй холбоотой үүсдэг.  

-Шарлалтын хэвийн нь хэд хоногтоо арилах вэ. Биеийн аль хэсэг нь илүү шарлалт явагдах вэ?

-Шарлалтыг эрүүл ба эмгэг шарлалт гэж хоёр ангилдаг. Эрүүл буюу физиологийн шарлалт нь амьдралын эхний 2-3 хоногтойгоос эхлээд гүйцэд нярайд 7-10 хоног, дутуу нярайд 14 хоног үргэлжилдэг. Биеийн дээрээс эхлэн доош чиглэлтэй нүд, нүүр, их бие, хэвлий, гар, хөл шарладаг. Арилахдаа эсрэгээр дороос дээш чиглэлтэй хөлийн улнаас эхлэн бүдгэрч арилах ба хамгийн сүүлд нүд нүүрний шар арилна. Эцэг эхчүүд хүүхдийн нүд нүүрний шар арилаагүй байна гэж их санаа зовж байн байн эмнэлэгт ханддаг. Гэвч энэ нь билирубины цусан дахь аюултай хэмжээнд хүрэхүйц биш байдаг. Харин хүүхдийн алга, хөлийн ул шар байх нь илүү аюултай учраас ирж үзүүлэх ёстой. 

Гүйцэд нярайн 75 хувьд, дутуу нярайн 80 хувьд амьдралын эхний долоо хоногт нүдэнд харагдахуйц шарлалт илэрдэг.

-Хүндэрсэн үедээ шарлалт хэр удаан үргэлжилдэг вэ. Сөрөг нөлөө юу байдаг вэ?   

-Алга, хөлийн ул шар байх нь илүү аюултай учраас ирж үзүүлэх ёстой-

-Дээрх физиологийн хугацаанаас буюу 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх, алга, хөлийн ул шар байх, мөн шарлалт буурч байгаад дахин ихсэх зэрэг нь шарлалт хүнд байгааг илтгэнэ. Шарлалт удаж хүндрэх нь тархи гэмтээх сөрөг нөлөөтэй.  Цусан дахь билирубин нь шууд ба шууд бус гэсэн хоёр фракцитай байдаг. Шууд  билирубин нь усанд уусдаг учир тархи гэмтээх аюулгүй. Харин шууд  бус билирубин нь тосонд уусдаг учраас тархийг илүү гэмтээн тархины эмгэгшил үүсгэн түүний хүндрэл болох цөмөн шарлалт үүсгэдэг. Шууд бус билирубин ихсэхэд арьс салст тод шар, шууд билирубин ихсэхэд шар ногоон өнгөтэй болдог. Энэ өнгөний ялгаа нь хүнд хэлбэрийн шарлалтын үед тод илэрнэ. Цусан дахь билирубины түвшин 170мкмоль/л-с доош орж байж тархинд үзүүлэх хортой нөлөө аюулгүй гэж үзнэ. Цөмөн шарлалт үүссэн тохиолдолд тавилан хүнд тархины саажилт үүсэх эрсдэлтэй .

-Шарлалт арилахгүй удах шалтгаан юу байна вэ?

-Шарлалт дутуу нярай хүүхдэд гүйцэд нярайг бодвол илүү удаан ажиглагддаг. Мөн бусад эмгэгийн үед буюу төрөлхийн халдвар, цус багадалт, элэг цөсний замын эмгэг, цөсний сувгийн нарийсал битүүрэл, элэгний ферментийн дутагдал, ходоод нарийн гэдэсний түгжрэл, хөхний сүүний шарлалт хүүхдийг хожуу амлуулах, шингэний дутагдалд орох, хооллолтын бэрхшээлтэй байх зэргээс шарлалт удаан үргэлжилдэг. Энэ үед нярайн баас цайвар цагаан өнгөтэй, шээс өтгөн бор өнгөтэй болдог.

-Шарлалт хүндэрсэн хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ? 

Дахин сануулахад 14 хоногоос дээш шарлалттай, шарлалт буурч байгаад дахин нэмэгдэх, алга, хөлийн ул шар бол цаг алдалгүй эмчид үзүүлж эмчийн заавраар тохирох эмчилгээг аваарай.

-Шарлалт хүндэрсэн эмгэг шарлалтын үед эмнэлэгт хэвтэн биллирубины хэмжээг тодорхойлж фото эмчилгээг эрт эхэлнэ. Фото эмчилгээ нь цусанд дахь шууд бус билирубиныг хоргүй нэгдэл болгон хувиргадаг. Нярайг хангалттай хэмжээгээр хөхөөр хооллоно, хордлого тайлах шингэн нөхөх эмчилгээ хийнэ. Ерөнхийдөө шарлалт үүсгэсэн шалтгаанаас хамаарч эмчилгээг хийнэ. Жишээлбэл, халдварын гаралтай шарлалт бол антибиотик эмчилгээ, шарлалтаас үүдсэн тархины эмгэгээс сэргийлэх зорилгоор тархины цусан хангамж үйл ажиллагааг сайжруулах эмийн эмчилгээ, элэгний конюгацыг сайжруулах эмийн эмчилгээ хийнэ. Бусад шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийнэ. Эцэг эхчүүд өөрсдөө дур мэдэн лив 52, урсофалк өгөлгүй заавал эмчид үзүүлж байж тохирох эмийг өгөхийг сануулж байна.

-Шарлалт явагдаж байгаа хүүхдийн биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Эмнэлзүйд хүүхдийн арьс салст нүдэнд харагдахуйц илт шар  булчингийн хүчдэл сулрах, унтаарах, хөхөндөө муудах, цочромтгой болох, чанга уйлах, билирубин өндөр байгаа үед нумарсан хэлбэрийн булчингийн чангарал таталт хүртэл илэрдэг. 

-Наранд хүүхдийг нүцгэлж шарах нь шарлалтыг бууруулахад тустай-

-Хүүхдийнхээ шарлалтыг арилахгүй байгааг хэрхэн мэдэх боломжтой. Ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү?

-Хүүхдээ хараад мэдэж болно. Мөн билиметрээр арьсан дахь шарлалтыг хэмжээд өмнөх хэмжилтээс ихэссэн байна уу багассан байна уу гэдгийг хянаж мэдэх боломжтой. Нүүр, нүдний салст, цээж, хэвлий, гарын алга, хөлийн ул тод шар хэвээрээ байгаа, билиметрээр 250 мкмоль/л-с дээш байгаа, гурав ба түүнээс дээш хоногтой нярай алга, хөлийн ул тод шар байгаа бол харъяа дүүргийн эмнэлэгт яаралтай хандан үзүүлэх ёстой.

-Иргэдийн дунд агаарын бохирдол болон хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс болж нярайн шарлалт үүсдэг гэх ойлголт байдаг. Энэ үнэн үү? Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

30 ишлэл: Монгол Улс малын гоц халдварт өвчинтэй яаж тэмцээд байна вэ?

Манай улс мал ахуйн орон. Тиймдээ ч малын гоц халдвар өвчин гарсаар ирсэн. Тэгвэл бид малын гоц халдварт өвчинтэйгээ хэрхэн тэмцэж байна. Зөв тэмцэж байгаа юу. Сүүлийн жилүүдэд Шүлхий, Мялзан, Хонины цэцэг төст өвчинтэй тэмцэх нэрийдлээр зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж байгааг Монголын мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох ярьж байна. Тэгвэл Малын гоц халдварт өвчинтэй хэрхэн, тэмцэж байгаа, вакцины талаар боловсруулсан, мэдээлэл, илтгэлээс дараах онцлох 30 ишлэлийг бэлтгэв.

  1. Мялзан өвчинтэй нүүр тулж оношлож, эмчилж, сэргийлж, тэмцэж байсан туршлагатай хүн Монголд нэг ч байхгүй.
  2. Мялзан халдварт өвчин гарсан хот айлын өвчлөөд эдгэрчихсэн болон өвчлөгсөдтэй хамт нэг хотонд байсан  бүх хонь, ямаа бүгдээрээ наад зах нь 3 жилийн дархлаатай болчихдог.  
  3. 2016 оны 09 сарын 29-ний өдөр ЗГХАМЭҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэл болон “Мон оол вэт” ХХК-ны захирал Ч.Жаргалмаа нар Засгийн газрын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийн 34.2 зүйлийг үндэслэж 3.927.938.000 (гурван тэрбум есөн зуун хорин долоон сая есөн зуун гучин найман мянган) төгрөгөөр 11.500.000 (арван нэгэн сая таван зуун мянган) тун вакцин худалдаж авах, нийлүүлэх гэрээ байгуулав. Энэхүү гэрээг байгуулахын өмнө болон байгуулсны дараах үйлдлүүдийг огнооны дарааллаар нь ажиглахад холбогдох хуулиудыг хэрхэн зөрчиж, энэ луйврын шинжтэй хууль бус үйл ажиллагааг  хэр өндөр түвшинд найруулж, сайтар боловсруулсан төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь илэрхий харагдана.
  4. 2017 оны 03 сард  мэдээлснээр  баруун аймгуудын нутагт 5000 орчим бөхөн мялзан төст халдварын улмаас үхжээ. Нэг бөхөнг агнаж устгавал 2-2.3 сая  төгрөгөөр торгоод дээр нь нэмэлт  шийтгэлтэй гэнэ. Тэгвэл ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ-ынханы явуулсан хууль бус үйл ажиллагаа, вакцинжуулалтын улмаас наад зах нь 10 тэрбумаар үнэлэгдэх бөхөнгийн сүрэг сүйрлээ.
  5. 1970-аад оны сүүлчээс 2007 он хүртэлх 30-аад жилийн турш хонины цэцэг өвчнийг Монголд төдийгүй дэлхийн олон оронд устсан гэж үзэж байсан. Гэтэл 2006-2007 оны зааг дээр Хэнтий, Сүхбаатар аймагт хонины цэцэг өвчний дэгдэлт дахин сэргэж тохиолдсон.
  6. 2013 онд зөвхөн Дорнод аймагт цөөхөн тун вакцин хувиарлаж, 2014 онд аль ч аймгийн хонин сүргийг цэцгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулаагүй байна. 2015 онд Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймагт цөөхөн тун вакцин хувиарлажээ. Эндээс харахад 2013, 2014, 2015 онуудад вакцин хувиарласан аймгуудад хонины цэцэг өвчний халдварын дэгдэлт манай улсад маш бага буюу бараг тохиолдоогүй.
  7. 2015 оны хоёрдугаар сард Дорнодын Матадаас эхэлсэн хонины цэцэг нилээд эрчимтэй тархаж дэгдсэн нь харагдаж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймгуудаар дамжаад одоо Архангай хүрчээ.
  8. Дотоодод хангалттай хонины цэцэг өвчний вакциныг хангалттай тоо, хэмжээгээр үйлдвэрлээд, эрсдэл бүхий бүс нутгийн,  эрүүл хонин сүргээ вакцинжуулаад, уг өвчний халдвараас сэргийлээд  явах боломжтой.
  9. Гэтэл малын халдварт өвчнөөр далимдуулаад луйвар хийх үйл ажиллагааг маш амжилттай төлөвлөж зохион байгуулж эхэлсэн байна.
  10. Вакцин тарьснаас хойш ердөө хоёр гуравхан сар өнгөрч байх үед буюу 2014 оны 01 дүгээр сард  Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхийн халдвар дэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүлхийгээс сэргийлэх дархлаа тогтоодоггүй вакцин нийлүүлсэн нь практик дээр нотлогдсон. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Цонхоороо пивоны шил хаяж бага насны хүүхдийн толгойг хагалжээ

Энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэгт цонхоороо шар айрагны шил шидэж, хүүхэд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах 44 дүгээр байрны цонхоор шар айрагны шил шидсэний улмаас дор нь явж байсан бага насны хүүхдийн толгойг хагалжээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс дараах мэдэгдлийг гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төрд байгаа юмс ОУВС-ын зээлийг орж ирэхээр хэд хэдээр нь хувааж авахаар тэсэн яданг хүлээж байгаа, тэдэнд өөр хийж чадах юм ҮГҮЙ. Хямралаас гарах аргууд зөндөө байна!!!!
2017/05/02 202.131.248.54
  • Recent
  • Most Read
  • Most Comment