8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгч, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн өдөр

2017-08-21 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

 

Нуухыг нь авах гээд нүдийг нь "сохлов"

 

Энэ сарын 15-аас эхлэн  нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй болсон. Тодруулбал,  2017 оны наймдугаар сарын 15-наас эхлээд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд 7 уулзварт зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглосон. Албаны хүмүүсийн үзэж буйгаар болж зүүн эргэхгүй болсоноор замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна гэсэн мэдээллийг өгсөн. 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглоход төв замын ачаалал буурсан талаар Замын цагдаагийн албан судалгаа гаргасан байна.  Тус судалгаанаас харахад төв замын ачаалал буурсан байна. Жишээ нь Зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр /хуучин дүрмээр/ нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан зүүн эргэхгүй шинэ дүрэм үйлчилж эхэлсэн өдөр 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн гэнэ. Энэ нь 500 гаруй машин илүү нэвтэрсэн байна гэсэн үг. Харин эсрэгээрээ туслах замууд  маш их түгжрэлтэй байсан талаар жолооч нар хэлж байна 


НИЙСЛЭЛИЙН ГОЛ ЗАМД ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСНААР:


    Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1,400-1,600 машин/цагт явна.
    Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ.
    Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
    Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна гэж нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдээд байгаа билээ.  Мөн албаны хүмүүсийн зүгээс “Зүүн эргэхгүй болсон ГУРАВ ХОНОГТ замын ачаалал 5-6 хувь буурсан” гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Тэгвэл бодит амьдрал дээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт замын түгжрэл болон ачаалал хэр байгаа талаар бид тодрууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Засгийн газрыг огцруулах бичгийг маргааш өргөн барих бэлтгэл хангагдав уу?

 Амралтын өдрүүдэд ажин түжин байсан МАН-ынхан ажлын өдрүүд эхлэхтэй зэрэгцээд хөдөлгөөнд ороод эхлэв.

Шуудхан хэлэхэд Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болж эхлээд байна. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж буй гишүүд “...Ерөөсөө 39 гишүүн болгоод манай намынхан дангаараа огцруулах нь зөв” гээд зүтгэж эхэлсэн байна.

Тиймээс Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тойргийн асуудлыг гацаах чиглэл “дээр”-ээс өгсөн тухай ярьж байна. Энэ нь Засгийн газрыг огцруулахаар нэгдсэн гишүүдийн тойрогт хийгэдх боломжтой хөрөнгө оруулалтын ажлууд зогсоно гэсэн үг юм.

Түүнчлэн тэдэн дээр нэмэгдэж гүйж очоод гарын үсэг зурчих магадлалтай гишүүдийг сайд нар “тойглох” ажилтай болоод байгаа ажээ. Тойрогтоо, хувьдаа ямар асуудал шийдүүлмээр байна хэмээн “эрхлүүлж” байна гэнэ.

Ер нь бол хэвлэлээр гөвөлцөөд байснаас биш нэг их халуураагүй байсан МАН-ынхны зөрчил ийнхүү сүүлийн хэд хоног гал дээр тос хийсэн шиг асч эхэлжээ. Ойлгомжтой болгохын тулд тоолж дугаарлаж байгаад хэлье.

  1. МАН-ын Удирдах зөвлөл /2017.8.16./ хуралдсан. Тус хурлаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгийн асуудлаас болж огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Ингэсний дараа УИХ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хэд хэдэн хүн “хэдэн үг” хэлсэн байдаг.
  2. Үүний маргааш УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж телевизэд ярилцлага өгч, МАН-ын Удирдах зөвлөлөөр яригдсан асуудлууд болон 60 тэрбумын бичлэгийн тухай байр сууриа илэрхийлсэн. Түүний яриа Удирдах зөвлөлийн хурлын талаар хэвлэлүүдэд гараад байсан мэдээлэл хийгээд түүнийг няцаасан хариу мэдээллүүдэд цэг хатгасан юм.
  3. /2017.8.17./ пүрэв гаригт Ц.Сандуйг өмөөрч 60 тэрбумын бичлэгийн А.Ганбаатар хэвлэлийн бага хурал зарласан. Тэрээр “...60 тэрбумыг босгох ярианы үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар байсан” гэж мэдэгдэв. А.Ганбаатарын мэдэгдэл Ц.Сандуйг өмөөрөөхөөсөө илүү нэмж “нухсан”. Өөрөөр хэлбэл, тэрээр ингэж ярьснаар 60 тэрбумын бичлэг бодитой гэдгийг нотолсон хэмээн ажиглагчид хэлж байна.
  4. Баасан гариг /2017.8.18./-т АТГ-аас А.Ганбаатарын мэдэгдлийн дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дуудаж мэдүүлэг авав. Харин Д.Амарбаясгалан А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгсөн байдаг.
  5. 18-ны баасан гаригт ХАХНХ-ын сайд Н.Номтойбаяр өдөр тутмын сонинд Шадар сайд У.Хүрэлсүхийн талаар ярилцлага өгсөн. Энэ ярилцлагыг “хаа нэгтээ”-гээс мэдээллийн хэрэгслүүдээр, ялангуяа цахим мэдээллийн хэрэгслүүдээр сайтар тараасан юм.
  6. Мөн баасан гаригт Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр мэдэгдсэнээрээ ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Засгийн газарт өгчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгчээ

Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сараас эхлээд тагнаж чагнасан хэрэг гарч, хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. Тус хэрэгт холбогдуулан гэрч Ч.Батболд болон хууль бусаар тагнаж чагнасан этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын УЗ-ийн хурлын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх  “Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсэн залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг.

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Шадар сайд У.Хүрэлсүх тус өргөдөлдөө “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны  зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй ” хэмээн өргөдөлдөө бичсэн байна. 

А.Ганбаатарын "итгэл үнэмшил" хэр бодитой вэ?

Бага насны хүүхдүүд ихэнхдээ юугаар тоглож болдог, болдоггүй гэдгийг мэддэг. Харин томчууд тоглож болдоггүй  зүйл, тоглож болох зүйл хоёроо нэг л ялгахгүй байгаа юм шиг. Алдарт 60 тэрбумын бичлэгт холбогдоод байгаа Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 17-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээлэл хийж байгаа сэдэв нь мөн л 60 тэрбум. А.Ганбаатар “60 тэрбумын бичлэг миний итгэл үнэмшлээр бол эвлүүлэг, “Төрийн албанаас ингэж мөнгө босгох юм байна гэж “тоглож” ярьж байсан удаатай” хэмээн яриад орхив.

А.Ганбаатарын "итгэл үнэмшил" хэр бодитой вэ?

Монголчууд бид эрт дээр үеэс мөнх хөх тэнгэр, нутаг ус, ижий аав, бөө мөргөл, шарын шашин гээд олон зүйлд итгэж үнэмшиж, сүслэн залбирч ирсэн. Зарим нь өөр өөртөө итгэж амьдарч ирсэн. Түүнийг нэг жишээ нь А.Ганбаатар юм. Түүний хэлснээр бол тэр өөр өөртөө илүү итгэдэг, "итгэл үнэмшил"-дээ үнэнч нэгэн аж. Мөн түүндээ ч итгэлтээ явдаг бололтой. Өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр үүнийгээ батлаад авах шиг. Учир нь тэрбээр “60 тэрбумын бичлэг миний итгэл үнэмшлээр бол эвлүүлэг. Ийм уулзалт болох нь болсон. Гэхдээ энэ схем, төлөвлөгөөг Г.Доржзодов хийж ирж надад танилцуулсан. Би эхэндээ ач холбогдол өгөөгүй. Сүүлд хэд хэдэн удаа уулзаж надад учрыг нь тайлбарлаж, танилцуулсан” хэмээн ярьсан. Тухайн үед төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсож байхад А.Ганбаатарын "итгэл үнэмшил" нь түүнийг “орхисон уу. Эсвэл түүний итгэл үнэмшил ийм хор уршиг дагуулна гэдгийг мэдсэн үгүй юу. Ер нь  А.Ганбаатарын итгэл үнэмшил хэр бодитой вэ. Хэрвээ түүний итгэл үнэмшил хол зөрдөггүй бол 60 тэрбумын энэ бичлэг эвлүүлэг биш гэдгийг “эзэндээ” хэлэх учиртайсан. 

Тухайн үед төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсож байхад А.Ганбаатарын "итгэл үнэмшил" нь түүнийг “орхисон уу”. Эсвэл түүний итгэл үнэмшил ийм хор уршиг дагуулна гэдгийг мэдсэн үгүй юу. Ер нь  А.Ганбаатарын итгэл үнэмшил хэр бодитой вэ.

Тоглоом тоотой нь дээр "60 тэрбумынхан"

Төрийн албыг наймаалцаж “тоглодог” гэхээр санаанд нэг л буухгүй юм. Хүүхдүүд галаар тоглож болдоггүй гэдгийг мэддэгсэн. Томчуудын тоглоом хатуу л даа. Гэхдээ төрийн албыг наймаалцаж, хэдхэн хүний эрх ашиг, эрх мэдлийн төлөө тэд “гал”-аар тоглож. Гэхдээ тэд тоглосон “гал”-ынхаа үнс, нурманд өөрсдөө өртөж "түймэр" тавьчихлаа. А.Ганбаатар үүнийг хэлээд өгсөн гэхэд болно. “Төрийн албанаас ингэж мөнгө босгох юм байна гэж “тоглож” ярьж байсан удаатай” гэж ярьж байсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Тэд зүгээр нэг “тоглож” яриагүй гэдэг нь өнөөдрийн 60 тэрбумыг дагасан асуудлаас харагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хотын дарга зүүн гар тийш эргэхийг хязгаарласантай холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа

 

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Зарим иргэдэд гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаарлагатай байна.” хэмээлээ

Монгол Улсын 34 орд газар ямар замаар МАК-ийнх болов

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав шиг улсын зардлаар гадаадад сурч, мэргэжлээрээ НАХЯ-нд ажиллахдаа төрийн нууцыг ашиглаж, эх орныхоо газрын хэвлийн баялагийг ухаагүй ч миний аав баян. Америкт удаан амьдарсан сэхээтэн гээд алс холын замд дөрөө нийлсэн олон ч хүнтэй танилцаад таван үг солиход нэг нутаг усных болохыгоо мэдэлцэнгүүт “Өө, Болдсайхан багшийн охин юм уу...” гэлцэн надтай хаана ч цуг байдгаараа миний аав бүүр баян. МАН-аар овоглох болсон хоёр сонгуулийн хугацаанд энэ зун шиг сэтгэл гонсойж үзсэнгүй. ажиглах нь ээ, МаН-ын идэвхтэн сонгуультнаар тогтохгүй монголчуудын хүндлэл, найдварыг хүлээсэн болохынхоо төлөөсөнд У.Хүрэлсүх элдвээр хэлж барьж идэхдээ тулж байна. Бүр сүүлдээ гогдоод авах ганц ч үггүй, хий хоосон тэсч ядсан хэрүүлийн ихийг яг түүнд чиглүүлэн илгээж байна. Өөрийг нь У.Хүрэлсүх “гөлөөг...” ч гэж тоогоогүй байхад “Юун гуя...” болон сандчих баян аавын эрх хүүхдийн ярилцлагыг уншиж гайхахдаа “Өдрийн сонин”-доо хандлаа. ааваас авсан зүйлсийн нэг эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон он жилүүд энэ редакцид өнгөрсөн. Миний унаган багийн хамт олон. Хүүхдээ үндэсний хэвлэлд үзэл бодлоо шидчих чинээнд хүргэснээс эхлээд мөнгөөр хэмжигдэхгүй баялагаар нэр бүтэн, мөр тэнэгэр, өмөг түшиг өрнүүн амьдардгаараа миний аав баян. Тийм ч итгэл үнэмшил дунд өссөн хүмүүжлээрээ сэтгэл дүүрэн итгэж, зүтгэх миний үеийнхэн МАН-д олон. Тэдэнтэй Н.Номтойбаяр ч нэгэн үед л байх байтал цагаасаа эрт дээд үеийнхний зиндаанд үсэрч оволзох шалтгаан нь хувийн эд баялагаа хамгаалсных уу, эрх мэдэлдээ шунасных уу?

МОНГОЛ УЛСЫН 34 ОРД ГАЗАР ЯМАР ЗАМААР МАК-ИЙНХ БОЛОВ?

Дэлхийн улсуудын бизнесмэнүүд хөрөнгөжсөн арга замналыг тэртэй тэргүй манайхтай харьцуулшгүй. XX зууны сүүлчийн нийгмийн задралын шударга бус хуваарилалтаар баян, хоосны ялгаа үүсч, өнөөгийн хөрөнгөтнүүдийг төрүүлсөн нь гаднаасаа юу, дотроосоо юу? Чухам хаанахын хэний хүсэл, таалал байсныг таашгүй. Төрөөс зувчуулсан өмч хөрөнгө, ард түмнээс хулгайлсан газрын хэвлийн баялагаар шинэ цагийн хунтайж Н.Номтойбаярын энэ их ид бах бүтсэн болохоор түүний бусдаас шаардах ёсзүй, шударга үнэн байдал, хүн чанар, итгэл үнэмшил, урвалт, улайралт, “муужгай”-далт, зарчимгүй, хариуцлагагүйн үр хөврөлийг өөрөөс нь нэхэлтэй. Ядарсан ард түмний өмч, баялагаар өнөөдрийн цөхрөл, хуваагдлын үрийг тарьсан эцэг, хүүгийн сагсуурал л жинхэнэ урвалт.

Баталгаа нь, МАК Монголын газрын хэвлийн хамгийн их баялагтай байршлуудад 34 лицензтэй. Түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл тэд эзэмшилдээ авчээ. Монголын төр, ард түмний амьдрал, оршихуйн стратеги гэж байдаг л юм бол тэнд санхүү, эдийн засгийн эх үүсвэрүүдийн нэг болж тодорхойлогдсон 15 орд газрын нэг Цагаан суварга руу улайрсан эцэг, хүүгийн түүхээр цахим мэдээллийн бааз хахаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 1965-1967 онд эрэл үнэлгээ, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуул хийгдэн ашиглагдахад бэлэн болсон стратегийн орд Цагаан суварга 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэртэй, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Цагаан суваргыг МАК хэрхэн гартаа оруулсан, ямар арга замаар стратегийнх болгосныг экс Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн гуншинг Б.Нямтайшир өөртөө зүүж явсан цаг хугацаатай заавал хамааруулах ёстой. Бүх намд мөнгө төлдөг, бүх Ерөнхийлөгчийг хооллодог эрээ цээргүй, ой гутам баримтууд МАК-ынх. Судлаачдын гаргасан дүнгээр МАК хэдэн зуун сая ам.долларын татварыг төрөөс зувчуулсан гэцгээдэг.

ХАРАМСАЛТАЙ НЬ, ТЭР БАЯЛАГ АВЛИГА, ЗУГАА ЦЭНГЭЛИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ ХЭРЭГСЭЛ ҮҮ?

Хамтран ажиллаж байсан Мунзуй хочит Нямдоржийн хууль хяналтын байгууллагад гаргасан гомдлыг үнэн гэж үзээд ял өгвөл Н.Номтойбаярын үйлдсэн хэрэгт 111 жил болно гэх. Тэрээр гэрчлэхдээ Тэрэлжийн Мэлхий хад орчим дахь газрын нь хугацаа хэтэрч, хураагдахад тулахад 150 мянган ам.доллараар холбогдох албаныхныг авлигаджээ. Нарийн сухайтын Төмөр зам барихтай холбоотой тогтоол гаргуулахын тулд 50 мянган ам.доллар, “Chi­vas-21” вискитэй оруулсан. Дорнодын Баянтүмэн суманд тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр МАК-ынхаа дэд ерөнхийлөгч Ц-оор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр өгч. Дорнодын Адуунчулууны ордтой холбоотой тогтоол гаргуулахаар шүүхийн бүрэлдэхүүнд 100 мянган ам.доллар хуваан зарцуулжээ. Автомашины гаалийн бичиг дээр үйлдвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татвараас зугтдаг. Сингапур руу нууцаар алт гаргадаг байсныг нь гэрчлэх Б-гийн сүрдүүлэгтэй тулгарангуут хорт хорондоо гэгчээр 9911-тэй дугаар, “Соната-6” машин, амьдарч байсан таван өрөө байрыг нь үлдээжээ. Ингэж МАК Монголыг хууль дүрэмгүй болгодог бол иргэний бүртгэлийн хайлтаар Н.Номтбаяр, Н.Номтойбаяр гэсэн хоёр паспорттой нэг хүн болох Б.Нямтайширын идэр хунтайж өөрийнхөө үйлдсэн юуг яаж янзалж явдаг тухай Мунзуй, Б.Батзориг нарын баримтуудыг унших бүр ч зовлонтой. Чикаго хотын бааранд бусдыг хутгалсан хунтайжийг алсын АНУ л эрхлүүлээд байв гэж, гэм бурууг нь тогтоон яллажээ. Тийн АНУ-д нэвтрэх эрхээ хасуулсан хунтайж Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбарууштай нь хөнөөсөн. Минжийн хангайгаас агнасан буга, хандгай, баавгай, гахай гээд амьтдын арьс үсээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн нь 2005-2011 оны хооронд. Дандаа нисдэг тэрэг хөлөглөсөн гэх энэ бүхнийг Мунзуй Нямдорж олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд үлдээснийг сэргээн сийрүүллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.. 

Ц.Баатархүү: Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон талаарх мэдээлэл хоёр жилийн өмнөөс гарч эхэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлээд Ц.Сандуйг огцруулах гарын үсгийн НИТХ-ын гишүүд цуглуулж эхлээд байгаа юм.  Энэ талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр 60 тэрбум төгрөгийн асуудалтай нэр холбогдоод байгаа Ц.Сандуйг огцруулах талаар мэдэгдэл хийлээ. 
НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү " 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхүүлэн дэмжсэн, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын удирдах намын зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш, хаацайлж, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлсээр байгаа юм. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-аар НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.  Иймээс энэ удаагийн наймдугаар сарын 31-нд болох хурлаар уг асуудлыг хэлэлцэнэ" гэсэн байна. 

3-5 настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр долоодугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 24-нд дуусна. Харин  өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал нийслэлийн цэцэрлэгүүдэд гурваас таван настай хүүхдүүдийг бүртгэж байна. Та хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбартай нь хамт, хүүхдийн хоёр хувь цээж зураг, эцэг эхийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх шаардлагатай юм байна. 

Аадар борооны улмаас Өвөрхангай аймагт 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн байна

Наймдугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна.

Тухайлбал, наймдугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар  Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогджээ. Мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант  Уул” гэдэг газар усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автжээ . Тус аймгийн “Сэлэнгэ” АЗЗА ХХК-ийн ажилчид ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын хажуугийн хөвөө шороо урссан, автозам сэтэрснийг засварлаж байна.

Наймдугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж  байгаа аж. 

Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см давжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см нэмэгджээ.

Мөн Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа тул дээрх голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment