Өнөөдөр бидний баярын өдөр
Үнэнч нөхрийн минь төрсөн өдөр… гэсэн үгтэй дуу байдагчлан энэ өдөр Монголын Улсын “Ардчилсан” гэх тодотголтой Үндсэн хууль батлагдсан өдөр юм. Үүгээрээ, бидний баярын өдөр байж болох учиртай. Баярлан цэнгэх дуртай даа ингэж хэлсэн хэрэг биш. Бидэнд баяр олон болсон уу гэхээс цөөдөөгүй. Гэхдээ улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон түүхэн өдөр учир тэмдэглэхийг ийн сануулаад байгаа юм. Хүнээр бол нас биеэнд хүрсэн Үндсэн хууль энэ хугацаанд 3 сар гаруй хугацаанд 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан ажиллаж, идэвх зүтгэл гаргасаны үр дүнд Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй юм.
Ингээд өнөөдөр болсон зарим үйл явдлын хураангуйгаар “Монгол нэг өдөр” тоймын булангаа эхлүүлж байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 24 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
- Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
- Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор И.Дашнямын бүтээлд олголоо.
- Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б. Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. Бурмаа нар оролцлоо.
- НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын сугалааны эхний азтан 17-нд тодорно гэж Гааль татварын ерөнхий газраас мэдээллээ.
- Монголын усны ассиоциаци, Антрактид судлалын нийгэмлэг хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Манай хуудаснаа
- Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг худлаа хэлж айлын унага тамганы найранд аваачсан улмаар хүчирхийлсэн хэрэг нийгмийг цочироогоод байгаа. Өнгөрсөн сард хохирогч бүсгүйн ар гэрийнхэн ард түмнээс хагалгаанд шаардлагатай мөнгөн тусламж гуйсан. УИХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийн болоцоогоороо туслаж дэмжсээр байгаа аж. Гэхдээ хохирогч бүсгүйн ар гэрийнхэн Төв аймгийн иргэдийн төлөөлж их хуралд сууж буй МАН-ын хоёр гишүүнд ханджээ. Гэвч МАН-ын дарга М.Энхболд , Су.Батболд нар хохирогч бүсгүйд тусламж үзүүлэх битгий хэл хүн ч гэж тоогоогүй байна. Энэ талаар манай сэтгүүлч хөндөж бичжээ.
- Олны анхаарал татсан хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нэрээр олон нийтийн хараанаас холдож, улмаар мартдаг. Хааяа нэг санаж, лавлахад мөрдөн байцаалт дуусаагүй байгаа, шалгаж байгаа гэхээс өөрийг хэлэхгүй байсаар ноцтой хэргүүд замхардаг тохиолдол бишгүй бий. Тэгвэл зайлшгүй шалгах шаардлагатай, үнэн мөнийг нь даруй олох хэрэгтэй хэргүүд юу болов. Л.Болормаа агсаны хэргийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
- “Сонгуулийн маргааш Хүүхдийн мөнгийг олгох уу?” энэ сэдвийг манай сэтгүүлч өнөөдөр хөндлөө. Учир нь 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл зурагт, хөргөгч, угаалын машинтай айлын хүүхдүүдэд өгөхгүй хэмээн аавын хүүхдийг алаг үзсэн шийдвэр гаргасан нь нийгэмд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч улс төрчид шийдвэрээ эргэн харахад хүргэсэн юм. Гэвч тэд нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрч магадгүй нь. Сангийн сайд Б.Болор энэ талаар “Төсвийн тодотгол хийж таарна. Гэхдээ 8 сар хүртэл хүүхдийн мөнгийг бүтэн олгоод явах боломжтой” хэмээн мэдэгджээ... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу
Өнөөдрийн анхаарал татсан мэдээллүүдээс хүргэе
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болоод байсан ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсанаар бүх хүүхдэд олгохоор болсон билээ. Тэгвэл хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөг буурах бололтой. Учир нь энэ оны төсөв дээр хүүхдийн мөнгө гэж 144 тэрбум төгрөг суулгажээ. Үүнийгээ төсөвт тодотгол хийлгүйгээр шийдвэрлэхээр тохиролцвол энэхүү мөнгөө бүх хүүхдүүдээ хувааж өгөх талаар УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэллээ. Энэ нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын тооцоогоор хүүхэд бүрт 12 мянга орчим төгрөг оногдож байгаа аж.
- Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Г.Шийлэгдамбыг Эрүүийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
- Сар шинийн баяраас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг олгох эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний газраас тодруулахад “Одонтой ээжүүдийн мөнгө журмынхаа дагуу тухайн жилийн нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 8-наас өмнө олгогдсон байх ёстой байдаг. Улсын төсвөөс санхүүждэг учраас төсвийн бүтэц гол нөлөө үзүүлдэг. Урд жилүүдэд Цагаан сарын өмнө олгодог байсан. Энэ жил хэзээ олгохыг шийдээгүй байна. Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд буюу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх жилд 200.000 төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд буюу 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол жилд 100.000 төгрөг авдаг. Мөн тэгээс гурван настайд нь хүүхэд үрчилж аваад, хүүхдийн тоо дөрвөөс дээш байвал одонтой эхчүүдийн халамжинд хамрагдаж болно” гэлээ.
- Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Каримд хууль бусаар идлэг шонхор барьсан хэргээр захиргааны шийтгэл оногдуулсан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан мэдэгдлээ. Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхор тэжээж байсны 31 нь зөвшөөрөлгүй байсан юм. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан Абдул Каримд захиргааны шийтгэл оногдуулжээ. Улмаар зөвшөөрөлгүйгээр барьсан 31 шонхрыг НМХГ, Байгаль орчны яам зэрэг хяналтын дор байгальд нь тавьсан байна.
- Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг оны өмнө гарсан билээ. Охиныг нэгэн бүсгүй олж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Харин ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжжээ. Охины биеийн хүнд хэвээр байгаа бөгөөд түүнийг хаяад явсан ээж нь эмнэлэгт сахиж, асарч байгаа аж. Охинд шаадлагатай эм тариа, эмчилгээг эмнэлгийн зүгээс хийж байгаа юм байна.
- НМХГ-аас он гарсаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно агнасан байсныг илрүүлжээ. Түүний нийслэлд оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанаас илрүүлэн хураан авсан ба 6,900,000 төгрөгийн нөхөн төлбөр тооцжээ. Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосон байдаг ба зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнаж барьж болдог байна.
- Гааль, татварын Ерөнхий газраас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын урамшуулалд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Одоогоор 1,500,000 сугалаа бүртгэгджээ. Анхны сугалааны тохирлыг орон даяар энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж, МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулахаар тогтжээ. Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой юм байна. Хонжворыг сүүлийн орноос эхлэн тодруулах бөгөөд сүүлийн гурван орон нь таарсан иргэн 20,000 төгрөг, дөрвөн орон нь таарвал 100,000 төгрөг гэх мэтээр урамшуулал нэмэгдсээр найман орон болон үсэг нь таарсан иргэн 100,000,000 төгрөг хожих аж.
Өнөөдрийн анхааруулга:
Идэр гурван есийн хүйтэн ид дундаа үргэлжилж байна. Ойрын хэдэн жилд гурав, дөрвөн есөд ч төдий л хүйтрээгүй. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас давж хүйтэрч байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд ихэнх нутгаар хүйтэрчээ. Нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт л гэхэд шөнөдөө 35 хэм хүйтэрч, Яармаг, Сонгинын орчимд 40 хэм хүртэл хүйтэрснийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Тэгвэл ирэх бямба гаригаас эхэлж хүйтний эрч нэмэгдэнэ гэдгийг албаныхан анхааруулсаар байна. Тодруулбал энэ сарын 16-аас 23-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө - 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр, сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх нам даралтын зуухаар галладаг аж ахуй нэгж иргэд нүүрсний нөөц бэлтгэх зэрэг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Нийслэл хотын ойр орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд, малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж малаа аль болохоор ойр бэлчээх дулаан хувцаслах, нийслэлийн иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Ийнхүү үйл явдлаар дүүрэн түүхэн өдөр шувтарч байна. “Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг амьдар” гэх үгийг сүүлийн үеийн залуус амьдралынхаа чиг шугам болгожээ. Юм болгоныг маргааш гэж хойш тавилгүйгээр өнөөдөр л сурч, өнөөдөр л мэдэж авбал таны маргааш үргэлж өөдрөг байх болно гэдэгт итгэлтэй байна.
Таны маргаашийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье.