8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Израйл улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж, МАН-ын УЗ хуралдсан өдөр

2017-09-13 18:40:00

Төр мөнх орших талаар түүхэн гавьяат хүмүүсийн захиж үлдээсэн үгс цөөнгүй. Их эзэн Чингис хаан “Алд бие минь алжаавал алжаатугай, Ахуй төр минь бүү алжаатугай" хэмээн зарлигдсан бол Манжын дарлалын эсрэг цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжав нэгэнтээ “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн хэлсэн байдаг. 
Ахуй төр амгалан бол
Айл гэр амгалан
Айл гэр амгалан бол
Алд бие амгалан гэсэн ч үг бий. Өвөг дээдэс минь ийнхүү үр хойч захиж үлдээсэн байдаг. Гэвч харамсалтай нь өнөөдрийн эрх баригчид төрийг худалдаж, зөвхөн зоосны нүхээр харж байна. Өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн эх орон минь монголын төлөө цохилох зүрхтэй, хоёр сэтгэлээр ажиллах төрийн хүнийг үгүйлж байна. "Гартаа цустай, тархиндаа устай хүн төр барьдаггүй” юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Тамгаггүй төр” жүжигтээ өгүүлсэн байдаг.
Тэгвэл нэр, гар цэвэр улс төрчидийг монголын ард түмэн өгүүлж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тун удахгүй тодорно. 30 дахь Ерөнхий сайд хэн байхаас шалтгаалж монголын ирээдүй, үр хойчийн ирээдүйн амьдрал шийдэгдэнэ. Миний Монгол мөнх оршиг гэсэн гэгээн сайхан үгээр өнөөдрийн
Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

МАНАН ялах уу, МАНайх ялах уу

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явдал одоо ч олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Энэ яриа магадгүй дараагийн Засгийн газрын “тоолуур” албан ёсоор гүйж эхэлснээр түр намжиж мэдэх юм. Иргэдийн зарим нь Засгийн газрыг огцруулсаныг буруушаан “Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Албан тушаал, эрх мэдлийн төлөө Засгийн газраа “тонгорлоо”. МАН-ынхан унах нүхээ өөрсдөө ухав” гэх зэргээр өөр хоорондоо жив жув ярьж эхэлсэн. Харин нөгөө хэсэг нь “Ажил хийж гийгүүлээгүй Засгийн газрыг эртхэн огцруулах нь зөв. Энэ үйл явдлаар дамжуулан М.Энхболдын нөлөөнд ХЭТ орсон МАН-ыг цэвэрлэх ёстой” гэнэ. Аливаа зүйл хоёртой талтай. Үүний адилаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон энэ үйлдлийг иргэд төдийгүй улстөрийнхөн хоёр янзаар хүлээн авч бас ойлголж байна.

Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин сөхөгдөж, М.Энхболд ялагдал хүлээсний дараа МАН-ыг шинэчлэх цаг нь болсон гэдгийг харуулсан юм

Зарим нь “үгүй ээ ядаж л 807 тэрбум төгрөгийн концессыг сайд нартаа хуваагаад өгчихөөр чинь огцруулах нь зөв гэж ярих ёстой биз дээ” гэж шууд шулуухан хэлэх хүн ч олон байна. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явц их онцлог, түүхэнд байгаагүй гэхэд хол зөрөхгүй. Гэхдээ нэгэн цагт АН өмнөх Засгийн газруудыг огцруулсанаас нэг зүйлээрээ ялгаатайг бас анзаарахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин сөхөгдөж, М.Энхболд ялагдал хүлээсний дараа МАН-ыг шинэчлэх цаг нь болсон гэдгийг харуулсан юм. Гишүүд олон нийт ч үүнийг соргогоор харж үнэлт дүгнэлт өгч эхэлсэн. Магадгүй МАН-ын гишүүд намаа шинэчлэх ёстой гэдгийг үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн нь энэ цаг үе байж мэдэх юм. Тиймээс л сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг намын шинэчлэл ярьж эхлэхэд нь олон хүн алга ташиж дэмжсэн бизТөрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргээс болж шалбаагтай холилдсон нэр хүндээ өндийлгөх ганц гарц нь намын шинэчлэл яахын аргагүй мөнөөсөө мөн. Тийм ч учраас муу нэр, муухай хочийг намдаа зүүлгэсэн хэргийн эзэдтэй хариуцлага ярих нь хийх ёстой эхний ажил байсан. Хэргийн эздийн нэг М.Энхболд намын даргын албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн. Хэдийгээр М.Энхболд намын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн ч өөрийнхөө хүнд шилжүүлэх нь тодорхой байлаа.  Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад намын даргын суудал шилжихээр байв. Тэр тохиолдолд нам шинэчлэгдэх асуудал хий, хоосон зүйл болно. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг М.Энхболдын “хөшигний” цаадах найруулга л МАН-д үргэлжилнэ гэсэн үг. Товчхондоо М.Энхболдын ажиллагаа Ж.Эрдэнэбатаар дамжина. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд М.Энхболдын ойрын хүн гэгдэх бөгөөд өнгөрсөн хугацаанд намын даргынхаа үгээр өөрийн толгойгүй мэт ажиллаж ирсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Фото сурвалжлага: "БАЛДОРЖ-2017"

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах Балдорж шагнал гардуулах ёслол өчигдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрсөн.  “Балдорж” шагналын энэ жилийн  гранприг 'Үндэсний шуудан' сонины сэтгүүлч Б.Энхмарт 'Нулимстай бөхөн' нийтлэлээрээ хүртсэн юм. Ингээд энэ жилийн “Балдорж” шагнал гардуулах ёслолын фото сурвалжлагыг хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

ТЭЦ IV”-ийн под станцад гарсан галыг бүрэн унтраажээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллан 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол 13:10 цагт бүрэн унтраалаа.  Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын  хамтарсан үзлэг шалгалтын дараа тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

С.Эрдэнэ: Бид ямар ч Засгийн газар байгуулагдсан шинэ Засагт хамтрахгүй

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ  “Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Ерөнхий сайдаа хурдан томилж одоогийн Ерөнхий сайдаар ажил хийлгэх шаардлагагүй" хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. УИХ-ын дарга хуулиараа Засгийн газар огцорсны дараагаар шууд үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж тайлбарласан. Энэ талаар?

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнтэйг бид мэднэ. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм.  Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх ёстой.

 -Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдаа хурдан томилж одоогийн Ерөнхий сайдаар ажил хийлгэх шаардлагагүй хэмээн үзэж байгааХуулийн хугацаандаа томилно гэх асуудлыг эрх баригч нам яривал яах вэ?

-Хэрвээ 30 хоногийн хугацаагаа хүлээнэ гэвэл цас орчих байлгүй дээ. Цас орно гэдэг бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд зогсоно. Асуудлууд хүндэрнэ гэсэн үг. Тийм болтол нь явуулна гэдэг энэ эрх баригч намын хариуцлагагүй үйлдэл болно. Бид ямар ч Засгийн газар байгуулагдсан шинэ Засагт хамтрахгүй. МАН эхний ээлжинд дотоод асуудлаа яаралтай шийдэж, дараагийн Ерөнхий сайдаа томилох хэрэгтэй.

-Эрдэнэтийн 49 хувь давж заалдах шатны шүүх дээр очоод анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр “Монголын зэс” корпорацийн талд гарсан байна. УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг үү?

-Бид олон удаа анхааруулж хэлсэн. Шүүх хуулийн байгууллага асуудлыг тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн шийдвэр гаргах нь туйлын буруу. УИХ бол мөрдөн шалгах байгууллага биш, хууль тогтоох байгууллага. Гэтэл эрх мэдлийн хүрээндээ холбогдох хуулийн байгууллагад нь шийдвэр өгөөд, ном журмынх нь дагуу шийдвэр гаргасан бол өөр. Гэтэл олон түмний өмнө мундаг дүртэйгээр шийдвэр гаргасан нь өнөөдөр шүүх дээр унаж байна. Нэгэнт шийдвэр гаргасан улс төрчид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хатгалгааны вакцин хийж байна

Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж байна. Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох аж. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх аж.

ТАНИЛЦ: Шинэ загварын IPhone 8 болон IPhone 8 Plus

Шинэ загварын IPhone-ий захиалгыг хоёр хоногийн дараа авч эхэлнэ

Энэ  сарын 12-нд болсон iPhone-ийн үйл ажиллагааны үеэр Apple iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X зэрэг шинэ гар утаснуудаа танилцуулав. IPhone X нь өндөр зэрэглэлийн шинэ A11 чиптэй, харин iPhone 8 iPhone 8 Plus нь зарим томоохон сайжруулалтуудтай зарлагдлаа. IPhone X шиг  iPhone 8 болон iPhone 8 Plus нь бүрэн шилэн дизайнтай бөгөөд шинэ хөнгөн цагаан рамтай шилэн дэлгэцийг Space Grey, Gold, and Silver гэх хувилбаруудад байрлуулжээ. Apple нарийн болон өнгөнд нь долоон давхаргын өнгөт процессорыг ашигласан байна. Энэхүү дэлгэц нь ухаалаг утас нь дээр ашиглаж байсан хамгийн бат бөх шил аж.  Шилний загвараас гадна хоёр шинэ төхөөрөмж болох IPhone 8 (4.7 инч) IPhone 8 Plus (5.5 инч) нь өмнөх iPhone 7 болон IPhone 7 Plus-ийн ID Touch ба ерөнхий дизайнаа хадгалжээ. Уг хоёр төхөөрөмж IP67 гэх ус, тоосны хамгаалалттай бөгөөд өмнөх IPhone-ний speaker-ээс 25 хувь чанга  илүү гүнзгий басстай speaker-ээр тоноглогджээ. True Retone-ийн дэмжлэгтэй шинэ Retina HD дэлгэцүүд нь хэрэглэгчийн орчинд тохируулан дэлгэцийн өнгийг гэрэлтэй нийцүүлдэг байна .Энэхүү дэлгэц нь iPhone 7-гийн дэлгэцтэй адил гэгээтэй,  киноны стандарт өргөн өнгөт сувгийг санал болгодог.

Шинэ A11: Bionic чип нь 6-н цөмт CPU дизайн ба үйл гүйцэтгэлийн хоёр цөм нь 25 хувь хурдан.  Дөрвөн үеийн хүч чадлын цөм нь өмнөх үеийн A10 Fusion чипээс 70 хувиар илүү хурдан аж. . Apple олон үйлдэлийг нэгэн зэрэг хийх хурдыг 70 хувиар хурдасгах чадвартай 6-н цөмтөй GPU-г бүрэн ашиглаж чадах хоёрдугаар үеийн гүйцэтгэлийн удирдлагыг танилцуулжээ.  A11 Bionic нь өмнөх үеийн GPU-ээс 30 хувь хурдан байдаг гурван цөмт GPU-г агуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Израйл улсын зургаан иргэнийг аврах эрлийн баг замдаа гарлаа

 

Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна. Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км юм байна.

Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад, Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна гэлээ.Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна. 

 

Говь-Алтай аймаг өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 36 мэргэжлийн анги, 29 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар гурван шат, зургаан үетэйгээр ажиллах юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.

Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, мал, амьтны гоц халдварт өвчин, зуд, хүчтэй цасан шуурганы  үед нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллах юм байна. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын ”ялтай байдал” дуусгавар боллоо

МАХН-ын дарга Н.Энхбаярын "ялтай байдал" дуусгавар болжээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн цагаас Н.Энхбаярын "ялтай байдал" дуусгавар болсон байна. Учир нь шинэ Эрүүгийн хуулиар "ялтай байдал" гэдэг зүйлийг бүрэн мөсөн авч хаяжээ. 

Ялтай байдал гэдэг нь ял эдэлж дууссанаас хойш 5, 8 жил гээд тодорхой хугацаанд ялтайд тооцох хугацаа юм. Харин ялын хугацаа гэдэг нь оноосон ялыг нь хэлж байгаагаараа ялгаатай.

ОУВС-гаас манай улсад оруулах санхүүжилтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх  байсан байна. Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгджээ.  

Учир нь  шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа гэнэ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

           

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл